О.Цогтгэрэл: Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулна. Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой болсон
Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдад тавьсан шаардлагынхаа талаар хэлэлцжээ.
Тодруулбал хоёр долоо хоногийн өмнө Батлан хамгаалах салбарт гарсан хүний амь настай холбоотой асуудлаар Д.Батлут сайдад хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байв.
Энэ талаар УИХ-ын дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Д.Батлут сайдад хариуцлага тооц гэхэд хариулт ирүүлээгүй. Энэ нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлголоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр гишүүд байр сууриа нэгтгэсэн.
Хэрэв албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана.
Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ. Үүнтэй холбоотой шийдэх ёстой олон асуудал гарна. Нэгт эрдэнэт хүмүүний амь нас яригдаж буй болохоор улс төрийн акц биш. Хоёрт Ерөнхий сайдын асуудлыг ярихаас өмнө асуудлыг томоор харах ёстой. Улс орны эдийн засаг, ард иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ, үнийн өсөлт давхар оронтой тоонд орж эхэллээ. Улсын төсвийн орлого, татвар гэх мэт олон асуудалд Засгийн газар хариуцлага хүлээж дүгнэлт хүлээх ёстой.
Засгийн газар ажиллаад 80 гаруй хонож байна. Энэ хугацаанд эрх баригч намын Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой боллоо. Ямар ажил хийнэ гэж та бүхэнд төсөв төлөвлөгөө танилцуулав, та нар байтугай бид анзаарсангүй. Тиймээс ирэх хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын хариуцаж буй салбарт ямар нэгэн өсөлт хөгжил байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Энэ нь Засгийн газраас хүлээх хүлээлт байхгүй болсон нэг үндэслэл юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм эдийн засагт тулгамдсан ямар хуулийг хэлэлцсэн бэ гэдэг асуудал тавивал байхгүй. Хоёр жилийн хугацаанд төсвийг таван удаа тодотгож, гурван удаа Засгийн газар бүрдүүлж баахан томилгоо хийсэн. Үндсэндээ бодлогын яамд эдийн засгийн ирээдүйн дүр төрхийг харж чадахгүй байна, 2-3 сарын настай төлөвлөлтүүд хийсэн. Ийм л чадавхтай Засгийн газар, эрх баригч хүчин өнгөрсөн хоёр жил засаглалаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

