Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчууд тоон гарын үсгийг гар утасны үйлчилгээ авдагтайгаа адил ашигладаг болно"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын “Цахим Гарын Үсгийн тухай” хуулийн хэрэгжилт, тоон гарын үсгийн хэрэглээний талаар ШУТИС-ийн зөвлөх профессор Т.Халтартай ярилцлаа.

- Сүүлийн жилүүдэд цахим тоон гарын үсэг хэрэгжиж байна гэж их ярих боллоо. Энэ ямар учраас, яагаад хэрэгжиж байгаа зүйл вэ?

- Мэдээллийн нийгмийн нөхцөлд тоон гарын үсэггүйгээр сүлжээн дахь итгэлцлийг бий болгож чаддаггүй, сүлжээний нөгөө талд байгаа этгээдийг хөдөлбөргүй таньж баталгаажуулахад үүнээс өөр шалгарсан шийдэл байхгүй тул тоон гарын үсэг заавал ашигладаг. Тийм ч учраас Монгол Улсад Цахим Засаг хөгжүүлэх тухай ярьж эхэлсэн 1998 оноос эхлэн Үндэсний Нийтийн Түлхүүрийн дэд бүтэц, тоон гарын үсэг бий болгохоор ярьсан, олон төлөвлөгөө, хөтөлбөрт тусгасан. Ингэж явсаар 2011 онд “Цахим Гарын Үсгийн тухай” хууль батлагдан гарснаар тоон гарын үсэг бодитой хэрэгжих эрх зүйн орчин бий болсон.

Гэвч дөнгөж саяхнаас энэ хууль бодитой хэрэгжиж, Монгол Улсын Үндэсний Нийтийн Түлхүүрийн дэд бүтэц үүсэж, тоон гарын үсгийг аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудад олгодог болж эхлээд байна. Манай улсын цахим засаг жинхэнэ утгаар хөгжихгүй үзүүлэн, яриа төдий байдлаар 20 орчим жил дуншиж ирсэн нь тоон гарын үсэг, мэдээллийг дундаа ашиглах тогтолцоо, төрийн байгууллагын дотоод офисын автоматжуулалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо төлөвшөөгүй, үүсээгүй байснаас шалтгаалсан. Тиймээс энэ дутагдаж байгаа нэг үндэс суурь болох тоон гарын үсэг, нийтийн түлхүүрийн дэд бүтцийг Монгол Улс бий болгож хэрэгжүүлж байна. 

Тоон гарын үсэгтэй, нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй болсноор төр, бизнесийн бүх төрлийн үйлчилгээг онлайн горимд шилжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, төсвийн мөнгө хөрөнгө, цаг хугацааг эрс хэмнэх, хүнд суртал, авилгалыг арилгах боломжтой болдог.

- Тэгвэл Нийтийн Түлхүүрийн дэд бүтэц гэж юуг хэлж байна вэ?

- Нийтийн Түлхүүрийн Дэд Бүтэц (НТДБ) буюу англиар Public Key Infrastructure-PKI гэдэг нь албан тушаалтан, иргэдэд олгож буй тоон гарын үсгийн хос түлхүүрийг үүсгэж, тарааж, нийтэд хүргэх, хянах, тооцох, удирдах, бүртгэх, хүчингүй болгох техник технологи, бодлого, хүмүүсийн нэгдэл, нийтэд чиглэсэн үйлчилгээний дэд бүтцийг хэлдэг.  

НТДБ-нь улс, дэлхийн хэмжээний сүлжээний аюулгүй байдлын нэгдмэл архитектурт тоон гэрчилгээ, нийтийн түлхүүрийн шифрлэлтийн технологи болон гэрчилгээ олгох байгууллага (ГОБ)-ыг уялдуулан нэгтгэдэг.  Үүний үр дүнд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч хэн бүхэн дэлхийг бүрхсэн сүлжээнд аливаа үйлдэл хийхдээ өөрийгөө хөдөлбөргүй таниулж чаддаг.

- Монгол Улсад Тоон гарын үсгийг ямар хууль, эрх зүйн актаар зохицуулж байна вэ? эрх зүйн орчин бүрдсэн үү?

- Мэдээллийн нийгмийн хөгжлийг хангах, цахим засаг, цахим бизнесийг жинхэнэ утгаар хөгжүүлэх үндэс суурь болсон цахим тоон гарын үсгийн НТДБ-ийг бий болгох, хэрэглээг үүсгэх зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас 20 гаруй хөтөлбөр, төлөвлөгөө, хууль, эрх зүйн бусад акт, тогтоолыг батлан хэрэгжүүлж байна.

