Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын тухай номтой нэр нь давхцсан ном 10 жилийн дараа санамсаргүй бэстселлэр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трампын Цагаан ордон дахь амьдралын нууцыг дэлгэсэн Майкл Вольфийн “Fire and Fury: Inside the Trump White House” ном худалдаанд гарч, тэр даруй бэстселлэр болсон юм.

Тэгвэл 10 жилийн өмнө худалдаанд гарч байсан өөр нэг ном төстэй нэртэйнхээ ачаар мөн бэстселлэр болжээ.

2008 онд Канадын профессор Рэндал Хансен дэлхийн хоёрдугаар дайны түүхийн сэдэвтэй “Fire and Fury: The Allied Bombing of Germany, 1942-1945” номоо худалдаанд гаргаж байв. Номонд холбоотнууд Германыг хэрхэн бөмбөгдөж байсан тухай өгүүлдэг юм.

Тэгвэл энэ номны “Fire and Fury” гэсэн нэрний толгой хэсэг Трампын номны нэртэй давхцсан нь хүмүүсийг будилуулж, Амазоны хамгийн эрэлттэй номын жагсаалтад оруулжээ.

 

Торонтогийн их сургуулийн улс төр судлалын профессор Хансен “Би энэ номыг анх гаргаснаасаа хойш ийм өндөр эрэлттэй байхыг үзээгүй” хэмээн гайхан ярьсан байна.

Трампын номыг худалдаанд гарсан өдөр Хансен өөрийнх нь номтой ижил нэртэй ном гарсныг хошигнон ярьж байжээ. Харин орой нь Амазон сайт руу орж харахад өөрийнх нь ном топ жагсаалтын гуравдугаарт ороод байв.

“Энэ нь намайг гайхшруулж, хүмүүс үнэхээр иймхэн зүйлд толгой нь эргэдэг тэнэг юм уу? гэж бодоход хүргэсэн” гэж тэр ярьжээ.

Хансен энэ тухайгаа твиттер хуудсандаа бичсэн байна. Удалгүй түүнд хууртсан хоёр хүн хандаж, түүнийг буруутгах хандлагатай сэтгэгдэл бичсэн гэнэ. Профессор тэдэнд “энэ миний буруу биш” гэсэн хариулт өгчээ.

Номын борлуулалтын тайлан дараагийн сард гардаг тул Хансен хэдэн ном зарснаа хэлж чадахгүй байгаа юм.

Гэхдээ тэр энэ явдалд бас олзуурхаж байгаагаа хэлжээ. Учир нь Трамп Хойд Солонгостой дайтах тухай ярьж байгаа. Харин түүний номонд дайны үеэр энгийн номхон хүмүүс яаж зовж, хэлмэгдсэнийг өгүүлдэг юм.

Тиймээс дайнаар хөөцөлдөж байгаа энэ цаг үед хүмүүст дайны аюулыг ойлгуулах бага ч гэсэн боломж гарсан гэж профессор Хансен үзэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian