Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын шийдвэрийг хэн хянах вэ?

ikon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дараах гурван асуултанд хариулвал гарчгийн асуултын хариулт тодорхой болох юм. 

Эхний асуулт: Засгийн газар гэж хэн бэ? 

- Монгол Улсын Үндсэн хуулийн томьёоллоор бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энгийн үгээр бол УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд олон салбарын хүрээнд, иргэн, хуулийн этгээдэд шууд хамааралтай шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 19.1, 25.1, 38.1 дэх заалтын дагуу гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг Засгийн газар хүлээнэ.  

Дараагийн асуулт: Засгийн газар ямар шийдвэр гаргадаг вэ? 

- Монгол Улсын нийт 660 орчим хуулийг биелүүлэх, амьдралд өдөр тутам дагаж мөрдөх, ба мөрдүүлэх үүрэг хүлээнэ гэхээр олон янзын харилцан адилгүй салбарт өргөн хүрээний асуудлын хүрээнд шийдвэр гаргадаг байна. Засгийн газраас гаргаж буй шийдвэрийг улс төрийн ба захиргааны гэж ялгаж үзнэ.

УИХ-д олонхын суудал авсан намаас Засгийн газрыг байгуулдгийн хувьд улс төрийн шийдвэр гаргадаг. Тухайлбал, намын нэр дэвшүүлсэн сайдыг томилох, огцруулах асуудлыг нэрлэж болно. Гэвч Засгийн газар дан гагцхүү улс төрийн шийдвэр гаргадаггүй, өдөр тутмын ахуй амьдралд хамаатай захиргааны шийдвэрүүдийг гаргадаг. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийг тогтоох, чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журам, орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах, дулааны станц барих, түүний санхүүжилтийг шийдвэрлэх, ажиллах хүч,гадаадааас авах тоог тогтоох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, ноолуур, мал хөтөлбөр батлах, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, түрээсийн орон сууцны хөтөлбөр батлах, хувьчлах хуулийн этгээдийг батлах тухай, цалингийн жишиг сүлжээ батлах, концессын гэрээ байгуулах гээд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх,  хязгаарлах, эсхүл эрхийг нь баталгаажуулах олон янзын шийдвэрийн жагсаалт үргэлжилнэ.

Сүүлийн асуулт: За тэгвэл Засгийн газрын шийдвэрийг хэн хянах вэ? 

- Нэгэнт Монгол Улсын Үндсэн хуулиар хууль дээдлэх зарчмыг баталгаажуулсан тул төрийн эрх мэдэл хувиарлагдана, төрийн бүх байгууллага хуульд үндэслэж, хууль ёсны дагуу, хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулна, хууль зөрчсөн эсэхийг шүүхээс хянана. Өөрөөр хэлбэл ямар ч төрийн байгууллага бусдаас илүү эрхтэй учир шүүхийн хяналтаас гадуур байна гэдэг ойлголт Монголд байхгүй.  Үндсэн хуулийн 45.2-т зааснаар эхний ээлжинд Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө хүчингүй болгож болно. Үүнийг дотоод хяналт  гэж үздэг. Үгүй бол УИХ хүчингүй болгож болно. 

Засгийн газрын шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг 66 дугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ.  Засгийн газрын бүх шийдвэр Үндсэн хуулийг үндэслэж гардаггүй, жишээлбэл Дүнжингарав бүсийн морины уралдаан зохион байгуулах тухай тогтоол. Хөвсгөл аймгийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага хангаж буй эсэх г.м. Энэ тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг  шүүхээс хянана. Үндсэн хуулийн 47.1-т зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэхээр заасан билээ. 

2005 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор өөрчлөлт оруулсаны дараа ердийн шүүх буюу иргэний хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянадаг байсан. Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг ялгаж, тус хууль үйлчлэхгүй болохыг тодотгосоноос гадна Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр заалтаар захиргааны байгууллагыг тухайлан нэрлэн тоочих биш захиргааны ерөнхий харьяалалыг зааж өгсөнөөр  Засгийн газрын Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэрээс бусад шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс хянахаар тогтоосон нь эрх зүйт төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд шүүхийн хэргийн харьяллын зарчмыг нийцүүлсэн алхам болсон. Иргэний хэргийн хэргийн шүүхээс талууд өөрсдийн “зөв” болохыг нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэг хүлээдэг бол харин захиргааны хэргийн шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэн, хэрэг хянан шийдвэрлэдэг зарчмын ялгаа байдаг бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрхийг  хангах, хамгаалахад маш том ялгаатай үйлчилдэг билээ. 

Яагаад?

- Засгийн газар нь хуулиар тодорхойлогдсон эрх хэмжээтэй,  бүтэцтэй, албан хаагчидтай, төсөвтэй, шийдвэр гаргах сонголт хийх эрх мэдэлтэй байдаг онцлог нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас эрх мэдлээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах магадлал нь төдийчинээ ихэсгэдэг. Тиймээс төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллагыг "хянах" шаардлага зүй ёсоор үүсдэг байна.

