Эквадорын католик сүмд болсон мөргөлийн үеэр санваартан загалмайд дарагдаж үхсэн осол гарчээ
Эквадор улсын нэгэн католик сүмд санваартан мөргөлийн ёслол үйлдэж, түүнийг нь онлайн орчинд шууд дамжуулж байх үед дээрээс нь загалмай унасны улмаас дарагдаж, амиа алдсан осол гарчээ.
Даваа гарагт тус улсын Гуаякил хотын сүм хийдийн захиргаанаас Фэйсбүүк хуудсандаа гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Патрисио Альфредо Санчес Молинари гэгч лам ийм ослын улмаас Бямба гарагт "Перпетуо Сокорро" сүмд таалал төгссөн байна.
Мөргөлийн ёслолыг удирдаж байсан Санчесын толгой дээр түүний арын хананд байрлуулсан том модон загалмай унаж байгааг шууд дамжуулалтын бичлэг харуулжээ.
Энэ үеэр сүмд цугларсан хүмүүсийн хашхирах чимээ сонсогдож, хэд хэдэн хүн Санчес руу яаран гүйж очиж байгаа нь бичлэгт бас үлдсэн байна.
Ням гарагт тус сүмд Гуаякил хотын кардинал Луис Кабрерагийн удирдлага дор талийгаач Санчесын гэгээн дурсгалд зориулсан мөргөл зохион байгуулагджээ.
"Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн үгс илгээсэн сүсэгтнүүдэд, ялангуяа Патрисио Санчесын сүнсийг мөнхийн амгалан нойрсуулахын төлөө залбирч буй та бүхэндээ бид талархаж байна" гэж сүмийн захиргааны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр уг эмгэнэлт үйл явдал Санчесыг хуримын ёслол удирдахаар бэлтгэж байх үед тохиожээ.
Эквадорын цагдаагийн байгууллага одоогоор уг хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
