Саяхан Вена хотод Европын Таргалалтын асуудлаар чуулган зохион байгуулагдаж, түүнд оролцсон Японы судлаачид нэгэн сонирхолтой туршилтын үр дүнгээ танилцуулжээ. Судалгааны үр дүн “The Journal of Physical Therapy Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Өмнө нь тайван байдалд байгаа хүн бохь зажлахад зүрхний цохилт нь нэмэгдэж, зарцуулах илчлэг нэмэгддэгийг тогтоож байсан юм.
Тэгвэл энэ удаа алхаж байгаа хүнд бохь зажлах ямар нөлөөтэйг судалжээ.
Туршилтад 21-69 насны 46 хүнийг оролцуулж, ердийн хэмнэлээр алхуулахдаа бохь зажлуулж үзсэн байна.
Ингээд зүрхний цохилт, зарцуулсан илчлэгийг нь хэмжиж үзэхэд хоёр хүйсний, бүх насны ангиллын хүмүүст үр дүн ажиглагдаж, ялангуяа 40-өөс дээш насныханд илүү нөлөөтэй байжээ. Өөрөөр хэлбэл алхангаа бохь зажлах нь зүгээр алхснаас илүү их эрчим хүч зарцуулдгийг тогтоосон нь энэ юм.
Тайланд “Дасгал хөдөлгөөн хийх, бохь зажлахыг хослуулах нь жингээ хадгалах үр дүнтэй арга байж магадгүй” гэж дүгнэсэн байна. Хэдийгээр энэ туршилт нь хөдөлгөөн, бохь зажлах үйлдэл хоёрын холбоосыг илрүүлэх зорилгогүй боловч “cardio-locomotor synchronisation” гэгддэг зүрхний цохилт ба давтамжтай хөдөлгөөний хэмнэл нэгддэг байгалийн үзэгдэлтэй холбоотой байх гэж судлаачид тайлбарлажээ.
Эх сурвалж: Japan Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|