Зарим нэгийг дурдвал “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим засгийн мастер төлөвлөгөө”,  “Цахим гарын үсгийн тухай хууль”, ” УИХ-ын 61-р тогтоол, Иргэний хууль, татварын хууль, ня-бо бүртгэлийн хууль зэрэг 20 гаруй хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим гарын үсгийн хуулийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө”, “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”, Монгол Улсын Эдийн Засаг Нийгмийг 2017 болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” гэх мэт  эрх зүйн акт, зохицуулалтын дагуу Тоон гарын үсгийн эрх зүйн орчин бүрдсэн.

- Сүүлийн үед нийгмийн сүлжээнд “Тоон гарын үсгийг өндөр үнээр шахаж байна, хуучин татварын тоон гарын үсгээ яагаад ашиглаж болохгүй гэж? Нэг компани төртэй нийлээд үнэтэй токен, тоон гарын үсэг гэсэн зүйл хүчээр шахаж байна” гэх мэт яриа гарч байна. Үүнд та ямар тайлбар өгч байна вэ? Заавал байх ёстой зүйл юмуу? 

- Сүүлийн асуултаас эхэлье. Цахим тоон гарын үсэг нь Мэдээллийн Нийгмийн нөхцөлд зайлшгүй, гарцаагүй байх ёстой зүйл. Тоон гарын үсэг байхгүйгээр “Мэдээллийн Технологийг хөгжүүлэх” гэдэг маань өндөр үнэтэй тоног төхөөрөмж авдаг, зардал ихтэй сүлжээ, дэд бүтэц үүсгэдэг асар үрэлгэн зүйл болж хувирдаг. Тоон гарын үсэгтэй байснаар Мэдээллийн Технологийн хөгжлийг жинхэнэ хэрэгтэй, ашигтай, тустай зүйл болгон хувиргах боломжтой болдог. “Тоон гарын үсгийг өндөр үнээр шахаж байна. Хүчээр шахлаа” гэх мэт яриа нь ямар ч үндэслэлгүй зүйл байна.

Гарцаагүй байх ёстой зүйл учраас хууль, төрийн зохих шийдвэрийн дагуу үндэсний НТДБ байгуулагдаж тоон гарын үсэг, гэрчилгээ олгож эхэлсэн. Энэ тоон гарын үсэг, гэрчилгээг төрийн болон бизнесийн байгууллагууд ашиглаж жинхэнэ онлайн үйлчилгээг бий болгох, хэрэглэгч, харилцагчийг хөдөлбөргүй таньж баталгаажуулах, илгээж буй өргөдөл, хүсэлт, гомдол, тайлан, мэдээг ердийн гарын үсэг, тамга ашиглалгүй баталгаажуулж авах, бизнес үйл явцаа зохистой болгох, төсвийн мөнгө, орон тоог хэмнэх, хууль, төрөөс гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж буйг ингэж хэтэрхий мушгин гуйвуулж, нийгэмдээ хортой яриа гаргаж байгаа хүмүүсийн өмнөөс их харамсаж байна. НТДБ, Тоон гарын үсгийн ач холбогдол, мөн чанар, хэрэглээг Монголын нийгэмд мэдэхгүй, нийгмийн ойлголт төлөвшөөгүй, 30 гаруй жилээр хоцрогдсон учраас ийм яриа гарч байна гэж үзэж байна.

Өмнө дурдсанаар Мэдээллийн нийгмийн нөхцөлд тоон гарын үсэггүйгээр сүлжээн дахь итгэлцлийг бий болгож чаддаггүй, сүлжээний нөгөө төгсгөлд байгаа харилцагч, үйлчлүүлэгч, иргэдээ хөдөлбөргүй таньж баталгаажуулахад үүнээс өөр шалгарсан шийдэл байхгүй тул тоон гарын үсэг заавал ашигладаг. Хурууны хээ, нүдний торон бүрхэвч гэх мэт биометрик шийдлийг ашиглая гэвэл өндөр үнэ өртөгтэй дэд бүтэц, төхөөрөмжүүд шаардагдахаас гадна гадаад түншүүдтэйгээ харилцах, гадаадад ашиглах, бизнесийн үйлчилгээнд ашиглах боломжгүй болдог. Хамгийн гол нь иргэдийн биометрик өгөгдөл нь төрийн нууц байдаг учир зөвхөн Монгол улсын хэмжээнд төрийн байгууллага л ашиглах боломжтой. Тэгвэл тоон гарын үсэг нь универсаль шинжтэй, дэлхийн хаана ч ашиглаж өөрийгөө таниулж баталгаажуулж, баримт бичиг, захидал харилцааныхаа бүрэн бүтэн байдал, нууцлалыг  хангаж чаддаг. Тийм ч учраас “Цахим гарын үсгийн тухай” хууль батлагдан гарч хуулийн хуулийн 18.1, 18.2-р зүйлд заасны дагуу тендер зарлаж “Тоон Гарын Гэрчилгээ Олгох Үйл Ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл олгосон. Энэ тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ХХЗХ-ноос хянаж баталгаажуулсан дэлхийд хамгийн хямд үнэ тарифын дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байгаа. Тоон гарын үсгийн хос түлхүүр, гэрчилгээг тээгч тусгай криптограф токеныг зөвхөн нэг удаа авдаг. Харин гэрчилгээг жил бүр хямдхан үнээр сунгуулдаг. 

