Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Өсвөр насны ДӨРВӨН хүүхэд тутмын НЭГ НЬ амиа хорлох талаар боддог гэжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өсвөр насыг хүн бүр тойрч биш дайрч гардаг. Энэ нас нь хүүхэд төдийгүй эцэг эхчүүдийн хувьд хамгийн хариуцлагатай хандах ёстой үеүүдийн нэг.

Өсвөр насныхан гэдэг нь 11,12-16,17 насны хүүхдүүд юм. Энэхүү үеийг эмзэг, мэдрэмтгий нас гэж тодорхойлох нь бий. Тиймээс байж боломгүй үйлдлүүд хийх нь элбэг.

Сүүлийн үед гарч буй айдаст автуулам мэдээллүүд ихэвчлэн өсвөр насныхантай холбоотой байх болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, өсвөр насны хоёр охин 9 давхраас үсэрсэн гэх цочирдом мэдээ. Мөн саяхан өсвөр насныхны дунд дэлгэрсэн тоглогчоо эцсийн дүндээ амиа хорлоход хүргэдэг "Цэнхэр халим" гэх цахим тоглоом олны анхаарлыг татсан. 

Энэ мэт муу мэдээ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд давс хачиргүй цацагдах болсон.  Өнөөдөр хүн  амь биеэ эрсдэлд оруулж, байшингийн дээвэр дээр үсрэх гээд зогсож байхад хөндлөнгийн хүмүүс зургийг нь авч, сошиалаар бичлэг хийж шууд дамжуулж байна. Хүний амь нас зүгээр нэг бусдын сенсаци мэдээ болсон мэт. Мянга мянгаараа сошиал медиа сахиад сууж байдаг өнөөгийн хүүхдүүдэд ийм л үлгэр дууриал, сурталчилгаа хийж өгч байна. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амиа хорлолтыг ил тод байлгах нь өсвөр насны хүүхдүүдийг сайн үр дагаварт хүргэхгүй нь лав.

Амиа хорлох нь Дэлхий нийтийн үхлийн 15 том шалтгааны нэгт багтдаг аюулт үзэгдэл аж. Насны ангилалаар 15-19 насныхны хувьд номер нэг үхлийн шалтгаан болдог байна.

Тиймээс эд төлөвших насан дээрээ явж буй өсвөр насныхны  сэтгэл зүй ямар байдаг, тэдэнтэй хэрхэн харьцах, амиа хорлолт юунаас болдог талаар дараах зөвлөгөөг "Монголын Мэргэшсэн Сэтгэл судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач Ж.Үйлст хүргэж байна.

Өсвөр насны сэтгэл зүйн онцлог

Шилжилтийн насны хүүхдэд үүсэх 3 нийтлэг сэтгэл зүйн суурь хэрэгцээ байдаг. 

  1. Баг хамт олонд харьяалагдах буюу хамт олон, найз нөхөдтэй байх
  2. Өөрийгөө болон ертөнцийг таньж мэдэх хүсэл. Энэ насандаа хүүхдүүд өөрийн гэсэн үзэл бодолтой болж, төлөвшиж эхэлдэг.
  3. Хүүхдийн хобби буюу дур сонирхол нь төлөвшдөг. 

Шилжилтийн насанд хүүхдийн бие физиологи маш эрчимтэй хөгжиж түүнийгээ даган бодисын солилцоо, гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл санааны байдал нь тогтворгүй болдог. Үүнээс үүдэж, өсвөр насны хүүхэд өөрийгөө ажиглах, бусадтай өөрийгөө харьцуулж эхлэх сэтгэл зүйн өөрчлөлт гардаг. 

Өсвөр насны хүүхдүүдэд олон зүйлээс айж, түгших мэдрэмж төрдөг. Тухайлбал, гадаад байдалдаа их анхаарч, хэт эмзэг байдлаар хүлээж авах, бусдаас тарган, намхан байна гэх мэтчилэн өөрийгөө голох байдлууд их ажиглагддаг. 

Өсвөр насны хүүхэд эрх чөлөөтэй байх, өөрөөрөө байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүнийг буруутгахгүй сонсох хэн нэгнийг, орчныг эрэлхийлж байдаг. Тэдний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүх зүйлийн талаар ярилцах боломжтой газар бол найз нөхдийн орчин юм. Тиймээс тэд найзтайгаа байж өөрийнхөө бодлыг илэрхийлэхийг хамгийн чухалд тооцдог.

