Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн зөвшөөрлийн шалгалтын дүнг автоматаар гарган, цахимаар шууд мэдээллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2017 - 2018 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг 9 чиглэлээр нийт 3,092  оюутан суралцан төгсөж байна.

Эдгээр төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу лицензийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв хэд хэдэн шинэ дэвшилтэт онцлогтойгоор, шалгалтын комиссын бүрэлдэхүүнд  ЭМЯ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүд, нийгэмлэг холбоод, анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын сургалтын алба, ЭМХТ гэсэн тал бүрийн төлөөллийг оролцуулан  амжилттай зохион байгуулсан  байна.

Энэ жилийн тухайд  шалгалтын сорилын сан болох  8,707 сорилыг ЭМХТ-ийн сайт дээр байршуулснаас  гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулсан тул шалгалтанд алдаатай,  буруу сорил ашиглагдаагүй байна.   Ингэснээр өмнөх жилүүдэд оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халжээ.

"шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүй"

ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэг энэ удаагийн шалгалтын талаар ”Энэ жилийн хувьд шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудын сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, дүн нь шууд автоматаар ЭМХТ-ийн сайт дээр байршсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүйгээр зохион байгуулсан гэж үзэж байна”  хэмээн онцоллоо.  

Ийнхүү шалгалтын дүнг гаргах үйл ажиллагааг оролцогч бүх талуудыг байлцуулан Realtime технологийг ашиглан автоматаар гарган, тэр дороо дүн сайт дээр байршихаар зохион байгуулсан нь энэ жилийн шалгалтын гол онцлог, дэвшил  болсон төдийгүй дээрх бүх үйл ажиллагаануудын үр дүнд шалгалт ил тод болж  стандартын дагуу явагдлаа хэмээн  шалгуулагчид сэтгэл ханамжтай байна.

Түүнчлэн шалгалтанд тэнцсэн төгсөгчдөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гартал сайт дээр тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.