ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны мөнгөө хэмнэх 11 ЗӨВЛӨМЖ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр болж буй "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгөөр" иргэдэд ашигтай олон зөвлөмж мэдээллүүдийг хүргэж байлаа.

Тус өдөрлөгийн үеэр "Эрчим хүчний зохицуулах хорооноос" эрчим хүчээ ахуйн хэрэглээндээ хэрхэн хэмнэх талаар зөвлөмжийг гаргасан байв. Үүнд:

1. Цахилгаан чийдэн - Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60-80 хувь бага эрчим хүч зарцуулна.

 

2. Цонх - