Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Алтантуяагийн аллагын сэжигтэнд оноосон цаазын ялыг цуцлахаа Малайзын ерөнхий сайд мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2006 онд Монголын иргэн эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэгт цаазын ял сонссон бие хамгаалагчийн ялыг өөрчлөх бодолтой байгаагаа Малайзын шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад өнөөдөр мэдэгджээ.

28 настай Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, цагдаагийн офицер Ализах Хадри, Сирул Умар нар цаазын ял сонсож байсан юм.

Гэвч Сирул Умар Малайзаас Австрали руу оргож, 2015 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Австралид хоригдож байна.

Өнөөдөр Махатхир хэвлэлийн хурал дээр “Австрали улс цаазаар авхуулах ялтай хүнийг эх оронд нь шилжүүлэхийг зөвшөөрдөггүй тул Сирул Малайзад ирэх боломжгүй болоод байгаа. Бид түүний цаазын ялыг цуцалж, хорих ялаар солих талаар судалж байна” гэж ярьжээ.

Гэхдээ Австралийн талд Сирулыг шилжүүлэхийг албан ёсоор хүсээгүй байгаа гэсэн байна.

Хэрвээ Сирул Умарыг Малайзад ирүүлж, Алтантуяагийн аллагын хэргийг дахин шалгавал Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак, түүний шадар туслах Багинда Разак нар уг хэрэгтэй холбоотой нь илэрч магадгүй байгаа юм.

Аллагад сэжиглэгдэж байгаа цагдаагийн хоёр офицер тухайн үед Нажибын хамгаалалтын албанд ажиллаж байжээ. Гэхдээ тэд аллагыг хэн захиалсан талаар огт мэдүүлэг өгөөгүй байгаа юм.

Махатхир Мохамадын эвсэл өнгөрсөн сард болсон сонгуулиар ялж тэр Малайзын ерөнхий сайд болоод байгаа бөгөөд засгийн эрхийг авмагц экс ерөнхий сайд Нажиб Разак, түүний эхнэр Росмах Мансор нарыг хилийн дээс алхахыг нь хоригложээ.

Мөн өнгөрсөн сард Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Алтантуяагийн хэргийн буруутныг олж, шийтгэж өгөх хүсэлтийг Малайзын шинэ засгийн газарт илгээж байв.

Өнөөдрийн хурал дээр Махатхир Мохамад “Биднээс уг хэргийг дахин шалгахыг хүсэж байгаа тул бид шалгах болно” гэж мэдэгджээ.

2002 онд Малайзын засгийн газар Францын компаниас хоёр ширхэг шумбагч онгоц худалдаж авахад Ш.Алтантуяа орчуулагчаар ажиллаж байсан юм. Тэр уг ажлынхаа хөлсийг Багиндагаас нэхсний дараа алагдсан гэгддэг.

 

Эх сурвалж: Reuters