Найзууд нь түүнийг илүү сайн ойлгодог гэж үздэг учраас байнга тэдэнтэй хамт байхыг хүсдэг. Ямар нэг бүлэгт харьяалагдах нь тэдний хувьд хамгийн чухал ба өөрийгөө ямар нэг бүлэгт оруулах, түүндээ үлдэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Энэ хандлага нь ихэнх эцэг эхчүүдэд таалагддаггүй байна. Өсвөр насныхан баг хамт олонд харьяалагдаж, найз нөхөдтэй болохоороо тэдний өмнө тодорхой үүрэг хүлээх ёстой гэж өөрсдийгөө боддог.

Үүнээс улбаалж найзуудтайгаа адилхан хувцаслах, тэдний хийдгийг даган дуурайх, үг хэллэгийг нь давтаж хэлэх, найзуудтайгаа адил хобби, сонирхолтой болох гэх мэт сэтгэл зүй үүсдэг. Тэд найз нөхдийнхөө тусламжтайгаар өөрийн хувь хүнийг бий болгож, өөрийгөө таньдаг. Найз нөхөдгүй эсвэл найзын бүлгээс гадуурхагдсан, сайн найзгүй зожиг хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд саад үүсдэг.

Бага байхдаа эцэг эхийнхээ үгнээс гардаггүй байсан хүүхэд гэнэт өөрчлөгдөж тэдний үгийг сөрдөг болох нь ихсэн эцэг эх, хүүхдийн хооронд зөрчил бий болж эхэлнэ. Учир нь энэ насанд хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой болж, бүх зүйлийн талаар өөрийн үнэлэмж, дүгнэлтийг бий болгож эхэлдэг. Өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэл, философи, ёс журам, арга барилтай болохыг эрмэлзэж эхэлнэ. Өөрийгөө том хүн болоход бэлдэж байгаа нь энэ аж. Үүнийг нь эцэг эхчүүд ойлгохгүй, хүүхдээ өөрийнхөөрөө бай гэж тулгадаг. Энэ үед эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхдээ том хүн болж байгааг хүлээн зөвшөөрөх цаг хугацаа хэрэгтэй болдог.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?

 

Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийг буруу хүмүүстэй нийлээд байна, хичээл номондоо анхаарахгүй байна гэж үзэн найз нөхдөөс нь салгах, нийлүүлэхгүй байх тал дээр анхаардаг. Харин сэтгэл зүйчид хүүхдээ найзуудтай нь уулзуулж байхыг зөвлөдөг Найзуудаас нь салгана гэхээсээ илүү хамтад нь яаж өөрчлөх вэ гэдэг дээр төвлөрч, анхаарах хэрэгтэй. Найзуудтай нь ойр дотно байж, бие биедээ зөвөөр үлгэрлэж байхыг, буруу зүйл хийхгүй гэдэгт нь итгэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Өсвөрчүүд өөрсдийгөө бие даан шийдвэр гаргах бүрэн чадвартай болсон гэж үздэг тул эсэргүүцэх тусам улам зөрж, улмаар буруу зүйл рүү өөрөө гүйгээд орох тохиолдол байдаг.

Тиймээс найзаасаа боль гэхийн оронд чи найздаа сайнаар нөлөөл, муу зуршлаас нь холдуул, үүнийг чи л хийхгүй бол өөр хэн хийх билээ гэсэн хандлагаар хандвал итгэл хүлээлгэж байгааг тань хүндэлж, асуудалд зөв байр сууринаас хандаж эхэлнэ. Хүүхэд найз нөхөдгүй байснаар маш их ганцаардаж, айдас түгшүүртэй болно. Энэ насны хүүхэд өөрийн гэсэн найзын бүлэгтэй байх нь түүний сэтгэл санааны эрүүл мэнд хэвийн байгаагийн нотолгоо байдаг. Үе үеийнхний дунд бий болдог "манай үед ингэдэг байсан, өнөө үед өөр болсон гэх тэмцэл бараг бүх зуунд байсныг анхаарч өөрийн үзэл бодлыг тулгалгүй цаг үетэйгээ тохируулж хүүхэдтэйгээ харьцаарай. 

Эцэг эхчүүд хүүхдэдээ юуг буруу зөв гэдгийг чиглүүлж өгөх үүрэгтэй. Хэлэхээрээ улиг болтол загнаж хэлдэг тал байдаг. Тэгэхгүйгээр хүүхэд өөрөө зөв бурууг ялгах сонголтыг өгөх хэрэгтэй. Жишээ нь буруу хандлагатай хүүхэдтэй найзлаад байвал шууд найзлахаа боль гэж хэлэх хэрэггүй. Оронд нь “яг энэ замаараа явбал чи ямар үр дүнд хүрэх вэ, эсвэл чи хичээлдээ шамдаад дуртай зүйлээ хийгээд явбал ямар үр дүнд хүрэх вэ” гэж өөрт нь сонголт үлдээж яривал зүгээр. Тэд ганцаардахгүйн тулд нийгмийн болон өөрийнх нь таашаагаагүй зан харьцаа бүхий хүүхдүүдтэй нөхөрлөх тал байдаг. Тэр ч бүү хэл эцэг эхээсээ зөрж, тэдний дургүйг хүргэхийн тулд өөртөө ч таалагдахгүй хүмүүстэй нөхөрлөх магадлалтай. Энэ нь хүүхэд гэр бүлээсээ сэтгэлийн шарх авсантай холбоотой байдаг.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогт тулгуурлаж харилцах хэрэгтэй. Хүүхэд юунд эмзэглэж, юуг сонирхож, юунаас айж байгааг нь ажиглаж, ярилцах нь чухал. Тэднийг янз бүрийн соёлын үйл ажиллагаа, нийгмийн харилцаа ихтэй багаар хичээллэдэг сонгон, дугуйлан, спорт зэрэгт хамруулах нь үр дүнтэй. Гэр бүл эцэг эх нь хүүхдэд маш ойр дотно байсан ч найз нар нь өгдөг шиг тийм сэтгэл хангалуун байдлыг өгч чаддаггүй.

Найз нөхөдгүй өсвөрчүүд хувь хүний хөгжлийг бүрэн эзэмшиж чаддаггүй. Эцэг эхээсээ хараат байдал бүхий бие хүн болж хувирдаг. Таны хүүхэд найз нөхдөдөө хэт их ач холбогдол өгөх нь нэг талаас эцэг эхээс хангалттай хэмжээний анхаарал хүртэж чаддаггүйг нөгөө талаас үл ойлголцол их байгааг илэрхийлж байдаг. Эцэг эхтэйгээ байнга зөрөлдөж, маргалдах нь тэдэнд итгэхгүй байгааг мөн илтгэдэг. Тиймээс энэ хүүхдэд учир байна гэж харахаасаа урьтан гэр бүлийнхээ ерөнхий харилцаа хандлагад нэг анхаараад үзээрэй.

Та хүүхдийнхээ аль чанарыг халамжилна тэр чанар нь л хөгжинө. Өөлж гоочилж, бусадтай харьцуулахаа урьтал болголгүй давуу талуудад нь түшиглэж харьцаарай. Гэр бүлийн сайхан уур амьсгалыг мэдрээгүй хүүхэд хайр сэтгэлийг их сөргөөр хүлээж авдаг. Жишээ нь хүнтэй хэзээ ч суухгүй, гэр бүл зохиогоод ч хэрэггүй гэж бодох хандлагатай болчихдог. Эсвэл зарим нь хүнтэй л суучихвал энэ хэцүү амьдралаас сална хэмээн хайр дурлалд хэт хөнгөн хийсвэр ханддаг юм.

Сэтгэл гутрал

 

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутрал ихэвчлэн үерхэл, хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд байгаа болон орж байсан бол сэтгэл гутралд орсон байх нь элбэг.

Сэтгэл гутралд орсон хүүхэд нь эцэг эхдээ дотоод сэтгэлээ нээж ярьдаггүй. Дотоод сэтгэлээ уудалдаг найзгүй байдаг. Энгийн нүдээр харахад хэвийн олон найз нөхөдтэй, нээлттэй хүүхэд шиг байв ч яг үнэндээ хэнд ч дотоод сэтгэлээ нээдэггүй хүүхэд байх нь элбэг. Бага байхаасаа ээж аавтайгаа дотно яриа үүсгэж байгаагүй бол цаашдаа ч ярихгүй. Энэ нь өсвөр наснаас нас биед хүртэл үргэлжлэх нь бий.

Сэтгэл гутрал нь дангаараа амиа хорлох шалтгаан болдоггүй ба сэтгэл цочирдол, айдас, түгшүүр зэрэгтэй хавсарсан тохиолдолд амиа хорлох үйлдэл болдог.

