“Sharing economy” буюу ямар нэг эд зүйлийг өмчилж, эзэмшихийн оронд түрээсээр ашиглаж, олуулаа хуваалцан хэрэглэдэг эдийн засгийн шинэ харилцаа Хятадад эрчимтэй хөгжиж байна.
Ердөө гар утаснаасаа ганц товч дараад үнэтэй тансаг автомашин, гүйлтийн зам, караоке бүхээг, унтах орноос эхлээд унадаг дугуй, борооны шүхрийг хүртэл түрээслэх үйлчилгээнүүд бий болжээ. Шинэлэг санаа гэж зарим нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “хөөс” нэмэгдэж, эрсдэл үүсэхээс болгоомжилж байгаа энэхүү бизнесийн салбарт сүүлийн жил хагасын дотор бий болсон сонирхолтой үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
Хятадын зүүн хойд бүсийн Шэньян хотод тансаг ангиллын BMW автомашиныг түрээслэх үйлчилгээ нэвтэрчээ. Унадаг дугуй түрээсэлдэгтэй нэгэн адил иргэд QR кодыг гар утаснаасаа уншуулаад л хөх өнгийн BMW машиныг жолоодох эрхтэй болно. BMW 1 Series төмөр хөлгийг километр тутамд 1.5 юаниар унахаасаа өмнө 999 юаны барьцаа төлөх ёстой.
Хурц тод өнгөтэй унадаг дугуйнуудыг түрээслэх үйлчилгээ өнгөрсөн жил оргил үедээ хүрсэн бол энэ жилээс Бээжин, Шанхай хотуудад зарим хязгаарлалт хийж эхэлжээ. Ийм үйлчилгээ эрхэлж байсан хоёр ч компани дампуураад байна.
Фитнесийн клубт явахын оронд гэрийнхээ ойролцоох гүйлтийн замтай хайрцгийг түрээсээр ашиглах үзэгдэл нэмэгджээ. Дотроо гүйлтийн замтай хар, шар өнгө алагласан шилэн хайрцагнууд энд тэнд тавигдах болов. Эхлээд удаагүй байгаа энэ үйлчилгээ одоогоор 10 хайрцаг Бээжин хотод байрлуулаад байна. Дотроо агааржуулагчтай, мөн телевизтэй байдаг гэнэ.
Түр нойр авах хэрэгтэй бол гэртээ харилгүйгээр авс хэлбэрийн тохилог хайрцгийг түрээслэн амарч болно. Гэвч нээгдээд удаагүй энэ үйлчилгээг галын аюулын эрсдэлтэй гэдэг шалтгаанаар Шанхай хотын эрх баригчид хаасан байна.
Хэдийгээр Хятадууд баяжиж байгаа гэдэг ч тэд улам бүр мөнгөндөө хэмнэлттэй болж байгааг судалгаа харуулж байна. Энэ хэрэгцээн дээр түшиглэж гарч ирсэн нэгэн компани үнэтэй брэндийн гар цүнхнүүдийг түрээслэх үйлчилгээ нээжээ. Бохирдуулалгүй өдрөөр хэрэглээд буцааж өгөх боломжтой ийм цүнхнүүдийн түрээсийн үнэ ч өндөр байдаг гэнэ.
Сүүлийн үед дэлгүүр үйлчилгээний газрууд, метроны өртөөн дээр байрлуулсан караоке бүхээгнүүд нэмэгдэж эхэлжээ. Дуу чимээ гадагш алддаггүй эдгээр бүхээгнүүдийг түрээслэн стрессээ тайлаад дараа нь дуу хоолойгоо бичлэг болгон гар утсандаа татаж, бусдад үзүүлж гайхуулах боломжтой гэнэ.
Эдгээрээс гадна цахилгаан дугуй, гар утас цэнэглэгч, ажлын байр, борооны шүхэр, сагсан бөмбөг гээд байж болох бүх юмсыг түрээслэх үйлчилгээ Хятадын зах зээлд “галзуурсан” мэт цэцэглэж байгаа ажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!