Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааныг “Өвгөн хуурч"-д мөнхөлсөн Үржингийн Ядамсүрэн

Г.Нарантуул, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн зээ охин Я.Булганы хамт

Өнгөрсөн Даваа гарагт “Цензургүй ярилцлага"-д Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц оролцсон. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй хэмээсэн.

Б.ХУРЦ: УЛАМЖЛАН ӨВЛҮҮЛСЭН ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД 53.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОГТОХГҮЙ

Б.Хурц "Авлигатай тэмцэх газрынхан надад хэлэхдээ хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ та заавал тоо тавих ёстой. Программ нэхээд байдаг юм. Эд хөрөнгөө үнэлж ямар нэгэн тоо тавь гэсэн. Ингээд би үнэт эдлэл, урлаг түүхийн зүйлийг үнэлсэн үнийг баримжаагаар тавьсан тоо байгаа юм. Яг үнэндээ энэхүү дурдсан тооноос илүү юм байгаа. Гэхдээ энэ бол Батын Хурцын хувийн юм биш ээ. Манай эхнэрт уламжлан үлдээсэн үнэт өв байгаа юм. 

Миний эхнэр төрийн шагналт, ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүү Үржинээгийн охин. Улаан дээлтэй, орос царайтай хүн байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн гэр музейн нэг хэсэг юм. Энэ хүн алдартайгаас гадна маш хөдөлмөрч нэгэн байсан. Жишээлбэл, миний үзүүлж буй Занабазарын хийсэн шиг бурхан дөрвөн ширхэг байсан гэдэг. Сая түүний 110 жилийн үзэсгэлэн болсон. Гэр музейд тэр хүний сууж байсан сандал ширээ, ор, бурхан зэрэг нь байдаг.

Энэ хүнээс өвлөж үлдээсэн үнэт эдлэл, бүтээл манайд бий. Мөн түүний гэр музейд нэг хэсэг нь бий. Мөн миний аав “хүрлийн” цуглуулгатай байсан. Би байшин барилга барьж явахдаа аавынхаа цуглуулгад чамгүй үнэтэй зүйлсийг авч баяжуулсан. Энэхүү цуглуулгын үзэсгэлэн Солонгосын хоёр хотод гарч байсан. Энэ бүхэн Монголд байгаа нь чухал юм. Нэг хэсэг Хятад ченжүүд урагшаа нэлээн гаргасан. Мөн надад хэсэг зоосны цуглуулга ч байдаг. Нэг хэсгийг нь зарж мөнгө болгосон” хэмээн тайлбар хийсэн.

Тэгвэл тус нэвтрүүлгийн дараа төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн гэж хэн болох талаар хүмүүс сонирхож эхэлсэн.

 

“Өвгөн хуурч" хэмээх морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй монгол хүн үгүй. Энэхүү зургийг бүтээсэн зураач бол нэгэн үе Монголын уран зургийн салбарт од болон гялалзаж явсан Төрийн шагналт, ардын зураач У.Ядамсүрэн билээ. Зураач уг бүтээлийнхээ өвгөн хуурчаар Чингис хааны дүрийг төлөөлүүлэн зурсан байж болох талаарх судалгаа байдаг байна.

Хоёр өөр хүний дүр ч гэлээ Ядамсүрэн зураачийн өмнө нь зурсан Чингис хаантай өвгөн хуурчийн нүүрний ерөнхий харьцаа, төрх, хамар, хацрын хэлбэр, сахал, хөмсөг нь адил төсөөтэй байдаг гэнэ. Энэ нь нэгэн хүний дүрийг хоёр өөр ааш араншин, намба төрхтэйгөөр зурсан мэт санагдуулдаг байна. "Эндээс дүгнэхэд зураач Ү.Ядамсүрэн гуай “Өвгөн хуурч"-ийн дүрийг бүтээхдээ тухайн үед зурах нь битгий хэл нэрийг дуудахаас эмээдэг байсан их эзэн Чингис хааны дүрийг төлөөлүүлэн зурсан байхыг үгүйсгэх аргагүй юм" хэмээн урлаг судлаач О.Доржготов бичсэн байдаг.

Түүнийг онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан зураач байсан гэдгийг мэдэх хүн цөөнгүй болов уу.Тэрбээр Дорнод аймгийн Түмэндэлгэр суманд Үржингийн том хүү болон мэндэлжээ. Түүнийг 13 настай байхад эцэг нь өөд болж багаасаа хар бор ажил хийж өрх толгойлох болсон гэдэг. Аав Үржин нь мал маллан аж төрөхийн зэрэгцээ ардын урлагт авьяаслаг нэгэн байжээ. Мөн түүний авга ах Чойдаш алдартай сийлбэрч хүн байсан аж.

