"Гэрийнхээ цахилгаан хэрэглээг цахимаар хянаж, удирдах боломжтой ухаалаг тоолуурыг суурилуулж байна"

М.Батчимэг, ikon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Айл өрхийн цахилгааны хэрэглээг бодит хугацаанд хэмжиж, мэдээлэх боломжтой орчин үеийн дижитал төхөөрөмж болох "Ухаалаг тоолуур"-ыг  2023 оноос хойш үе шаттайгаар суулгаж одоогийн байдлаар 333,000 тоолуурыг суурилуулаад байгаа ба 2026 онд 228,051 тоолуурыг суурилуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Уг ухаалаг тоолуурын систем хэрхэн ажилладаг талаар өнөөдөр "Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ" өдөрлөгийн үеэр холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө. 

  1. Ухаалаг тоолуур: Өгөгдлийг найдвартайгаар төв систем рүү дамжуулна. 
  2. Концентратор: Тоолуураас цугларсан өгөгдлийг нэгтгэн, үүрэн сүлжээгээр дамжуулан ухаалаг тоолуурын системд илгээнэ. 
  3. HES болон MDM систем:  Тоолуурын заалт цуглуулж, өгөгдлийг хадгалан боловсруулж шинжлэх болон удирдах бусад системтэй интеграц хийнэ.  
  4. Гэрэл систем: Борлуулалтын нэгдсэн системээр тоолуурын заалтыг нэгтгэн, төлбөр тооцоог боловсруулах, цахилгаан хангамжийг таслах, залгах үйлдлийг гүйцэтгэнэ. 
  5. Цахим сувгууд: "Цахилгаан хэрэглэгч" апп болон mytog.mn вэб сайтаар дамжуулан хэрэглээгээ хаанаас ч бодит цаг хугацаанд хянах боломжтой.
Гэрийнхээ цахилгаан хэрэглээг Цахимаар хянаж, удирдах боломжтой 
  • Тоолуурын заалтыг хүний хүчин зүйлээс хамааралгүйгээр зайнаас алдаагүй, автоматаар авснаар хэрэглэгчдэд төлбөр тооцооны төөрөгдөлгүй үүсэхгүй аж. 
  • Хэрэглэгч хаанаас ч өөрийн гэр, зуслан, ажлын байрны цахилгааны төлбөр, хэрэглээний графикаа бодит цаг хугацаанд нь хянаж, төлбөрөө цахимаар шууд төлөх боломжтой юм байна. 
  • Түүнчлэн төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан цахилгааны хязгаарлуулсан бол төлбөрөө төлсөн даруйд автоматаар цахилгааныг сэргээдэг нь цаг хугацааг хэмнэх давуу талтай байна. 
галын эрсдэл, гэмтлээс сэргийлнэ 
  • Сүлжээнд хэт хүчдэл болон хүчдэлийн уналтын үед ухаалаг тоолуурын шуурхай хамгаалалт ажиллаж хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг гэмтлээс хамгаална. 
  • Тоолуур нь дотоод температур болон холболтын утасны халалт, дотор монтаж муудсанаас эсвэл хэт ачааллаас шалтгаалан галын эрдэл үүсэх нөхцөл бүрдвэл систем автоматаар дохио өгч, цахилгаан хангамжийг хязгаарлан аюулаас урьдчилан сэргийлнэ. 
  • Цахилгаан сүлжээнд богино холболт үүсэх, эсвэл хүн, амьтан цахилгаанд өртөх эрсдэлтэй үед тоолуур нь гүйдлийн алдагдлыг илрүүлж, цахилгаан хангамжийг шуурхай таслан аюулаас хамгаална. 
Үр ашиггүй цахилгааны зардлаа бууруулах боломжтой 
  • Хэрэглэгч өндөр хэрэглээтэй төхөөрөмжүүдээ шөнийн хямд тарифтай цаг руу шилжүүлснээр төлбөрөө 20-40% хэмнэх боломжтой. 
  • Хэрэглэгч гар утасны программаар цахилгааны хэрэглээгээ бодит хугацаанд хянаж, шаардлагагүй үед төхөөрөмжүүдээ салгаснаар үр ашиггүй зардлыг бууруулж, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 30 хүртэл хувиар хэмнэх боломжтой. 
  • Картын эсвэл аппликэйшний цэнэглэлтийн системд шилжсэнээр хэрэглэгч тухайн сард цахилгаандаа хэдэн төгрөг зарцуулахаа өөрөө төлөвлөж, санхүүгээ хянах боломж бүрдэнэ. 
Илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх боломжтой 
  • Хэрэглэгчид илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх боломж олгоно. 
  • Ухаалаг тоолуурын өгөгдлийг хэрэглээний автоматжуулалтын системтэй уялдуулан эрчим хүчний хэрэглээг ухаалгаар удирдах боломж бүрдэнэ. 

Ухаалаг тоолуур суурилуулсны дараа хэрэглэгчид юунд анхаарах вэ? 

  • Гар утасны программыг тогтмол шалгах: Сар бүрийн төлбөрийн нэхэмжлэл хүлээхгүйгээр хэрэглээгээ тогтмол хянаж, хамгийн их эрчим хүч хэрэглэж буй өдөр, цагийг тодорхойлох боломжтой. 
  • Ачааллаа зохицуулах: Хэрэглээний мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, өндөр чадалтай цахилгаан хэрэгслүүдийн хэрэглээг шөнийн хямд тарифтай цагт шилжүүлээрэй. 
  • Дохиолол, алдааны кодыг харах: Тоолуурын дэлгэц болон гар утасны программд гарч буй анхааруулга, алдааны кодыг тогтмол шалгаж хэвших. Алдааны код илэрсэн тохиолдолд цахилгааны дотоод сүлжээ, монтаж, тоног төхөөрөмжийн ажиллагаанд гэмтэл илрэх, сүлжээний хүчдэлийн ихсэлт үүссэнийг илтгэж болох тул мэргэжлийн байгууллагад хандаж шалгуулж, гэмтлийг цаг тухайд нь арилгах шаардлагатай.