Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Хүүхдээ хамгаалж чадахгүй байж үндэсний аюулгүй байдал гэж яриад ч хэрэггүй

Ц.Мягмарбаяр, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахим орчноос өсвөр насныхныг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Энэ талаар АН-ын  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга  С.Одонтуяатай ярилцлаа.

-Цахим орчноос хүүхэд, охидоо хамгаалахад төр ямар оролцоотой байх, хэрхэн зохицуулах ёстой гэж та үздэг вэ?

-Энэ чиглэлээр олон жил судалгаа хийж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хууль эрхзүйн орчин сайжирсан. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг гол хууль түүнийг дагалдаад Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсан. НҮБ-ын Хүүхдийн сангаас Олон улсын цахилгаан холбооны байгууллага, “Цахим орчинд хүүхдийг хамгаалах санаачилга”-тай хамтарч салбарын удирдамжийг 2014 онд шинэчлэн баталсан.

Харилцаа, холбооны зохицуулах хороо Хамтын ажиллагааны Санамж бичигт 2015 онд нэгдсэн. Хэдийгээр хууль, эрх зүйн орчин сайжирсан ч амьдралд хэрэгжихгүй байна. Монгол Улс  НҮБ-ын конвенцод нэгдэн орсон орны хувьд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж байгааг НҮБ-д тайлагнадаг. Гэтэл энэ мэдээ нь хангалтгүй дүн авахаар байна.Тухайлбал, цахим орчноос хүүхдээ хэрхэн хамгаалах хуулийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандарт дутагдалтай, олон нийтийн оролцоо сул байна.

Хүүхэд ялгаварлан гадуурхалт аливаа хүчирхийлэлд өртөх ёсгүй гэж Үндсэн хууль, бусад хуульд зааж өгсөн ч цахим орчинд хүүхдүүд гэлтгүй иргэд халдлагад өртөх, мэхлэгдэх гэмт хэрэг нэмэгдэж байна. Цагдаагийн газрын судалгаагаар 2017 оны зургаан сарын байдлаар компьютeр, мэдээллийн сүлжээ ашиглаж хууран мэхэлсэн гэмт хэрэг 2010 оноос бүртгэгдэж жил ирэх тусам нэмэгдсэн байна. Цахим орчин ашиглаж үйлдсэн онц хүнд гэмт хэрэг 2014 онд хоёр байсан бол энэ онд дөрөв бүртгэгдсэн.

Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 53 хувь нь нэг хаягтай, 47 хувь нь хоёр  ба түүнээс дээш хаягтай 46.4 хувь нь админ эрхтэй байна. 37.3 хувь нь сөрөг коммeнт бичдэгээс 17 хувь нь бусдыг доромжилсон, нэр хүндийг гутаасан, бүдүүлэг үг хэллэг ашигласан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүд цахим орчинд нэвтэрснээр 42.6 хувь нь ядардаг, 41 хувь айдас төрдөг, уур хүрдэг гэж хариулсан нь эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, хамтдаа хөгжих, цахим орчинг зөв зохистой хэрэглэхэд анхаарах цаг ирснийг харуулж байгаа юм.

Тиймээс  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд болон нийт эцэг эхчүүдэд хандаж  уриалга гаргасан. Бид хүүхдээ цахим халдлагаас хамгаалахгүй бол цаашид сөрөг үр дагавар гарна. Цахим хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, бусдын нэр хүндэд халдах цахим гэмт хэргүүдийн хохирогч хүүхэд болж байна. Цахим орчны гүтгэлэг, сүрдүүлгээс болж амиа хорлох, сэтгэцийн хүнд өвчтэй болдог. Улс төрийн зорилгоор аав ээжийнх нь нэр хүндийг унагаах гэж хүүхдүүд рүү нь дайрч байна.  “Чамд мөнгө өгье, тэрийг доромжлоод өг, түүний хүүхдийг гутаагаад өг” гэсэн зүйлийг залууст сонгуулийн үeд зааж байна.