Тиймээс хүүхдээ багаас нь ярьж байгаа зүйлийг нь төвөгшөөлгүй сонсож, ярилцахад цаг гаргаж хэвших хэрэгтэй.  Гэрийнхэндээ асуудлаа уудалж ярьдаггүй хүүхэд найздаа бүгдийг ярьж байдаг. Тиймээс найз нөхөдтэй нь ойр дотно болж тэдний ярианаас хүүхдийнхээ дотоод ертөнцийг танин мэдэж, найзуудаар нь дамжуулж хүүхэдтэй ойртох боломжтой. 

Зарим хүүхдүүд эцэг эх нь өөрт нь хайргүй, өөрийг нь хэзээ ч үнэлдэггүй, би бол гологдсон хүүхэд гэсэн ойлголттой, түүндээ бат итгэчихсэн явах нь сэтгэл гутралд өртөх шалтгаан болдог. Энэ тохиолдолд сайн найзаар нь дамжуулж хүүхдийнхээ талаар эерэг бодолтой байгаагаа дамжуулах, эсвэл мэргэжлийн хүнд хандвал зүгээр. 

Амиа хорлолт

 

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй тогтвортой биш байдаг учраас амиа хорлох магадлал их байдаг. Өсвөрийнхний хэт олон зүйлд анхаарлаа хандуулж, бүгдийг таньж мэдэх гээд байдаг зан чанар нь тухайн зүйлүүдийн сөрөг тал, давуу талуудыг хурдан олж харах шалтгаан болдог. Өрөөнийхөө буланд шигдэж олон цагаар өөрт нь тохиолдсон зүйлсийн талаар эргэцүүлэн бодож суудаг. Тэдгээр  бодлууд нь гэр бүлийнхэнтэй нь байтугай өөртэйгөө хүртэл зөрчилдөж байдаг.

17 насандаа сэтгэл заслын эмчилгээ хийлгэсний ачаар амиа хорлохоос зайлсхийж, амьдралд эргэн ирсэн нэгэн охин эмчилгээнд явахаасаа өмнө бичсэн зүйлийг уншвал:

Хүмүүс бид бүгдээрээ хуурамч худалч. Тэсэж тэвчишгүй, дааж давшгүй ийм муухай хорвоо дээр амьдарч байна. Энэхүү гай зовлон, айдсыг заавал тэвчих ёстой гэж би хувьдаа бодохгүй байна. Тэвчих. Үгүй. Заавал ингэх албагүй. Хэрвээ хэн нэгэн биднээс "Төрөхийг хүсэж байна уу" гэж асуугаагүй ч гэсэн ядаж л амьдрах эсэхээ бид өөрсдөө шийдэх эрхтэй. Би л хувьдаа шийдсэн. Эндээс би явлаа. Сэтгэл давчиддаггүй, асуудал байдаггүй, хүн бүр нэг л өнгөтэй байдаг өөр хорвоо руу би явлаа. Уг нь надад асуудал байхгүй. Үгүй, бий, бүр маш их. Гэхдээ би хэлэхийг хүсэхгүй байна. Ээжээс асуувал бүх зүйл сайн, би их аз жаргалтай. Гэхдээ тийм биш л байхгүй юу. Би яагаад эдгээрийг бичээд байгаа юм бол? Битгий хүнээс шалгаагаад бай. Хүн үхэхээр шийдэх нь хэвийн зүйл. Надтай ярилцсан олон хүн Битгий хулчий. Тэмц. Зугтах гэдэг аймхайгийн шинж гэдэг. Гэтэл бас тийм биш л байхгүй юу. Магадгүй өвчтэй хачин хүн нь би биш та нар юм биш үү? Бодит үнэнийг би л олж харж чадсан. Гэтэл та нар л жинхэнэ үнэн гэж ярьдаг. Намайг ойлгохгүй байна. Өөрсдийнхөө тухай л байнга яриад байх юм. Би ч гэсэн өөрийгөө ойлгохгүй байна. Би хэн юм бэ? Миний хүн чанар хайчсан юм бол?

 этгэл зүйн тогтворгүй байдал нь үзэл бодол төлөвших үйл явцтай холбоотой ба зоригийн болон тэвчээрийн чанарууд, танин мэдэх үйл явц дутуу хөгжсөн байгаагаас үүдэлтэй. Өсвөр насны хүүхэд нь ихэвчлэн огцом шийдвэрээр амиа хорлодог.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хийсэн судалгаагаар сүүлийн 4 жилд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл дарамтаас болж амиа хорлосон байдаг.

