Трампын засаг захиргаа Чагос арлуудыг Маврики улсаас худалдаж авах гэж байгааг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа Чагос арлуудыг Маврики улсаас худалдаж авах төлөвлөгөө боловсруулж байгаа талаар Их Британийн Телеграф сонин Ням гарагт мэдээлжээ.

Эдгээр арлууд дээр одоо АНУ, Их Британийн агаарын бааз Диего Гарсиа байрладаг юм.

Өөрийн мэдэлд байгаа Чагос арлуудыг үндсэн эзэн нь болох Маврики улсад шилжүүлж өгөх гэрээг Их Британийн ерөнхий сайд Кир Стармер дөрөвдүгээр сард байгуулах гэж байснаа түр хойшлуулаад байгаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хоёрдугаар сард уг гэрээг “маш том алдаа” хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл Трампын засаг захиргаа өөрийн холбоотон Их Британийг оролцуулалгүйгээр Энэтхэгийн далайд байдаг эдгээр арлуудыг Маврики улсаас худалдаж авах хувилбарыг судалж байгаа ажээ.

Телеграфын мэдээ үнэн эсэх талаар тодруулгад Цагаан ордон болон Их Британийн гадаад хэргийн яамны аль аль нь хариу өгөөгүй байна.

Чагос арлуудыг Их Британи улс 1965 онд Маврикийн бүрэлдэхүүнээс салгаж, өөрийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болгосон юм. Үүний дараа жил АНУ-ын агаарын баазыг байрлуулах гэрээг байгуулж байжээ.

Уг гэрээний хугацаа 2036 он хүртэл үргэлжлэх ёстой. Гэвч өнгөрсөн онд Их Британи, Маврики улсууд арлуудын эзэмшлийг шилжүүлж, агаарын баазыг цааш үргэлжлүүлэн түрээсээр ашиглах тохиролцоонд хүрч байв.

 

Эх сурвалж: Reuters