Тэрбээр авга ахынхаа бурхан зурах, номын бар сийлэхийг нь олонтоо харж будаг шунх бийрийг нь хийх зэргээр үндэсний уламжлалт уран зургийн техник ажиллагаатай танилцаж авдар сав будах, оймсны хараа, хээ угалз зурах, гэрийн мод будах, хээ тавих зэргээр ардын урлагтай амьдралаа холбожээ. Ийнхүү Цагаан хошууны хийдэд шавилан сууж шаггүй эрдэм номтой хэмээн тоогдож 1930-аад оны эхээр Улсын хэвлэх үйлдвэрт латин үсэг өрөгчөөр ажиллаж Марзан Шарав, Б.Соёлтой нартай дотносож, Судар бичгийн хүрээлэнд Газар зүйн кабинетын эрхлэгчээр ажиллаж байжээ. Ийнхүү хээрийн хайгуул судалгааны ажилд явж, Москва хотноо Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд очиж суралцсан анхны монгол зураачийн нэг болж явсан зэрэг баялаг түүх намтартай нэгэн.

Мөн “Цогт тайж" киноны зураачаар ажиллан, түүх хувьсгал, аж байдал, байгалийн олон төрлөөр ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон олон бүтээл туурвисан урлаг судлаач, угсаатны зүй судлаач, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Түүнчлэн “Чойжи Одсэр”, “Парчин Туульч", “Аюуш гүүш”, "Занабазар", “Инжинааш” зэрэг эрдэмтэн мэргэдийн хөрөг болон “Дуучин М.Дугаржав”, “Хуурч Ө.Лувсан", “Сүхбаатар”, “Хатанбаатар", “Хичээнгүй сайд Б.Цэрэндорж” зэрэг олон түүхэн хүний хөрөг зургийг бүтээсэн нь манай дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт хадгалагдан буй. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч" бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимж байсан.

Холч ухаантай энэ хүн амьд сэрүүн ахуйдаа гэр музейгээ байгуулсан гэдэг бөгөөд тэндээ хуучны эд эдлэл, угсаатны зүйн холбогдолтой эд агуурс цуглуулан судалж шинжилж бүтээлээ туурвидаг байсан аж. 1956 онд “Монгол ардын гар урлал”, 1967 онд “БНМАУ-ын ардын хувцас” зэрэг ном бичсэн нь монгол ардын зан үйл, угсаатны түүхийг сонирхдог. судлаач гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн ширээний ном болсон билээ. Хожим гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран “Хаант Монгол Улсын Их Хүрээ Цам”, “U.Yadamsuren” зэрэг номыг нь эмхэтгэн хэвлүүлж уншигч олон, урлагт элэгтэй хүмүүсийн номын өргөөнд залсан.

"Дүрслэх урлагийн нэрт мастер Ү.Ядамсүрэнгийн бүтээл нь өнгийн зохицол, эрэмбэ, түүний баяжилт, хөгжилт, зураасны уран бичлэг, угсаатны зүйн үнэмшил, Монголын болон сонгодог зургийн туршлагыг удамшуулан амьдруулж, уламжлан хөгжүүлснээрээ онцгой юм" хэмээн урлаг судлаач С.Лувсанвандан гуай дүгнэн бичсэн байдаг.

Монгол улсын ардын зураач, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэн гуай өвөг эцэг Үржингийнхээ алдрыг бага зэрэг өөрчлөн Үржинээ болгож хүүдээ нэр хайрласан тухай хууч яриа байдаг. Түүний хүү Я.Үржинээ нь төрийн шагналт, зураач. Тэрбээр Зайсан толгойн Орос цэргүүдэд зориулсан хөшөөний зураг болон Гадаад хэргийн яамны хүндэтгэлийн шатан дээрх Чингисийн шигтгэмэл хөрөг, хуучин Лениний музейн гадна, дотор чимэглэлүүдийг хийсэн.

1966 онд Олон улсын хүүхдийн өдөрт зориулан “Манай  жаргалант ирээдүй" нэртэй 1 долоон төрөл бүхий цуврал марк гаргасан бөгөөд хүүхдийн сэдэвтэй марк дотроос өнгө будаг, ур хийцээрээ эрс ялгарах эл маркийг төрийн шагналт зураач Я.Үржинээ зурсан юм. Хожим түүний энэ бүтээлийг төрөл бүрийн этикетик чимэглэлд мөн ч олон удаа ашигласан. Мөн 1965 онд үзэгчдийн хүртээл болсон “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар Я.Үржинээ гуай ажилласан бөгөөд уг киноны гол дүр Дүвчинмижид зайран, Боролдой, Долдой нарын дүр төрхийг тун донжтой дүрсэлсэн байдаг. XX зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч, 40 жилийн турш дэлгэцээс буулгүй үзэгчдийн хүртээл болсоор байгаа уг киноны амжилтад зураач Я.Үржинээгийн оруулсан хувь нэмэр их бий.

