Оросын нутаг дэвсгэрт оршдог манай гарагийн хамгийн том цэнгэг устай нуур болох Байгалын эко систем сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтож байна.
ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн шингэн төлөвт байгаа цэнгэг усны нөөцийн 20 хувийг агуулдаг нуурт 3,600 орчим амьтан, ургамлын төрөл зүйл байдгаас ихэнх нь зөвхөн энэ нууранд оршдог юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд Байгал нуурын билэгдэл болсон омуль загасны тоо толгой эрчимтэй цөөрч, өмнө нь үзэгддэггүй байсан замаг үржих болсон байна. Эрдэмтэд загасны тоо толгой цөөрч байгаагийн учрыг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
ОХУ-ын засгийн газар энэ сараас эхлэн арилжааны зорилгоор омуль загас агнахыг хориглосон шийдвэр гаргажээ. Зөвхөн Байгал нууранд амьдардаг омуль нь хулд загасны төрөлд багтдаг зүйл юм байна.
Судлаачдын өгүүлж байгаагаар Байгалын омуль загасны биомасс сүүлийн 15 жилийн дотор 25 сая тонноос 10 сая тонн болж буурчээ.
Устах болсон шалтгааныг их хэмжээгээр агнаж байгаагаас гадна цаг уурын өөрчлөлттөй холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Усны температур нэмэгдэж байгаа нь омулийн амьдрах орчныг үгүй хийж байгаа гэж таамаглажээ.
Өөр нэг асуудал нь эрчимтэй нэмэгдэх болсон замаг юм. Үүнийг эрдэмтэд Байгал нуур хүний үүсгэсэн бохирдлыг шингээж, цэвэрлэж чадахгүй болж эхэлсний шинж тэмдэг гэж үзэж байна.
Нууранд өмнө нь огт байгаагүй замаг бий болсон нь бохирдолтой холбоотой гэдэгт 150 хувь итгэлтэй байгаагаа Оросын Шинжлэх Ухааны Академийн Эрхүү дэхь Цэвэр ус судлалын хүрээлэнгийн биологич Олег Тимошкин ярьжээ.
15 жилийн өмнө нуурын эргийн оршин суугчид өдөрт хоёр цаг л цахилгаан хэрэглэх хязгаартай байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөнөөр тосгоны эзэгтэй бүр угаалгын машин ажиллуулж, химийн бодистой бохироо хөрсөнд асгадаг болсонтой холбоотой гэж тэр дүгнэж байна.
Мөн сүүлийн үед Байгал нуурыг үзэхээр ирдэг жуулчдын тоо эрчимтэй нэмэгдсэн байна. Тухайлбал виз олголтыг хөнгөвчилснөөр Хятадаас ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн гэнэ.
ОХУ 1999 онд Байгал нуурыг хамгаалах хууль гаргаж байжээ. Мөн 2012 онд эхэлсэн нуурын усыг цэвэрлэх арга хэмжээнд 26 тэрбум рубль ($452 сая) зарцуулсан ч үр дүн гараагүй гэж судлаачид үздэг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!