Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Хунан: ШШҮХ-гийнхэн хуулийн хүрээнд таван настай охинд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломжтой байсан

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Хуульч, судлаач Ж.Хунантай ярилцлаа.

-Таван настай хүүхдийг хойд эцэг нь хүчирхийлэхийг завдсанаас гадна 13-хан настай охин бусдад хүчирхийлүүлж нас барсан гээд нийгмийг түгшээсэн хэрэг гарлаа. Таван настай охиныг төлбөрөө төлөөгүй гэж ШШҮХ-гээс шинжилгээ хийхээс татгалзсан байсан. Хуулийн дагуу бага насны хүүхдэд ШШҮХ-гээс үнэ төлбөргүй шинжилгээ хийх үнэхээр боломжгүй юм уу?

-Сэтгэл өвдөж, зүрх шархирмаар хэрэг гарч байгаад их харамсаж байна. Бүх нийтээрээ, өргөн хүрээнд арга хэмжээ авч хүүхэд багачуудаа хамгаалах цогц механизм яаралтай байгуулах хэрэгтэй. Хэдийгээр Эрүүгийн хуулийг шинэчилж, Г эр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинээр баталж хүчирхийллийг таслан зогсоох эрх зүйн орчныг сайжруулсан ч хууль хэрэгжих, хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нь хангалттай бий болгоогүй мэт санагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийг таниулах, сурталчлах, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, бэлтгэгдсэн байдал зэрэг муу байна. Таван настай хүүхдийг шүүх эмнэлэг үзлэг хийхээс татгалзсан нь үүний тод жишээ.

Дотоод дүрэм журам нь байдаггүй байж болно. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээ үзүүлж болох байсан гэж харагддаг.

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 33.1.1-д аюулгүй байдлын хамгаалалт, 33.1.2-т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан бол 33.2-т “Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран үзүүлэх, үйлчилгээний талаарх мэдээллийг солилцох үүрэгтэй” гэсэн байдаг. Түүнчлэн 33 5-т “Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ” гээд маш тодорхой заасан байна.

Эндээс үзвэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмч нар хохирогчид үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй болж таарч байна. Жаахан сэтгэл дутсан юм болов уу гэж харсан.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нартай хуулийн дагуу ямар хариуцлага тооцох боломжтой вэ?

-Хууль зөрчсөн тохиолдолд дээрх хуулийн 46 дугаар зүйлд ямар хариуцлага хүлээлгэхийг заасан байгаа.

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг олноор гарах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх ажлын хэсэг байгуулсан. Монголд цаазын ял хэрэгтэй юү. Эсвэл одоо байгаа хуулиа илүү боловсронгуй болгож, хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой юм болов уу?

-Ажлын хэсэг байгуулах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Ажлын хэсэг байгуулснаар цаазаар авах ял сэргэсэн гэсэн үг биш. Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д л бий. Хүний ёсноос гаж үйлдэл хийдэг этгээдийг шийтгэх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэчилсэн Эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээ бол бүх насаар нь хорих байгаа.

Нэг зүйл хэлэхэд Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн ороод соёрхон баталсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Монгол Улс цаазын ялгүй болсон, цаашид ч цаазын ялыг сэргээхгүй гэсэн үг. Өмнөх Эрүүгийн хуулиар бага насны хүүхэд хүчиндсэн бол цаазаар авах ял оноох байсан.

Цаазын ял байх ёстой, байх ёсгүй гэсэн маргаан өнөөдрийг хүртэл байдаг нь үнэн. Тэгэхдээ цаазын ялыг нэвтрүүлснээр бага насны гэлтгүй хүчингийн хэрэг багасна гэсэн баталгааг хэн гаргаж өгөх юм бэ. Хэн ч гаргахгүй, гаргах ч боломжгүй. Монгол Улс цаазаар авах ялыг сэргээх юм бол олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн болно. Олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ зөрчвөл сөрөг үр дагаврыг төсөөлшгүй.

Жилд ганц нэг эрүүл бус, цаазалсан ч цаазлаагүй ч ялгаагүй амьтныг цааш нь харуулж гурван сая гаруй иргэнээ хохирох уу эсвэл ганц нэг амьтныг торны цаана аюулгүй байлгаад дэлхийн төвшинд улс, үндэсний аюулгүй байдал, иргэдээ хамгаалах уу гэдэг бодох л асуудал. Хэн нэгнийг цаазлахыг хараад таашаал авдаг байсан бүдүүлэг үе өнгөрчихсөн. Үүнээс гадна эрдэмтэн, судлаачид цаазаар авах ялыг байлгаснаар гэмт хэрэг, ялангуяа онц ноцтой гэмт хэрэг буурдаггүйг тогтоосон.

Цаазаар авах ял байснаар гэм зэмгүй хүний амийг хороох эрсдэл өндөр. Төр нь хилсээр эсвэл андуурч хүний амь хороох нь соёлт ертөнцөд байж боломгүй зүйл. Нөгөө талаасаа нүгэл хийсэн гэмт хэрэгтнийг цаазлахын оронд бүх насаар нь хорьж, ажил хийлгэж, цалингаар нь хохирогчид бага боловч туслах хэрэгтэй.

-Эрүүгийн тухай хуульд хүчингийн хэргийн хохирогчийн хохирлыг мөнгөн дүнд шилжүүлж нөхөн төлнө гэж заасан ч яг хэрэгжүүлэх субъект нь тодорхойгүй гэж зарим хуульчид үздэг. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Хүчингийн гэмт хэргийн шууд хохирлын хэмжээг тодорхойлоход их хэцүү. Ялангуяа бага насны хохирогчдын хувьд юугаар ч үнэлшгүй зүйл гэж боддог. Тэр бяцхан амьтны нэр төр, эрхэмсэг оршихуйг үнэлэхэд миний ухаан лав хүрэхгүй. Хүчингийн гэмт хэргийн хохирогч үхэн үхтэлээ сэтгэлдээ хар толботой явдаг. Хэрэв элдэв өвчин халдаасан, өөр үр дагавар үүсвэл бүр хэцүү. Тэр аймшигт явдлыг бодох тутам эд эс нь үхэж, сэтгэл санаа нь хямардаг.

