Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

АЗ ЖАРГАЛЫН “ШИНЭ” ХЭМЖҮҮР

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эх дэлхийн нөөц баялаг хязгаартай боловч хүний хүсэл шунал, хэрэглээ хязгааргүй билээ. Эд зүйлс олон, их байх тусам баян чинээлэг, сайхан амьдрал бий болдог гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүн төрөлхтөн олон зууныг үдсэн. Одоо ч энэ хэв маяг үргэлжилсээр байна. Хязгааргүй энэ хүсэл шуналыг хангахын тулд үйлдвэрлэгчид тоо хэмжээ, борлуулалтаа нэмэгдүүлэхийн төлөө уралдаж ирсэн. Борлуулалт нэмэгдэх нь бүтээгдэхүүний чанараас гадна маркетингийнхны уран заль мэх, худалдан авагчийн сэтгэл зүйн иррациональ байдлаас хамааралтай болох нь нэгэнт тодорхой болжээ. Үүний үр дүнд бараа бүтээгдэхүүний үнэд брэндийн зардал асар ихээр шингэх болсон юм. Ингэлээ гээд ч бидний сэтгэл ханасангүй. Нийгмээс үүдэлтэй стресс, сэтгэл гутрал ихэссээр. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар сэтгэл гутрах эмгэг 18 хувиар өссөн, бөгөөд энэ нь хүн амын өсөлтөөс гадна эдийн засгийн асуудлуудтай холбоотой хэмээн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У нэгэн илтгэлдээ дурдаж байв. 

Гэхдээ оюун санааны тэргүүлэгчид эд материалаар хэт их хөөцөлдөх нь хүний цаг хугацаа, амьдралын чанарт сөрөг нөлөөтэй болохыг түрүүлж мэдэрч илүү минималист хэв маягийг эрхэмлэх болсон юм. Ялангуяа хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улсад минималист хэв маяг хүчтэй дэлгэрсэн байдаг. Мөн технологийн томчууд болох Стив Жобс, Марк Зукерберг, Сергей Брин нар минималистууд юм. Стив Жобс Apple-ийг үүсгэн байгуулах санаагаа ч анх японы зэн буддист ламаас авсан гэдэг. Apple-ийн бүтээгдэхүүний минималист дизайн хэрэглэгчдийн сэтгэлийг хамгийн их татдаг билээ. Одоо энэ компанийн үнэлгээ 800 тэрбум ам.долларыг давсан бөгөөд S&P 500 индексийг бүрдүүлж байгаа $21.7 их наядын зах зээлийн 4 хувийг дангаараа эзэлж байна. Япончуудын минималист сэтгэхүй үйлдвэрлэлд ч хүчтэй нөлөөлж бараа бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийд тэргүүлдэг болжээ. Япон улсын ДНБ 2017 оны байдлаар 4.8 их наяд ам.доллар байна. Үүний 30 орчим хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг.  

Тэгвэл минималист буюу илүү тав тухтай, сэтгэл санаа, оюун ухаанд дарамтгүй амьдралыг хэрхэн бий болгох вэ. Энэ асуултын хариуг мөн л Япон эмэгтэй тодорхойлжээ. Монголчуудад эчнээ танил болсон “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт” ид шид номын зохиолч Мари Кондо орчин тойрноо эмхэлж цэгцэлснээр хүний бодол, сэтгэлгээ, амьдрал тэр чигтээ эмх цэгцтэй болдгийг уншигчиддаа мэдрүүлсэн юм. Энэ талаар номын орчуулагч Л.Саруултөгс “Эд зүйлээ цэгцэлж байх явцдаа хүн сэтгэл зүрхээ маш сайн сонсож, дотоод бодол санаагаа хүртэл цэгцэлж чаддаг юм. Бодол цэгцтэй болсны дараа хийх зүйл маш тодорхой болно. Миний хувьд хоорондоо төсөөгүй олон ажил хийдэг. Ийм тохиолдолд бүх ажлаа нарийн төлөвлөж, амжилттай хийх зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Мөн эд зүйлсээ эмхэлж цэгцэлж байх явцдаа өөрийн багаасаа хүсэж мөрөөдөж байдаг зүйлээ эргэн санаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг ахин хүсэж эхэлсэн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. 

 

Цэгцтэй орчин бүрдүүлэх аргыг энгийнээр тайлбарлавал чухал хэрэгтэй, чанартай зүйлсийг гэртээ байлгах. Чанаргүй олон зүйлийг дэлгүүрийн хямдралаас худалдаж авахын оронд чанартай ганцхан бүтээгдэхүүнийг тохирсон үнээр нь худалдаж авах юм. Япон гэдэг нэрийн ард ЧАНАР гэх үг дагалддаг нь ийм учиртай. Тэд хэрэггүй олон зүйл үйлдвэрлэж, хэрэглэхээр “баян” хүмүүс биш.

