Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашины А, Ж, DK, Ү, Г, улаан М, цэнхэр М гэх 7 төрлийн зөвшөөрөл олгогдож байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
https://www.facebook.com/iKonNews/videos/874640239388212/

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийlлээ.

 12-16 машин л морь дагана

Гэрэл зургийг mpa.mn

ОНАБХГ-ын дарга, туслах комиссар Ж.Амгалан"Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих бэлтгэл ажил хийгдэж дууслаа. Өнгөрсөн жилүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлүүдийг харьцуулж үзэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн. 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн нийт 557 алба хаагч, мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.

Нийт уяачид, наадамчин олонд санамж бичгүүдийг тарааж, бэлтгэл ажлыг хангасан байгаа. Энэ жилийн баяр наадмаар морь дагах машинуудыг цөөлөх асуудалд их анхаарсан. 12-16 машин л морь дагана. Мөн морины комиссын ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн түрүү морины хашаа руу олон машин зэрэг оруулахгүй. Бүх түргэний машин, мал эмнэлгийг өртөөчилж өгсөн.

Төв цэнгэлдэх хүрээлэнд мөн арга хэмжээг авсан байгаа. Зөвхөн билеттэй, мандаттай хүнийг л нэвтрүүлнэ. Наадмын үеэр болох бусад арга хэмжээг зохион байгуулалттай ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. 

Мөн онцгой анхааруулах зүйлс байна. Баяр наадмын үеэр амарч байгаа хүмүүс бяцхан үрсээ хамаагүй гол руу явуулахгүй, хараа хяналттай байхыг анхааруулж байна.

Мөн урт амралтын үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа чангатгахыг зөвлөж байна.

Баяр наадмын үеэр хамгийн ихээр хулгайн гэмт хэрэг гардаг. Орон сууцны, халаасны гэх мэт хулгайн гэмт хэргүүд гардаг. Бид бүхэн хяналтын камер зэргийг сайн бэлдсэн. Гэсэн хэдий ч иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ард түмэн сайхан наадаарай" гэв.

Хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зохицуулалт хийгдэнэ

Гэрэл зургийг mpa.mn

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм.

Энэ жил А, Ж, DK, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрөл олгогдож байна.

Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, "Чиг заасан мэдээлэх самбар"-ыг шаардлагатай газруудад байрлуулаад байна. Та бүхэн тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа иргэдийнхээ аюулгүй, ая тухтай байдлыг хангахад чиглүүлдэг. Энэ хүрээнд зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн.

Жишээ нь, Г төрлийн зөвшөөрлийг 2 байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайваны гүүрний зүүн дор байрлах "Усан парк"-ын зогсоол, хоёр дахь нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах "Суруга Монгол" ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан.

Зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтад ихээхэн хүндрэл учруулж, зохиомол түгжрэл саатал бий болох шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

Баяр наадмын нээлт, хаалт болон  Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан шоу тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ.

Баярын өдрүүдэд ФМ 100.1, 100.5, 88.8, 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ" гэв.

 

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд,

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллана. 

“Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “СУРУГА МОНГОЛ" ХХК-ийн талбайд 

“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл: Зөвхөн Хүй 7 худаг явна.

Замын ачааллаас шалтгаалан 07-р сарын 12-ны 07:00-09:00 цагт "Соёолон" насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулна. Морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Төв цэнгэлдэх, Хүй 7 худагт Хэвлэл мэдээллийн ажилтнууддаа зориулсан өрөө бэлдсэн

Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг "Энэ жил 600 хэвлэл мэдээллийн ажилтан Үндэсний их баяр наадмыг сурвалжилахаар мандатаа аваад байна. Мөн гадаадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирж байгаа. Энэ жил найман телевиз наадмыг шууд дамжуулна. МҮОНРТ, ТВ9, ТВ5, NTV, UBS, SPS гэх мэт. Бусад бүх телевизүүд наадмыг сурвалжилах бүрэн эрхтэй.

Өмнө нь баяр наадмын мандатыг Хүй 7, Төв цэнгэлдэх гэж хязгаарладаг байсан. Харин энэ жил энэхүү хязгаарлалтыг больсон. 

Мөн энэ жил Төв цэнгэлдэх, Хүй 7 худагт Хэвлэл мэдээллийн ажилтнууддаа зориулж интернэт сүлжээтэй, компьютертэй өрөө тусгайлан бэлэн болгосон. 

Мандат гурван өнгөтэй байгаа. Цэнхэр мандат бүгдэд нээлттэй, Улаан мандат нь шууд дамжуулж байгаа найман телевизийх, ногоон нь тодорхой хязгаарлалттай" гэв.