Өчигдөр АНУ-ын засаг захиргаа импортын угаалгын машин, нарны эрчим хүчний хүлээн авагч хавтанд өндөр тариф ноогдуулах шийдвэрээ зарласан юм.
Тэгвэл Өмнөд Солонгос улс зах зээлээ хамгаалах Вашингтоны шийдвэрийг шүүмжилж, Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол мэдүүлэх гэж байгаагаа өнөөдөр өглөө мэдэгджээ. АНУ-ын угаалгын машины зах зээлийн гол нийлүүлэгчид нь Өмнөд Солонгосын Samsung, LG компаниуд юм.
“Зах зээлээ хамгаалах энэхүү арга хэмжээ нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг зөрчиж байгаа нь гарцаагүй. Бид хариу арга хэмжээг яаралтай авах болно” хэмээн Өмнөд Солонгосын худалдааны сайд Ким Хюн Чон тус салбарын үйлдвэрлэгчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
АНУ-ын Олон Улсын Худалдааны Коммис дээрх бараа бүтээгдэхүүнд импортын татвар нэмэгдүүлэх зөвлөмж гаргасныг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр баталсан юм.
Америкийн угаалгын машин үйлдвэрлэгч Whirlpool өнгөрсөн онд Азийн хямд бүтээгдэхүүнүүд ашигт ажиллагаанд нь хортой нөлөө үзүүлж байгааг эсэргүүцэж, импортын тарифийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгсөн байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|