Бруней улсын хэмжээлшгүй эрхтэй султан бага хүүгээ гадаад хэргийн сайдаар томилов
Зүүн Өмнөд Азийн бяцхан хаант улс Брунейн султан Хассанал Болкиах өнгөрсөн долоо хоногт засгийн газрын бүрэлдэхүүнээ шинэчлэхдээ бага хөвгүүдийнхээ нэгийг гадаад хэргийн сайдаар томилжээ.
Султаны 10 дахь хүүхэд, дөрөв дэх хүү болох хунтайж Абдул Матин нь угсаа залгамжлагчдын жагсаалтад хойгуур бичигддэг ч Инстаграм хуудсандаа гурван сая гаруй дагагчтай, хааны гэр бүлийн орчин үеийн төлөөлөл болдог.
79 настай султан өөр нэг бага хүү болох Абдул Маликийг бас засгийн газрын гишүүний албан тушаалд томилсон байна.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нь эрс доройтох болсон султан залгамжлагчдаа бэлдэж байгааг энэ үйл явдал харуулж буй бололтой.
Султан эрүүл мэндийн хэд хэдэн асуудалтай байгаа. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард өвдөгний үе солих мэс засалд орсон бөгөөд энэ он гарснаас хойш олны өмнө ил гарахаа илт багасгасан байна.
Өнгөрсөн онд тэр Малайзын нийслэл Куала Лумпур хотод ASEAN-ий дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ хэт ядарсны улмаас эмнэлэгт хэвтэж байв.
Султаны том хүү, 52 настай Аль-Мухтади Биллах угсаа залгамжлагчдын нэгдүгээрт бичигддэг.
Хассанал Болкиах нь Брунейн газрын тос, байгалийн хийн их баялгийн ачаар нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүн болж байсан удаатай.
Өнөөдөр тэр амьд сэрүүн байгаа дэлхийн хаад язгууртнууд дотроос хамгийн удаан хугацаанд хаанчилж байгаа хүн юм. Хагас сая хүрэхгүй хүн амтай Бруней бол дэлхийн хэмжээлшгүй эрхэт хаант засаглалтай цөөхөн улсуудын нэг.
Султан засгийн газрын шинэчлэлийн талаар зарлахдаа ерөнхий сайд, батлан хамгаалахын сайд, сангийн сайдын албан тушаалуудыг өөрөө үргэлжлүүлэн хашихаа мэдэгджээ.
Энэ удаагийн шинэчлэлээр тэр өөрийн гэр бүлийн нийт дөрвөн гишүүнийг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан байна.
Гадаад хэргийн сайдаар томилогдсон Абдул Матин нь Их Британид цэргийн боловсрол эзэмшсэн, Брунейн армид нисдэг тэрэгний нисгэгчээр ажилладаг.
Түүнийг гадаад хэргийн сайдаар ажиллах хугацаандаа армийн албан тушаалаа давхар хашихыг султан мэдэгджээ. Залуу хунтайж 2024 оны нэгдүгээр сард Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод гэрлэхдээ үлгэрийн мэт хурим зохион байгуулж байсан юм.
Зүүн Өмнөд Азийн Борнео арлын хойд захын хэсэгхэн газарт оршдог Бруней нь Буддизм, Хиндуизмын нөлөөнд байснаа 14 дүгээр зуунд Исламын шашинд орж байв.
19 дүгээр зуунд Их Британийн колони болсон тус улс 1984 онд тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

