Зураг
Зураг

Нью-Мексико мужид нэрээ “Нью-Америк” болгон өөрчлөхийг Трамп уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нью-Мексико мужийг нэрээ “Нью-Америк" болгон өөрчлөхийг Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уриалжээ.

​​Энэ нь түүний өөрийн улс төрийн зорилгод нийцүүлэн газарзүйн нэршлийг өөрчлөх гэсэн оролдлогуудын сүүлийн жишээ болж байна.

Канзас муж улсад болох сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцохоор Цагаан ордноос хөдлөхийнхөө өмнөхөн Трамп сошиал хуудсандаа "Нью-Мексико нэрээ даруй ‘Нью- Америк' болгон өөрчлөх хэрэгтэй. Бид Мексик биш, бид бол Америкийн Нэгдсэн Улс!" хэмээн бичжээ.

Түүний энэхүү мэдэгдэл нь Бүгд Найрамдах нам арваннэгдүгээр сард болох сонгуулиар Конгресс дахь олонхын байр сууриа хадгалж үлдэх эсэхдээ санаа зовж буй цаг үетэй давхцаж байна.

Нью-Мексико бол 2024 оны сонгуулиар Трамп 6 хувийн саналын зөрүүгээр ялагдсан Ардчилсан Намын талыг баримтлагч муж юм.

Трамп нэрээ өөрчилснөөр тус мужид "орон сууцны үнэ болон иргэдийн орлого өснө" гэж мэдэгдсэн боловч үүнийгээ нотлох ямар ч баримт дурдаагүй байна.

Тэрбээр мөн сонгуулийг луйвардсан гэх үндэслэлгүй мэдэгдлээ давтаж, "Нью-Мексикогийн алдартай 'луйврын сонгуулиуд' хүртэл эргээд шударга болох юм билүү хэн мэдлээ!" хэмээн нэмж бичжээ.

Трамп өмнө нь ч Нью-Мексико мужийн нэрийг өөрчлөх санааг цухуйлгаж байсан ч энэ удаагийнх шиг ийм нухацтай ярьж байгаагүй юм.

Есдүгээр сард тэрбээр сошиал сүлжээнд тус мужийн газрын зургийг нийтлэхдээ "Мексик" гэсэн үгийг дарж, доор нь "Америк" гэж бичсэн байв. Энэхүү зургийг тэр Цагаан ордны X сүлжээн дэх албан ёсны хаягаар мөн хуваалцсан байдаг.

Трамп өмнө нь Канад улстай үргэлжилж буй худалдааны дайны үеэр буюу наймдугаар сард Онтарио нуурын нэрийг "Америк нуур" (Lake America) болгон өөрчлөх тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж байв. Өнгөрсөн жил тэрбээр үүнтэй ижил алхам хийж, Мексикийн булангийн нэрийг "Америкийн булан" (Gulf of America) болгон өөрчлөхийг оролдож байсан. Мөн тэрбээр Ормузын хоолойг "Трампын хоолой" (Trump Strait) гэж нэрлэх саналыг хэд хэдэн удаа дэвшүүлж байжээ.

Гэхдээ Трамп "Газарзүйн Нэршлийн Мэдээллийн Систем"-д бүртгэлтэй гол ус, нуур зэрэг газарзүйн объектуудын нэрийг өөрчлөх эрх мэдэлтэй хэдий ч мужуудын нэрийг хуулийн дагуу өөрчлөх үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэлгүй юм. Ийм өөрчлөлтийг тухайн муж дотооддоо шийдвэрлэх шаардлагатай байдаг.

АНУ-ын Индианчуудын хэрэг эрхлэх товчооноос (Bureau of Indian Affairs) гаргасан мужуудын нэршлийн гарал үүслийн талаарх баримтад дурдсанаар Нью-Мексико мужийн нэр нь АНУ байгуулагдахаас ч өмнө буюу 16 дугаар зуунд үүссэн түүхтэй ажээ.

 

Эх сурвалж: CNN