Мэдээж эхний ээлжид үзлэг, эмчилгээнээс эхлээд зардал гарна. Дараа нь тэр аймшигт явдлыг мартах хүртлээ сэтгэл заслын эмчилгээ, арчилгаа хийлгэх гээд сэтгэл санааны болон эд хөрөнгөөрөө хохирдог. Хуучин Эрүүгийн хуульд хохирлын талаар ямар ч зохицуулалт байгаагүй. Гэмт этгээд сайн дураараа хохирлыг барагдуулаагүй бол Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжилдэг байсан.

Харин шинэ Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон бөгөөд 2.5.5-т “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан. Эндээс шүүх бодит хохирол болон хор уршгийг арилгахад гарах зардлыг тогтоож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэж ойлгогдож байгаа.

Хэрвээ гэмт этгээд хохирол барагдуулах боломжгүй бол яах вэ. ШШҮХ-д болсон төлбөр нэхэх үү, эсвэл улс даяар нэр усыг нь зарлаад, энэ тэндээс лавлагаа, тодорхойлолт авч үйлчилгээ авах уу. Хүчингийн хэргийн хохирогчийн нэг онцлог бий. Энэ нь өөрт тохиолдсон зүйлийг олонд хүн мэдэх тусам улам зожиг, эмзэг болдог. Бага насны хүүхдийн хувьд том болох тусам юу тохиолдсоныг ойлгож, сэтгэл санааны гутралд ордог.

Энэ нь цаашлаад хохирогч амиа хорлох нөхцөлийг бий болгох эрсдэлтэй. Тэгэхээр үйлчилгээний байгууллагууд хүчиндэх гэмт хэргийн хохирогчид үйлчилгээг нууцын зэрэглэлтэй, яаралтай үзүүлэх нь чухал. Хэрвээ хохирогч, түүний ар гэр эсвэл гэмт этгээд гаргаагүй, гаргах боломжгүй бол төрөөс хариуцаж үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байгууллага дараа нь гарсан бүх зардлаа гэмт этгээдээс эсвэл төрөөс гаргуулаад авах зохицуулалт хийвэл боломжтой мэт санагддаг.

Өнөөгийн нийтлэг дур зураг бол тухайн нэг иргэн гэмт хэргийн хохирогч болсон атлаа хэргийг мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлэхтэй холбоотой захиргаа, үйлчилгээний элдэв хураамж, шимтгэлийг өөрөөсөө гаргах ёстой болдог. Гэмт этгээд төлбөрийн чадваргүй бол давхар мөнгөөрөө хохирч үлддэг буруу тогтолцоо байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

-Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгтэй нийгэм, хувь хүн яаж тэмцэх ёстой юм бэ?

-Ер нь аливаа гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн шилдэг арга нь урьдчилан сэргийлэх. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бий. Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтцэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба ажиллаж байгаа. 2012 онд энэ албыг байхгүй болгоод 2016 оноос сэргээсэн. Сэргээгээд удаагүй ч энэ алба их ажлыг нугалсан.

Дан ганц энэ алба урьдчилан сэргийлэх ажлыг хариуцна гэвэл өрөөсгөл ойлголт. Бага насны хүүхэд, тэр дундаа төрөл садангаа хүчиндэх нь сэтгэцийн хувьд эрүүл биш хүний л хийх хэрэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүн бүр хийх ёстой. Ялангуяа хорооны нийгмийн ажилтнууд эцэг, эх, ах дүү нартай нь сайн тулж ажиллах мөн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх зэргээр идэвхтэй байх хэрэгтэй.

Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг гарах нөхцөл нь эцэг, эх нь ажил ихтэй байх, оройтох, хүүхдээ хараа хяналтгүй үлдээх, эсвэл эцэг, эх нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хүүхэд амьдардаг газар нь алс бөглүү газар байрладаг гэх мэт. Ийм нөхцөлд амьдардаг хүүхдийн болон орчны судалгааг хийх, ойр орчим нь сэтгэцийн эсвэл өөр байдлаар аль нэг байгууллагад бүртгэлтэй этгээд оршин суудаг эсэх талаар тандалт явуулах хэрэгтэй.

Ерөөсөө хүүхдээ хараа хяналтгүй үлдэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал энэ төрлийн гэмт хэрэг багасах магадлалтай. Гэмт хэрэгтэнд боломж олгохгүй гэсэн санаа шүү дээ. Дээхэн үед зурагтаар Баянзүрх дүүрэгт нэн ядуу айлын хүүхдийн асуудлаар хорооны нийгмийн ажилтнаас сэтгүүлч “Та ямар арга хэмжээ авсан бэ” гэж асуухад ‘Би арга хэмжээ авсан. Цахим хуудсанд зар тавьсан” гэж хэлэхийг сонсоод их харамссан.

Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн шинэ, цогц бодлого хэрэгтэй болсныг бид ойлгох хэрэгтэй. Эцэг, эх нь боломжгүй бол төр ирээдүй хойч үе, хүүхдүүдээ хамгаалах үүрэгтэй. Уг нь хууль тогтоомж нь гайгүй боломжийн боловсруулагдсан ч хэрэгжүүлэх шатанд зарим нэг албан тушаалтны хандлага, сэтгэлгээнээс болж үр дүнгээ өгөхгүй байх шиг байна.

Зураг