Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

О.Одбаяр: Борлуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Д.Оюун
2017 оны 9 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

"Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс Монгол” компани тогтоогдсон нөөцийг ашиглахад илүүтэй анхаарч байгаа тухай ярьж байсан. Энэ талаар тодруулна уу?

-“Эрдэнэс Монгол” компанийн охин болон бүрэлдэхүүн компаниудыг тойрсон бүлэг ордуудыг авч үзвэл, хоёр тэрбум орчим урьдчилсан нөөцийн тооцооллыг геологи хайгуулынхан гаргасан байдаг. Тиймээс үүнийг ашиглах тал дээр манай компани Англи болон Хятадын аж ахуйн нэгжүүдтэй төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан тооцоо судалгаа хийж байна. Мэдээж томоохон шийдлүүд гарах ёстой.

Жишээлбэл, Шивээ овоо дээр жилд 21 сая тонныг үйлдвэрлэхийн тулд хөрөнгө оруулагчид лицензийн тодорхой хувийг эзэмших шаардлага бий болно. Учир нь томоохон бүтээн байгуулалтыг хийхийн тулд хөрөнгө оруулагчид дээрх саналыг тавьдаг юм Тиймээс эрх зүйн орчныг эргэж харах хэрэгтэй.

-Тухайлбал?

-Стратегийн ач холбогдолтой ордын тодорхой хувийг эзэмших тухай асуудлыг УИХ-аар шийдвэрлэх учиртай. Мөн хөрөнгө оруулагчид хөрөнгөө урт хугацаанд хамгаалах талд илүү анхаарч байгаа учраас харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй Энэ нь зах зээлийн зарчмаар хоёр тал ашигтай ажиллахыг эрмэлзэнэ гэсэн үг.

Нөгөө талаас гаднын хөрөнгө оруулалтыг татсанаар Монгол Улсад ямар ашигтай вэ гэдгийг түлхүү бодохоос илүүтэй нөгөө талынхаа нөхцөл байдлыг ч мөн бодох ёстой юм. Тиймээс хууль эрх зүйн болон бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй.

Түүнээс гадна гаднын хөрөнгө оруулагчдад хандах хандлагаа өөрчлөх нь зүйтэй гэж бодож байна. Жишээлбэл, гаднын улс орнууд хөрөнгө оруулалтыг татахдаа өөрсдийн үндэсний онцлогийг харуулсан хандлагыг давуу талаа болгон ашигладаг. Бид ч үүнийг ашиглах хэрэгтэй шүү дээ.

-Нүүрсний салбар сэргэж байгаатай холбогдуулан танай компани ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

-Тиймээ, нүүрсний салбар сэргэж байна. Манай компанийн хувьд борлуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орд ашиглалтад анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, урт хугацааны стратеги боловсруулан ажиллах нь зүйтэй. Мөн нүүрсээ боловсруулж гаргаснаар үнэ хүрдэг гэдгийг хүмүүс мэдэж байгаа.

Тэгэхээр хөрш орнуудтайгаа харилцан тохиролцож зөв зохицуулалтыг хийхийг зорьж байна. Түүнчлэн угаах үйлдвэр барихад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Гэх мэтчилэн олон ажлыг хийхээр төлөвлөхийн зэрэгцээ алсдаа гарах эерэг өсөлтийг бий болгохын тулд бодлогоо тодорхойлж байна.

Зураг