Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Британичууд “болдоггүй” сайдаа Монгол руу явуулахыг хүсэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Британий засгийн газрын сайд нараас гадаад хэргийн сайд Борис Жонсоныг тойрсон хэл ам тасрахгүй байгаа. Тэрээр Европын Холбооноос Британийг гаргах хөдөлгөөнийг анх удирдаж байсан бөгөөд өнөөдрийн ерөнхий сайд Тереза Мэйн нэр хүндийг хамгийн их сэвтүүлж байгаа хүнд тооцогдож байна.

Саяхан тэр консерватив намын хурал дээр үг хэлэхдээ Ливи улс гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд цогцоснуудаа цэвэрлэх хэрэгтэй гэж хэлсэн нь хоёр улсын хооронд маргаан дэгдээгээд байгаа.

Тиймээс засгийн газраа авч үлдэхийн тулд Тереза Мэй сайд нарынхаа дотор халаа сэлгээ хийж болзошгүй болоод байна. Тэгвэл консерватив намын ахмад улс төрч, засгийн газарт сайд асан лорд Майкл Хесэлтин өчигдөр буюу Ням гарагт Sky News сувагт Борис Жонсоныг шүүмжилсэн ярилцлага өгчээ.

Хөтлөгч түүнээс “Хэрвээ та Тереза Мэйн оронд байгаад танхимдаа сэлгээ хийсэн бол Борис Жонсоныг ямар албан тушаалд тавих вэ?” гэж асуусан байна.

Ингэхэд Хесэлтин хэсэг бодсоноо “Монгол ч юм уу, нэг тийм газарт явуулах байсан” гэж хариулжээ.

Ахмад улс төрч Монголыг ертөнцийн мухар, алс зэлүүд газар гэдэг утгаар нь Жонсоныг цөлөх, холдуулах тухай хэлэв үү, эсвэл хууль дүрэм хэрэгждэггүй, Жонсонд таарсан замбараагүй газар гэдэг утгаар нь хэлэв үү гэдэг тодорхойгүй байна.

Эх сурвалж: Sky News