БИ МОНГОЛ ХҮНИЙГ ӨВӨӨГӨӨРӨӨ төсөөлдөг

Түүний зээ охин Я.Булган өвөө, эмээгийнхээ гэрт өсөж торнисон учраас өвөөгөөрөө овоглож, тэднийгээ аав, ээж хэмээн дууддаг байж. Өвөөгийн хайртай зээ охин өдгөө зууны түүхтэй агуу уран бүтээлчдийн үйл хэргийг үргэлжлүүлэн Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлагийн “Анима’’ сургууль байгуулан ажиллаж байна. Дүрслэх урлагийн “Анима” сургууль хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүүхдүүд болон онцгой авьяастай оюутнуудыг төлбөргүй сургадаг нь нэлээн онцлогтой.

Тэрбээр "Би цэвэр Монгол цустай хүн биш. Гэхдээ манай өвөө Ү.Ядамсүрэн цэвэр халх хүн. Би товчхондоо космополитик хүн. Монголоо гэсэн сэтгэл надад дүүрэн бий. Гандан бол миний хамгийн эрхэм орчин. Намайг бага байхад өвөө маань Гандан маш гоё шашны газар, энд гоё гар урлалын газар байгуулах юмсан гэж чихэнд хоногштол ярьдаг байсан. Тэгээд би хожим энд сургуулиа байгуулсан. Улаанбаатарт байгаа хамгийн гоё орчин бол гэр хороолол. Яагаад гэвэл би лав өнөөдрийн шилэн барилгыг огт хүлээж авдаггүй.

Бүр эсэргүү байдаг. Хамгийн гоё юм бол монгол гэр. Тэгэхдээ би монгол гэртээ л амьдарцгаа гэж байгаа юм биш. Харин монгол гэрээ хайрлаасай л гэж хүсдэг. Зураач хүн гэр хорооллоос маш ихийг авдаг. Мэдээж миний сэтгэлийг энэ их хог новш зовоодог л доо. Хэзээ Монгол хүн угаадсаа газар асгаж байсан юм, хэзээ байгаль орчноо бохирдуулж байсан юм. Яг шог зураг шиг санагдах үе бий. Би Монгол хүнийг өвөөгөөрөө төсөөлдөг.

Ямар гоё хувцаслаж ямар гоё юм ярьж, яаж тийм эрхэмсэг тансаг амьдарч байсан юм. Түүх соёлоо ямар сайн мэддэг байсан юм. Энэ бол жинхэнэ Монгол хүн. Ямар сайндаа манай хөгшин ээж монгол хүн биш ч гэлээ тэгтлээ монголжоод зээгт наамлыг Монголд хөгжүүлэх вэ дээ” хэмээн ярьсан.

Түүнийг өвөө нь хэзээ ч зураач битгий болоорой гэж хэлж байгаагүй. Мөн зураач болгоно гэдэг яриа ч өрнөж байгаагүй аж. Зураач Я.Булган нэгэн ярилцлагадаа “Би багаасаа ямар ч дарамт шахалтгүй л өссөн. Хичээлээ хий, сайн сур гэдэг яриа ерөөсөө манай гэр бүлд байгаагүй. Сурдаг юмаа сураад л, авдаг юмаа аваад л өссөн. Гэхдээ гэр бүлийн орчин надад их том сургууль болсон. Ядамсүрэнгийн гэр бүлд өссөнөөрөө би их азтай хүн. Энэ бол бурхнаас заяасан бэлэг.

Манай хөгшин ээж, өвөө хоёр бол маш мундаг хүмүүс байсан. Хэзээ ч би өлсөж, уранхай хувцастай явж юмаар дутаж үзээгүй. Манай гэрт дандаа сонгодог ном судар байсан. Соёл гэдэг орчин бүрэн утгаараа намайг хүрээлж байсан болохоор би элит гэр бүлд өссөн гэж ярьж байгаа юм. Өвөө маань намайг зураач бол гэж байгаагүй ч өсгөсөн орчноороо зураач болоход дөхүүлсэн” хэмээн дурссан.

Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн нь манай орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцаж байсан цөөхөн ахмад уран бүтээлчдийн нэг. Түүний “Өвгөн хуурч”, “Өрх гэрийн эзэн”, “Үхэр сүрэг", “Нөхөрлөл”, “Зоригт хүмүүс” гэх зэрэг олон сайхан бүтээлүүд үзэгч, уран зураг сонирхогч, урлаг судлаачдын оюуны мэлмийг гэрэлтүүлсээр байдаг юм.

Зураг