Маш аймшигтай зүйлд  ирээдүй маань  бэлтгэгдэж байна. Сонгуулийн үед  ганц хоёр нэр дэвшигчийн хооронд болоод өнгөрсөн асуудал сонгууль дууссан хойно үргэлжлээд байна. Тэгэхээр Монгол Улс залуучуудад юу зааж сурган, хүмүүжүүлж төлөвшүүлэх гээд байгаа нь асуудалтай. Тэдэнд техник технологийн дэвшил огт заахгүй хэр нь хөлсөөр хүн гүтгэх ажилд сургаж байна.

-Цахим орчныг төрийн  зохицуулалтаар хянаж болмоор санагддаг? 

- Бусад улс орон хянаж болж байхад Монгол Улс яагаад хянаж чадахгүй байна вэ гэдэгт би бухимдаж явдаг. Тусгаар улс хэр нь гадны мэдээллийг хянаж чадахгүй байгаа нь арчаагүй. Холбогдох байгууллагынхантай уулзахад Фэйсбүүк бол Америкийн хуулиар зохицуулагддаг учраас ямар нэг байдлаар хянахад хэцүү байдаг гэнэ. Гэтэл бусад орон  хянаж  болж байна. Фэйсбүүкт нэвтрэхэд заавал гар утасны дугаараар ордог системтэй болох хэрэгтэй.

Гар утасны дугаар бүртгэгдсэн байхад хянах боломж байж л таарна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулахад яригдаж байсан нэг асуудал бол цахим орчныг хянахад интернетийн компаниуд гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж байсан. Мэдээж айл өрх, аж ахуйн нэгж интернетийн үйлчилгээ авахад интернетийн компаниуд л очдог. Тэд айлд интернет тавихдаа “Танайд насанд хүрээгүй хэдэн хүүхэд байгаа вэ” гэж асуух хэрэгтэй.

Хэрэв насанд хүрээгүй хүүхэдтэй бол энэ багцыг зөвшөөрнө, эдгээр программыг зөвшөөрөхгүй. Ээж аавуудад нь тодорхой  нэвтрүүлэг үзэх  тусгай код өгнө” гэх зэргээр  хүүхдийг цахим халдлагаас сэргийлсэн  үйлчилгээг үзүүлэх ёстой. Энэ үйлчилгээг тэд хийхгүй байна.

- Сүүлийн үед хүүхдүүд  сургуульд дээрээ болсон эвгүй зүйлийг нийтийн сүлжээнд тавьснаас сургуульдаа явахаа болих, сэтгэл санаагаар унах, улмаар амиа хорлох нөхцөл бүрдсэн гэж байна?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн хувийн нууц орон зай, захидал, тэмдэглэл зэргийг  хамгаална гэж заасан. Гэтэл үүнийг хамгаалж чадахгүй байна. Энэ байдал хүүхдэд маш эмзэг тусдаг. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийг нүүрээ хийх газаргүй болтол лайк дар, зайлтал нь шейр хий гэх мэтээр сэтгэгдэл бичиж байгаа нь маш аюултай. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй.  Ээж аавууд хүүхдийнхээ фэйсбүүкт орж ямар найзуудтай юм, зөв хүүхдүүдтэй найзалж байна уу гэдгийг мэддэг болъё.

Хүүхдүүдээ хяналтандаа авъя гэж бид уриалж байгаа. Ерөнхий сайд ямар нэгэн санал санаачилга гаргаж, Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс манай холбооноос 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ныг дуустал “Цахим орчинд хүүхдээ  хамгаалъя” аяныг зарлаж байгаа. Нийгмээрээ хөдлөхөд үр дүн гарна гэж бодож байна.

-Саяхан цахим орчинд Г.Номуундарь охин өөрийгөө илэрхийллээ. Хоёр жил шаналсан тухайгаа тэрээр зоригтой ярьсан. Харин энэ охины асуудлыг нийгэмд зөв талаас нь таниулах чухал байх?

– Тэр охин зоригтой алхам хийсэн. Энэ асуудалд манай хууль хяналтынхан маш болгоомжтой хандах хэрэгтэй. Г.Номуундарь охин хоёр жил шаналж, өсвөр насандаа маш их  дарамтыг нууж  хэцүү байснаа, зарим үед амиа ч хорлодог юм уу гэж бодож байснаа хүртэл олон нийтэд хэлж, хүчирхийллийн золиос болсон олон охидын дуу хоолой болж томчуул биднийг энэ асуудалд анхаарахыг сануулсан туслахыг хүссэн сануулга дохио боллоо гэж миний хувьд үзэж байгаа.