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгодог энэ үйлчилгээ нь гар утасны үйлчилгээ, интернетийн үйлчилгээ, сансрын ТВ-ийн үйлчилгээ гэх мэт мэдээллийн технологийн аливаа үйлчилгээтэй нэг ижил зүйл. Тоон гарын үсэг нь байгууллага, иргэдийн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, мэдрэл нерв, байр сав, офисын зардал гэх мэт олон зүйлийг хэмнэхээс гадна бизнес үйл явцыг хамгийн зохистой, хурдан, шуурхай болгож өгдөг.

Хар үгээр хэлбэл Мэдээллийн Технологийн дэвшлийг жинхэнэ утгаар нь эдлэх, мэдрэх боломжийг олгодог чухал суурь болдог. Монголчууд маань ач холбогдол, мөн чанарыг нь ойлгоод, ашиг тусыг нь хүртээд эхлэхээрээ “Гар утасны үйлчилгээ” авдагтайгаа нэгэн ижил ойлгож ашигладаг болно. Нийгэм нийтээрээ ойлгох, мэдэх, төр, бизнесийн байгууллагууд хэрэглээг бий болгох үйл явц хүлээгдэж байна. 

Төр, бизнес, банкны аливаа онлайн үйлчилгээнд тоон гарын үсэг зайлшгүй шаардлагатай. Тоон гарын үсэг байхгүй бол хэрэглэгч, харилцагчийг хөдөлбөргүй таньж баталгаажуулахын тулд биечилсэн олон ажиллагаа хийгдэж, хүндрэл үүсгэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний илүүдэл зардал гарч, жинхэнэ онлайн харилцаа итгэлцэл үүсэж чаддаггүй. Энэ шалтгааны улмаас дэлхийн улсуудад аль хэдийн хэрэгжчихсэн нэг дэлгэцийн онлайн үйлчилгээнүүд Монголд хэрэгжиж чадахгүй, хуучин нүүр нүүрээ харж уулзаж үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо хэвээрээ яваад байгаа юм.

Энэ шалтгааны улмаас 2011 онд цахим татварын системд тоон гарын үсгийн түр зуурын шийдэл нэвтрүүлсэн. Тэр үед хууль батлагдаагүй, үндэсний НТДБ байгуулагдаагүй байсан учир ийм түр шийдэл нэвтрүүлсэн болно. Одоо энэ шийдэл нь “Цахим Гарын Үсгийн тухай” хууль, олон улсын стандарттай нийцэхгүй болсон, цахим засгийн хэмжээнд хэрэглэх боломжгүй, эзэмшигчийг хөдөлбөргүй таньж баталгаажуулдаг гэрчилгээ олгогддоггүй учир зүй ёсоор халагдаж үндэсний НТДБ-ийн хүрээнд олгогдож буй тоон гарын үсгээр солигдож байгаа болно.

Тоон гарын үсэгтэй, нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй болсноор төр, бизнесийн бүх төрлийн үйлчилгээг онлайн горимд шилжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, төсвийн мөнгө хөрөнгө, цаг хугацааг ихээр хэмнэх, хүнд суртал, авилгалыг арилгах боломжтой болдог. Тиймээс “Цахим Гарын Үсгийн тухай” хуулийн дагуу Монгол Улсын Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтэц төлөвшин тогтож, иргэд, аж ахуйн нэгжийн ажилтнууд, төрийн албан хаагчдад тоон гарын үсэг, гэрчилгээг олгож байна.

- Тоон гарын үсэг, гэрчилгээ авахад ямар зардалтай вэ? Энэ зардал хэрхэн нөхөгддөг вэ? 