Үүнийг илүү сайн ойлгохын тулд дэлхийд чанараараа танигдсан япон бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг их дэлгүүр Монголд нээгдсэнийг орж сонирхлоо. Polaris дэлгүүрийн үүдээр ормогц хамгийн түрүүнд цэлийсэн орон зай мэдрэгдэнэ. Монголын дэлгүүр, худалдааны төвүүдэд ороход нүд эрээлжлэм олон бараа сэлт харагдах боловч тэндээс хүссэн зүйлээ авч чадахгүй гарч ирэх тохиолдол их байдаг. Авлаа гэхэд хэсэг хугацааны дараа худалдан авалтдаа сэтгэл хангалуун бус болчихно. Тэгвэл япон хэв маягтай энэ мэт дэлгүүрүүдээр ормогц хүн эрж буй зүйлээ хялбар олохоос гадна цаг хугацаа өнгөрөх тусам худалдан авагчдын сэтгэл ханамж нэмэгддэг тухай тус дэлгүүрийн ажилтнууд хэлж байв. Японы тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд яг л ийм шийдэлтэй байдаг тухай арлын оронд амьдарч байсан хүмүүс онцолдог юм. 

Дэлгүүрийн зохион байгуулалтаас гадна япон бараа бүтээгдэхүүнүүдэд байдаг өөр нэг минималист шинж чанар бол сав баглаа боодлын зардлыг хэмнэсэн “запас” бүтээгдэхүүнүүд. Тухайлбал та савтай угаалгын бодис авсан байлаа гэхэд дууссаных нь дараа савыг нь дахин ашиглаж, запас угаалгын шингэнээ бараг 30 хувь хямд үнэтэй авах боломжтой байдаг. 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумын үеэр "50 жилд хуванцар савны хэрэглээ 20 дахин өссөн бөгөөд дараагийн таван жилд мөн хоёр дахин өсөх төлөвтэй байна. Энэ нь жилдээ дэлхийн эдийн засгаас 120 тэрбум ам долларын зардал болж гардаг. Үйлдвэрлэгдэж буй хуванцар савны ердөө 14 хувь нь дахин боловсруулагдаж байна" гэсэн судалгааг танилцуулж байв. Япон бүтээгдэхүүнүүдийн энэ шинж чанарыг ашиглах нь байгаль орчныг бохирдуулагч пластик хог хаягдлын эрэлтийг багасгахаас гадна, хувь хүн, өрх гэр хэрэглээний зардлаа бууруулах гарц гэж харагдлаа. 

Жишээ: Доорх бүтээгдэхүүний запас нь 30 хувиар хямдхан байна

 

Орчин тойрондоо минималист, цэгцтэй орчин бүрдүүлэхээс гадна оюун санаагаа цэгцлэх нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг талаар дээр дурдсан. Энэ арга барууны орнуудад ч хүчтэй дэлгэрч эхэлжээ. Тухайлбал АНУ-ын зохиолч М.Мэнсоны “Тоомжиргүй амьдрах урлаг буюу Сайхан амьдрал хүрэх эсрэг зам” ном Монголд бестселлер болоод байгаа. Номын гол утга санаа нь хүн өөрт юу үнэ цэнэтэй болохыг тодорхойлд түүндээ анхаарлаа бүрэн дүүрэн хандуулснаар аз жаргалд хүрэх тухай юм. Бидний оюун санаанд яг л гэрт хөглөрөх эд зүйлс шиг хэрэггүй бодол, санаа зовнилууд их оршдог байна. Энэ нь амьдралдаа юуг чухлаар авч үзэх ёстойг мартуулж, ойр дотны, хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлдөг ажээ. 

Манай улс дэлхийн хамгийн их стресстэй орнуудын тоонд оржээ. Бид цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай ч нийслэлдээ тун эмх цэгцгүй, сэтгэл ханамжгүй амьдарч байна. “Аливаа асуудлыг мөнгөөр шийдэж болж байвал тэр нь асуудал биш зардал” гэсэн еврей үг бий. Бид өдөр тутмын амьдралдаа тулгамдаж буй асуудлыг хэн нэгэн шийдвэрлэхийг хүлээх биш өөрсдөө амьдралын хэв маягаа өөрчилж туулах боломжтой юм. 

Тиймээс дээр дурдсан аз жаргалын “шинэ” хэмжүүр болох чанартай, ухаалаг амьдралыг бий болгох алхмуудыг хийж эхлээрэй.