Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бат-Эрдэнэ: Хөхний имплантыг хүний бие организм өөриймшүүлэн авдаг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 6 сарын 20
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Сонгдо эмнэлгийн нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмч анагаах ухааны доктор Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

- Хиймэл хөх буюу имплант суулгахыг зөвхөн хөх томруулах зорилгоор хийгддэг мэс засал гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг? 

- Хөх гэдэг эрхтэн нь эмэгтэй хүний эмэгтэйлэг байдлыг харуулж байдаг хамгийн чухал эрхтэн юм. Хөхний хэлбэр хэмжээ нь тухайн хүний өөртөө итгэх байдлыг нь дээшлүүлснээр нийгэмд эзлэх байр суурьт эергээр нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй.

Хөхний гоо сайхны хагалгаа, нөхөн сэргээх хагалгаа нь тусдаа салбар болдог. Хөхний хэмжээ жижиг байгааг томруулах, унжилтыг засах буюу хөх өргөх хагалгаа зэрэг нь ерөнхийдөө хөхний гоо сайхны хагалгааг тодорхойлно. Хөхтэй холбоотой нөгөө нэг том асуудал нь хөхний хорт хавдраас шалтгаалан нэг талын хөхөө авахуулах явдал байдаг. Үүнийг засах, нөхөн сэргээх шаардлага үүсдэг.

Зургаадугаар сарын 21-24-ний хооронд БНСУ-ын Сун Чон Хян Их сургуулийн профессоруудтай хамтарч Сонгдо эмнэлэг дээр үзлэг, оношлогоог хийнэ. 

Ер нь бол дэлхийн түвшинд хөхний хорт хавдар тавд жагсаж байгаа бол монгол эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүн хорт хавдар, савны хавдар түгээмэл орж түүний дараа хөхний хавдар орж ирдэг байна. Хэдийгээр хорт хавдрын жагсаалтад 4, 5 дугаарт жагсаж байгаа ч тухайн хүнийхээ хамгийн эхэнд шийдэх асуудал болдог. Нэг талын хөхөө авахуулснаар тухайн хүн сэтгэлзүйн, бие организмын маш хүнд байдалд ордог. Өглөө сэрээд л хорт хавдрын улмаас хөхөө авахуулсан шүү гэдгээ бие, сэтгэлээрээ мэдэрч, хямардаг. Тиймээс хөхний суулгац (анагаах ухааны нэршлээр имплант)-ыг ашиглан мэс заслын аргаар нөхөн сэргээх хагалгаа хийгддэг.

Хортой хавдар гэдэг өвчний улмаас тухайн хүн хөхөө авхуулсан тохиолдолд нөхөн сэргээж хөхтэй болгож өгье гэсэн эмчилгээний тактикыг УБ-Сонгдо эмнэлэг, нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч Г.Бат-Эрдэнэ миний бие илүү өргөн хүрээнд, олон хүнийг хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

- Хөхний нөхөн сэргээх хагалгаа хэдэн үе шаттай явагддаг вэ? 

- Хөхний нөхөн сэргээх хагалгаа нь 2-3 үе шаттай хийгддэг. Үе шат гэдэг нь энэ тооны хагалгаа хийгдэж байж бүрэн төгс болдог гэсэн үг. Ихэнх тохиолдолд нэн тэргүүнд хорт хавдрын улмаас авахуулсан хөхийг хэрхэн бүрэлдүүлэх вэ гэдгийг шийдэж, хөхний маасыг бүрэлдүүлж өгдөг. Тэр нь тухайн хүний өөрөөс нь авсан зөөлөн эд буюу арьс, өөхөн давхрага, арьс булчингийн давхрага байж болно.

Эсвэл дан ганц суулгац, эсвэл энэ хоёрыг хавсарсан байдлаар хийдэг. Хоёрдугаар шатны хагалгаанд хөхний толгой, нөсөөг хийдэг. Шаардлагатай гэж үзвэл эрүүл байгаа хөхний хэлбэр, хэмжээг шинээр үүсч буй хөхний хэлбэр хэмжээнд тааруулж багасгана, эсвэл томруулна. Аливаа хагалгаа бүрэн төгс болтлоо тодорхой үе шатуудыг дамждаг. Тэр үе шатуудад ямар хагалгаа хийгдэх нь эмчийн ур чадвар, өвчтөний сонголтоос хамаардаг. 

- Хөхний суулгац буюу имплантын хэмжээ нь стандарт хэдэн төрөл байдаг уу, тухайн хүнд тааруулан захиалдаг уу? 

- Имплант нь 50 граммаас эхлэн 25 граммаар нэмэгдсээр 500 грамм хүртэл хэмжээтэй байдаг. Имплантын хэмжээг сонгоход  дээр дурдсанчлан ямар эд ашиглаж нөхөн сэргээх гэж буй нь их чухал байдаг. Мэдээж хэрэг эсрэг талын одоо байгаа хөхний хэмжээ харьцуулагдана. Тэгэхээр имплантын хэмжээнд санаа зовох зүйл байхгүй.

Сонгдо эмнэлгийн хувьд 2011 оноос бүх төрлийн гоо сайхны хагалгааг хийж эхэлсэн. Манай эмнэлгийн хувьд хөхний нөхөн сэргээх хагалгааны эхний өвчтөнүүдээ үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэхээр ярилцаж байна. Энэ зорилгынхоо  хүрээнд зургаадугаар сарын 21-24-ний хооронд БНСУ-ын Сун Чон Хян Их сургуулийн профессоруудтай хамтарч Сонгдо эмнэлэг дээр үзлэг, оношлогоог хийнэ. 

- Имплант суулгаснаар бие, сэтгэл санаагаар дасан зохицох хугацаа гэж байдаг уу? 

- Дасан зохицох хугацаа гэхээс илүү хагалгааны эдгэрэлтийн хугацаа гэж ярих нь зөв байх. Дасан зохицох гэхээр шархны эдгэрэлтийн хугацаа нь имплант биед сууж өгөх хугацаатай андуурагддаг.

Хүний бие организм гадны биет орж ирэхэд организм биеэсээ түлхэж гаргахаар хичээдэг. Имплант  суулгахад организм биед хариу урвалаа үзүүлдгээрээ үзүүлнэ. Гэхдээ хариу урвал нь имплантыг бүрэн уутлаж авах байдлаар илэрдэг. Хөхний импланттай хагалгааны дараа гардаг эрсдэл хүндрэлүүдийн нэг нь ийм хальсан уут, тэр уутны чангарал болдог.

Хүмүүс имплант хийлгэчихээд ямар ч асуудалгүй яваад байдаг гэж ойлгодог ч нөгөө талдаа организм нь хариуцаад, ууталж өөриймшүүлээд аваад явж буй хэрэг юм. Тэгэхээр тэр уутыг мэдэж байж, хэр чангарахыг нь урьдчилан тооцож, сэргийлэх аргыг зааж өгдөг хүн нь нарийн мэргэжлийн эмч байдаг.

 

Эх сурвалж: Үндэстний Тойм сэтгүүл

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.