Ихэнх охид, хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа хэлдэггүй, гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд дарагдаж өнгөрдөг учраас хохироод үлддэг. Тэд шаналж явсаар сэтгэцийн өвчтэй болж эцэст нь амиа хорлодог. Хүүхдээ хамгаалж чадахгүй бол улс орны үндэсний аюулгүй байдал бусад зүйлийг хамгаална гэж яриад ч хэрэггүй.

-Саяхан Ерөнхийлөгч хүчирхийллийн хэрэгт  цаазын ялыг сэргээе гэсэн санаачилга гаргаад дэмжлэг авалгүй дарагдаж байх шиг байна?

-Монголд маш олон хууль, дүрэм журам, үндэсний  хөтөлбөр бий. Харамсалтай нь хэрэгждэггүй. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээрх таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлагад өртөх эрсдэлтэй байдаг гэжээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нийгмийг түгшээсэн, хүүхэд, охидыг хүчир­хийлсэн асуудлууд дээр Ажлын хэсэг гаргаж төр, иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүдтэй хамтраад ажиллаж байгаа.

Хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан, хэлэлцүүлэг сургалт зохион байгуулах зэрэг нөлөөллийн ажлууд, хууль эрх зүй, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Цаазын ялын хувьд би дэмждэггүй. Харин Европын олон оронд хэрэглэгддэг гэмт хэрэгтнийг хөнгөлдөг шийтгэл байвал зүгээр.

-Хүчирхийлэлтэй холбоотой хэргийн гаралт, хэн үйлдээд байгаа талаар бодитой судалгаа байдаг уу?

- Бодит байдал дээр ийм шалтгаантай гэсэн нэгдсэн дүгнэлт байхгүй. Нэг хэсэг нь ядуурал, архидалтаас болж байна гэж байгаа ч  гэр бүлийн хүчирхийлэл өндөр хөгжилтэй орнуудад ч түгээмэл байдаг. Хангалуун амьдралтай боловсролтой хүмүүсийн дунд ч  гардаг. Баянгол дүүргийн Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хууль хэрэгжиж эхэлснээр өмнөхөөс ямар үр дүн харагдаж байна гэж асуухад байдал хамаагүй дээрдсэн.

Хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг юм байна гэж ойлгож эхэлсэн. Өмнө нь гэр бүлийн маргаан гэж үздэг байсантай холбоотой. Хажуу айл мэдчихээд мэдээлэл өгчихнө гэж эмээдэг болсон. Түүнчлэн нөлөөллийн ажил, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийн төвшин дээшилсэн  гэж ярьж байна. Гэхдээ улам илүү анхаарч ажиллах ёстой.

-Хүүхэд хамгааллын зардлыг  нэмэгдүүлэхэд таны хувь нэмэр их орсон. Монголын бүх хүүхдийг хамгаалахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

- УИХ-ын гишүүн З.Нарантуяатай хамтран УИХ-ын гишүүдэд нөлөөлөл үзүүлж, УИХ-ын эмэгтэй гишүүд  дэмжиж ажилласны хүчинд жилд тэрбум төгрөг баталдаг төсвийг таван тэрбум болгож өсгөсөн.Чамлахаар чанга атга гэдэг. Гэхдээ энэ мөнгө яг хүүхэд хамгаалалд зарцуулагдах ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулийг  боломжийн хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 21,1 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай байгаа тооцоо судалгааг олон улсын шинжээчидтэй хамтарч 2015 онд хийсэн.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход манайхан  хүүхэд хамгааллын ажлыг өөрсдөөсөө дандаа холдуулж ирсэн. Энэ ажлыг төрийн бус байгууллагууд хийх ёстой юм шиг, иргэн Ганжавхлан ч юм уу, Хүчирхийллийн эсрэг төвийн Энхжаргал ч юм уу гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хийх ажил ч юм шиг бодож ирсэн. Үр хүүхэд минь бидний үнэт зүйл ,улс орны ирээдүй минь мөн юм бол үнэт зүйл шигээ хандаж, хамгаалахад Ерөнхийлөгч, УИХ, төр засаг, эцэг эх, иргэн бүр хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж хамгаалах ёстой.

Зураг