ЕБС-ийн сурагчдын дунд судалгаа хийхэд:

  • 1/4 амиа хорлох талаар боддог
  • 1/7 амиа хорлохыг төлөвлөж байсан
  • 1/10 олон удаа оролдлого хийсэн гэж хариулсан байдаг.

Өсвөр насныхан нэг зүйлд итгэхээрээ маш гүн итгэж, найддаг. Тухайлбал, хэн нэгэнтэй найзлахдаа “Энэ миний насан туршийн найз” гэсэн хүлээлттэйгээр найзалдаг. Хэрвээ үерхэж дурлавал түүнийгээ ирээдүйн амьдралаа гэж боддог. Эцэг эхийнхээ өөрт нь хандаж байгаа харьцаа хандлага, зан ааш, байгаа байдлыг байнга л тийм янзаараа байх юм шиг боддог.

Гэтэл нэг л өдөр итгэж байсан зүйл нь байхгүй болох эсвэл бүтэхгүй болчихвол бүх зүйлд итгэх итгэл найдвар нь үгүй болдог. Энэ үед нь л зааж зөвлөөд ойлгуулах хэн нэгэн байхгүй бол сэтгэл хөдлөлдөө автаад амиа хорлох сонголтыг хийдэг. Амиа хорлох оролдлого хийж буй хүмүүс хэцүү байдлаас мултрах цорын ганц арга зам бол амиа хорлох гэж боддог.

Амиа хорлох үйлдэл хийсэн хүүхдийг хүмүүс эцэг эхээ бодохгүй амин хувиа хичээсэн, ард үлдэж байгаа хүмүүсээ боддоггүй, арчаагүй, сул дорой гэх мэтээр ярьцгаадаг. Гэтэл амьдрах итгэл нь нурсан хүнд ард үлдэх хүн байтугай өөрөө ч энэ амьдралд хэрэггүй, үнэ цэнэгүй мэт санагддаг. Амиа хорлох бодол нь хоромхон зуур хүчтэй төрдөг мэдрэмж. Аливаа хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь 0-тэй тэнцсэн үед уг замыг сонгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Амиа хорлогчдын ихэнх нь сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж чаддаггүй, хэтэрхий дотогшоо хүүхдүүд байдаг. Сэтгэлээ хэн нэгэнд нээж, ярьж зөвлөлдөж чаддаггүй бүрэг хүүхэд, эсвэл бүр эсрэгээрээ тийм алхам хийнэ гэж хэн ч төсөөлөхөөргүй нээлттэй хүүхэд байдаг. Гол нь тэд дотоод сэтгэлээ бусдад нээдэггүйд байгаа юм.

Зарим тохиолдолд хүнд хэцүү байгаагаа ойр дотны хүмүүстээ хэлсэн ч тэдгээр хүмүүс нь тоглоом болгох, тоохгүй өнгөрөх зэргээс хорвоо дээр орь ганцаараа юм шиг сэтгэгдэл төрж ийм үйлдэл хийхэд хүрдэг байна. Амиа хорлогч нь үүссэн асуудалд сэтгэл цочирдсон, сэтгэл гутрал удаан үргэлжилсэн байдаг. Гэвч сэтгэл гутрал нь дангаараа амиа хорлох шалтгаан болдоггүй юм.

Амиа хорлох гэж буй хүн өөрийгөө хамгийн азгүйд тооцох, хэн ч өөрийг нь ойлгохгүй гэж итгэх, ирээдүйг сайхнаар төсөөлөх чадваргүй болдог ба гол шалтгаан нь итгэл найдвар 100 хувь тавьж байсан зүйл нь нуран унахад өөр юу ч үгүй юм шиг санагдсаны улмаас өөрийгөө хянах чадваргүй болдог. /Нөхөрлөл нь нуран унах, нэр хүндээ алдах үед, хайртай дотны хүнээсээ хагацах, ичгэвтэр, шившигтэй байдалд орох, өөрийн болон бусдын алдааг уучилж чадахгүй маш ихээр гэмших гэх мэт тохиолдлууд/

