СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойн хачиг тавдугаар сараас идэвхэждэг тул 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал зугаалгаар явах нь ихсэж буй энэ үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөлөө. 

Манай улсад хачгаар дамждаг гурван төрлийн халдвар бүртгэгддэг байна. 

Тодруулбал

  • халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,
  • халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,
  • хачигт энцефалит гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна.

Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ?

Хачигт боррелиоз

  • Бүх нас, хүйсийн хүмүүс өвчилдөг.
  • Нийт өвчлөгсдийн 7.6%-ийг малчид эзэлдэг.

Хачигт энцефалит

  • Нийт өвчлөгсдийн 73,6%-ийг 20–54 насны иргэд,
  • 67.9%-ийг эрэгтэйчүүд,
  • 9.8%-ийг малчид эзэлдэг.
  • Өвчилсөн нийт хүмүүсийн 2% нас бардаг.

Дээрх хоёр халдвар нь манай орны Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын ойн бүсэд байгалийн голомттой байдаг. Иймээс мал хариулах, самар жимс , халиар, эмийн ургамал түүх, ажил эрхлэх үедээ голомтот ойд иргэд хачигт хазуулж, халдварт өртөх нь бий.

Ойн хачиг нь тавдугаар сарын сүүлчээс идэвхэждэг тул 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг.

Хачгаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Хачигт боррелиоз

  • Голдуу хэвлий, суга, цавь, нурууны зөөлөн арьстай хэсэгт хачиг хазна, шигдэнэ, шарх үүсгэж, үрэвсүүлнэ.
  • Хачиг шигдсэнээс хойш 3-аас дээш хоногийн дараагаас халуурна.
  • Толгой өвдөнө, ядарч, сульдана.
  • Гол шинж нь өвчлөгсдийн 20–30%-д хачиг хазсан хэсэгт нүүмэл улайлт гарна.
  • Цочмог үед эмчилгээ хийлгэхгүй бол архагшина.
  • Үе мөчний архаг үрэвсэл илэрнэ, яг хэврэгшинэ.
  • Саа, саажилт, тэнэгрэл илэрдэг.

Хачигт энцефалит

Хачигт энцефалитын цочмог хэлбэрийн үед:

  • Хачигт хазуулснаас хойш нэгээс дээш хоногийн дараагаас өндөр халуурна, толгой маш хүчтэй өвдөнө, бөөлжинө, цочромтгой болж, гэрлээс гялбана.
  • Нүдэнд хий юм харагдана, дэмийрнэ эсвэл унтаарна, унаж татна.
  • Нүүр эсвэл мөчдийн булчингаар өвдөнө, саажиж, нэг тал нь суларч мэдээгүй болно.
  • Зарим тохиолдолд “арьсан дээр шоргоолж гүйж буй мэт” мэдрэмж төрнө.
  • Гол шинж нь хүзүү, мөр, далны булчингууд саажна.
  • Хөл, гарын талласан, хос эсвэл 4 мөчний саа илэрч, мэдээгүй болно, архагшина.
  • Тэнэгэрнэ, хөдөлмөрийн чадвар 100% алдагдана.

Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  • Ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах
  • Хувцсанд хачиг орвол авч хаях ЭСВЭЛ 10 минут халуунаар үйлчлүүлэх
  • Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авхуулах
  • Ямаа, үхрийн түүхий сүү, мах , цус хэрэглэхгүй байх
  • Тод өнгийн хувцас өмсөж, хачиг наалдсан бол авч хаях
  • Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах
  • Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах
  • Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулах

 

Эх сурвалж: ХӨСҮТ