Засгийн газрын захиргааны шийдвэрт тавих шүүхийн хяналт нь түүнээс дур зоргоор субьектив шийдвэр гаргахгүй байхыг хянах улс төрийн намын шугамаар, хамаатан садны, бизнесийн болон бусад бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргах, клиентелизмээс ангид байхыг хангах гол механизм болох учиртай. Хөндлөнгийн хяналтгүй бол аливаа байгууллагын үйл ажиллагаа бусдын эрх, эрх чөлөөг хангах, хуулийг биелүүлэхэд шууд анхаарлаа тавихад чиглэдэггүй нь түүхээс илэрхий харагдана.

Тиймээс захиргааны байгууллагыг хуулийн хүрээнд байгуулагдан, хуулийн дагуу, хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж буй эсэхийг шүүхээс хянадаг юм.  Учир нь эрх зүйт төрд захиргааны байгууллагуудын, үүнд Засгийн газрын хууль бус шийдвэрээс хууль, эрх зүйн хүрээнд иргэнээ хамгаалдаг улс оронд төрийн байгууллага, албан тушаалтаны дур зоргын субьектив шийдвэрийг багасгадаг бөгөөд энэ нь захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, хуулийн дээдлэн явуулах зарчмыг чандлан биелүүлэхээр илрэх ёстой. Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтаны шийдвэр хууль ёсны хүрээнд гарсан буюу, хуульд үндэслэсэн эсэх, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан эсэх, хуулийн заалтыг зөв ойлгож хэрэглэсэн эсэх, өөрийн эрх хэмжээг хэтрүүлээгүй буюу урвуулаагүй эсэх  хүрээ, хязгаарын хяналт юм. Захиргааны байгууллага, албан тушаалтан нийтийн ашиг сонирхлын үүднээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдэг тул мөн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн үйл ажиллагаа явуулахдаа хуулийг үндэслэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагаа нь зөвхөн хуулиар хязгаарлагдана. Ийнхүү захиргааны аливаа арга хэмжээ хуулийн үндэслэлтэй байхыг шаардах нь эрх зүйт төрийн зарчмын нэг шаардлага болно. 

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал нь “хүмүүнлэг, иргэний ардчилсан” нийгэм байгуулах бөгөөд үүний тулд иргэн, төр нэгэн адил хуульд захирагдана. Үндсэн хуулийн бүх бүлэг энэхүү үзэл баримтлалыг бэхжүүлж, баталгаажуулдаг. Тиймээс Үндсэн хуульд заасан “ардчилсан ёс, шударга ёс, тэгш эрх, хүний эрх, үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх” зарчим төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу аль нэг төрийн байгууллага хуульд заагаагүй ямар ч илүү эрх эдлэх, тусгайлсан этгээд байх, онцгой эрх шаардах, тусгайлсан нөхцөл шаардах эрхгүй. Хууль дээдлэх зарчмыг баримтлах үүрэг юуны түрүүнд хамгийн эхлээд төрд өөрт нь үүрэг хүлээлгэдэг бөгөөд эрхзүйт төрийн үүссэн чухал багана асуудал билээ. Тиймээс тааллаараа шүүхийн харьяалал сонгох, эс таалагдахаар солих тухай асуудлыг хувь хүний, албан тушаалтны субьектив үзлээр биш хуулиар шийдвэрлэх учиртай.

Хуулийг гаргахад системчлэлийн дагуу Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийг шийдвэрлэнэ, иргэний хэргийн шүүх өмчийн асуудал шийдвэрлэнэ. Захиргааны хэргийн шүүх захиргааны шийдвэрийн хууль ёсны байдлыг шийдвэрлэнэ. Захиргааны хэргийн шүүхийн энэхүү онцлогийг харгалзан тусад нь мөрдөн шалгах зарчим буюу нотлох үүргийг шүүх хүлээдэг, нэхэмжлэлийн шаардлага зэрэг материаллаг болон процессын онцлогийг тусгасан зохицуулалтыг заасан. Тиймээс онолын хувьд, хуулийн практик хэрэглээний хувьд энэ асуудал маргаангүй. 

Ганцхан Засгийн газрын шийдвэрийн цаадах ашиг сонирхлын зөрчлөөс болж “жоомоо алах гээд гэрээ шатаахгүй”-н тулд хуулийн системчлэл, Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хянана. 

Жорж Орвелийн 1984 он зохиолд гардаг гахай болгон тэгш эрхтэй, гэхдээ ганц гахай арай давуу эрхтэй гэдэг үлгэрийн ёгт санаа амьдрал дээр янз бүрээр илрэх ажээ. Гётегийн Фауст жүжгийн “би бол жинхэнэ хүн” гэдэг шиг “энэ институт бол үнэхээр тусдаа, онцгой” гэх  ойлголт  төрийн байгууллагын хувьд байх боломжгүй учир нь Үндсэн хуулиар “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Түүнийгээ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан эдлэнэ”. Анх эрх зүйт төр үүссэн түүх нь төрийн хэмжээлшгүй эрх, хэнд ч хянагдахгүй зоргоор авирлахыг хязгаарлах зорилгоос үүдэлтэй бөгөөд өнөөдөр хэвшин тогтсон ойлголт нь төр өөрөө хуульд захирагдах зайлшгүй үүрэг болж Үндсэн хуульд баталгаажуулсан билээ.  


Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид /Dr.jur/