- Тоон гарын үсгийн тээгч крипто токен төхөөрөмжийг нэг л удаа авах ба үнэ нь 44,000 (НӨАТ орсон)  төгрөг байна. Цаашид энэ төхөөрөмжийг 20 хүртэл жил хэрэглэнэ.
Гэрчилгээг анх шинээр авахад 44,000 (НӨАТ орсон) төгрөг болно. Гэрчилгээг сунгахад 33,000 (НӨАТ орсон) төгрөг болно.  Одоо төр, бизнесийн үйлчилгээнд тоон гарын үсгийн шийдлүүд нэвтэрч байгаатай холбогдуулан гэрчилгээ олгох байгууллагаас 2018 оны 02-р сар хүртэл 50 хувийн хямдрал зарлаж шинэ гэрчилгээг 22000 төгрөгөөр олгож байна. Энэ боломжийг манай аж ахуйн нэгжүүд алдалгүй ашиглах байх. 

Зөвхөн төрийн байгууллагуудад гаргаж өгдөг цахим тайлан, мэдээг тоон гарын үсгээрээ баталгаажуулж цахимаар өгдөг болсноор унаа тээвэр, бензин, цаг хугацаа, цаас хор, шуудангийн зардлын хэмнэлт гэх мэтээр жил бүр 300,000 хүртэл төгрөгийн хэмнэлт гарна. Дотоод үйл ажиллагаандаа цаасгүй цахим албан хэрэг хөтлөлтөд шилжвэл үүнээс их хэмнэлт бий болно. 

Мөн найдвартай, аюулгүй харилцаа үүсдэг учир мэдээллийн аюулгүй байдлын халдлага, зөрчил, будлианаас сэргийлэх, онлайн залилангийн хохирогч болохоос сэргийлэх зэргээр их хэмжээгээр хохирох магадлал, эрсдлээ эрс бууруулдаг. 

Төрийн байгууллагуудын хувьд орон тоо эрс багасаж, их хэмжээний цаас хадгалах байр сав, шүүгээ, халаалт, агаажуулалтын зардлын хэмнэлт гарах, бизнес үйл ажиллагааны зохистой байдалд орсноор үйл ажиллагааны зардал хэмнэгдэх зэргээр төсвийн зардал ихээхэн буурдаг. 

Нийгмийн хэмжээнд их хэмжээний цаас, принтерийн хор, цаг хугацааны хэмнэлт гарч, нийгмийн баялаг нэмэгдэх, иргэндээ хандсан, хэмнэлттэй онлайн үйлчилгээнүүд бодитой хэрэгжих, нийгэм даяараа мэдээллийн технологийн хэрэглээний соёл, чадвар төлөвших, бүх төрлийн үйл ажиллагаа хурдсах, хүнд суртал, авилга багасах боломжтой болдог.

- Одоо Тоон гарын үсгийг хаана ашиглаж байна вэ? Ер нь ямар байдлаар  ашиглаж болдог вэ?

- Үндэсний тоон гарын үсэг, гэрчилгээг төр, бизнесийн бүх төрлийн онлайн үйлчилгээг авах, тайлан мэдээ гаргах, өргөдөл гомдол хүсэлт гаргах, дотоод цахим албан хэрэг хөтлөлт бий болгох, цахим банкны үйлчилгээ авах, онлайн төлбөр тооцоо хийх, аюулгүй захидал харилцаагаа зохион байгуулах гэх мэтээр маш олон байдлаар ашиглаж болно. 

Одоогоор цахим худалдан авалтын систем, цахим татварын систем, цахим нийгмийн даатгалын систем, www.ezasag.mn портал сайт зэрэг төрийн үйлчилгээ, төмөр зам, даатгалын байгууллагуудад нэвтрээд байна. Удахгүй цахим гааль, ашигт малтмал, мэргэжлийн хяналт, сангийн яамны системд нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. 

Мөн Банк, даатгал, эмнэлэг, барилгын компаниуд тоон гарын үсэг ашиглах туршилтуудаа эхэлсэн.

Тоон гарын үсэг маш олон давуу талтай учир дэлхий нийтээр цахим засаг, цахим бизнес, банкинд өргөнөөр ашигладаг. Тухайлбал систем, сүлжээнд хандагчийг хөдөлбөргүй таньж баталгаажуулах, сүлжээнд харилцан итгэлцэл үүсгэх, дотоод цахим, цаасгүй албан хэрэг хөтлөлт хэрэгжүүлэх, баримт бичиг, тайлан, өргөдөл, хүсэлт гомдол, хариу лавлагааг баталгаажуулах, биет ажиллагааг халах, онлайн гэрээ хэлцэл хийх, цахим захидал харилцаагаа хамгаалах, цахим гүйлгээ, төлбөр тооцоо хийх, Хувийн мэдээлэл, өгөгдлөө алдахаас бүрэн сэргийлэх, цахим харилцаанд эрсдэлгүй оролцох гэх мэтээр маш олон дауу байдлыг дурдаж болно.

-Ярилцсанд баярлалаа