АЙЧИ НАГОЯ 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ пара наадмын аварга боллоо
Япон Улсад үргэлжилж байгаа Азийн пара наадмын хоёр дахь өдөр Монголын шигшээ баг гурван алтан медальтай боллоо. Өчигдөр Хөдөлмөрийн баатар С.Уламбаяр алтан медаль хүртсэн бол өнөөдөр жүдогийн төрлөөр Л.Туруунаа, таеквондогоор Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ нар аваргалав.
Эрэгтэйчүүдийн K44 ангиллын 63 кг-ын жинд хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ Казахстан, Ираны тамирчдыг илт илүүрхээд шигшээд Узбекистаны Кудражон Хайдаровтой тулсан юм.
Эхний үед узбек эр хоёр оноогоор илүүрхсэн бол сүүлийн хоёр үед манай тамирчин давамгайлснаар өрсөлдөгчөө 2:1-ээр яллаа.
Ингэснээр паралимпын мөнгө, дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ пара наадмын хошой аварга болж буй юм.
Одоогийн байдлаар БНХАУ-ын баг 70 алт, 44 мөнгө, 34 хүрлээр медалийн чансааг тэргүүлж байгаа бол Узбекистан 17 алт, 21 мөнгө, 18 хүрэл, Япон 16 алт, 20 мөнгө, 27 хүрэлтэй удаалж буй.
Харин гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа Монгол Улсын шигшээ баг медалийн чансаагаар арван нэгдүгээрт жагсаж байна.Нийт 17 улс дор хаяж нэг алтан медаль хүртсэн бол 28 орон ямар нэгэн медаль зүүжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