Дүүрчихсэн толгойтой хүн л амиа хорлохыг оролддог гэж туйлширч болохгүй. Харин ч тэд ийм үйлдэл хийснийхээ дараа маш их ичиж, хэвийн амьдралдаа эргэн ортлоо багагүй цаг хугацаа зарцуулж ч болох юм. Амиа хорлох гэж буй хүнд хамгийн чухал тусламж бол чин сэтгэлээсээ санаа тавьж, ойлгох явдал юм. Ойлгох гэж хичээх, дүр эсгэх, амьдрал сургамжлах, буруутгах, тушаах, зааварлах өнгө аястай ярих нь тусыг эс олно. Асуудал намжих хүртэл нь аргадаж, тайвшруулж, буруутгаж шүүхгүйгээр сонсож сэтгэлийг нь хуваалцах хэрэгтэй. Түүнчлэн түүний амь нас өөрт нь болон ойр дотны хүмүүст нь ямар чухал болохыг сануулж, амьдрал хэчнээн баялаг, нөхцөл байдал үргэлж одоогийнх шигээ байхгүйг хэлж өгөөрэй.

Цахим ертөнцөд хязгаар тавья

 

Сүүлийн жилүүдэд сошиал ертөнц хурдацтай хөгжиж, интернетгүй айл, ухаалаг утасгүй хүн, фэйсбүүк инстаграммгүй хүүхэд гэж байхгүй болж. Нийгэмд мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, зөв бурууг тунгаан бодох гэхээсээ илүү олонхын хандлагыг даган хошуурах байдал даамжирч байна.

Эцэг эхийн хараа хяналтаас дөнгөж гарч байгаа өсвөрийнхний хувьд энэ нь олон талаараа сөргөөр нөлөөлж байна. Тэд мэдээллийг шүүдэггүй яг л порлон шиг бүгдийг өөртөө шингээж авч байдаг. Бусдын хийсэн сонин содон, буруу үйлдэлд шүүмжлэлтэй хандаж өөрийн хуудсандаа шэйрлэж байгаа ч цаагуураа тухайн үйл явцыг үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүдэд сурталчлан таниулж байгаа гэдгээ насанд хүрэгчид хариуцлагатайгаар ухамсарлах хэрэгтэй болов уу.

Эцэг эхчүүд "Сүүлийн үеийн хүүхдүүд ийм тийм, хүүхдэд интернет хэрэглүүлэх нь буруу, утсаа битгий ухаад бай" гэхийн оронд муу муухай зүйлийг шэйрлэж, түгээхгүй байх нь өөрийн биеэр үлгэрлэн харуулах том соёл. Таны сошиал хэрэглээний соёлоос таны хүүхэд, таны дүү суралцаж байгаа гэдгийг анхаараарай.

Хүсэл зорилго, амьдралын идэвхгүй болсон өсвөр насныхан сэтгэл зүйчид их хандах болсон

Сүүлийн үед амьдралын идэвхгүй, зорилго чиглэлгүй болсон хүүхэд залуучууд их ирэх болсон. “Манай хүүхэд сургуулиа төгсөөд цаашид яах аа мэдэхгүй, юунд дуртай нь тодорхойгүй, амьдралын идэвхгүй, хүсэл мөрөөдөл зорилгогүй байгаад байна” гэсэн эцэг эхчүүд их хандаж байна. 

Энэ нь юутай холбоотой гэхээр зарим эцэг эхчүүд завгүй ажлын шалтгаанаас болж хүүхдийнхээ нийгмийн харилцааг хязгаарлаж байнга гэрт нь байлгадаг, эсвэл хүүхдээ хэт хараа хяналтгүй орхиж гадуур чөлөөтэй явуулдаг зэргээс шалтгаалдаг. Зөв залж чиглүүлэх хүнгүй хүүхэд сайн найзуудтай таараагүй бол бусдын уруу татлагад өртөх, хөнгөн хийсвэр болох, ирээдүйн талаар бодохоос зугтаах, хийсвэр төсөөлөлдөө хэт автах, зүгээр суухыг эрмэлзэх зэрэг сэтгэл зүйтэй болдог.

Харин гэртээ байдаг хүүхдүүд нь эцэг эхээсээ л хамааралтай болчихдог. Тэд өөрсдөө бие дааж шийдвэр гаргаж чадахгүй, оюун ухааны өрсөлдөх чадвар султай болдог. Магадгүй тэр хүүхэд хичээлдээ маш онц сурдаг, сургуулиа амжилттай төгссөн байлаа ч ажил дээр гараад хамт олон дунд дасан зохицохдоо муу, гэр бүл зохиогоод явахад олон төрлийн хүндрэлүүдтэй тулгардаг. Үүнээс болж амьдралын сэтгэл ханамжгүй, баяр баясгалангүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй болно.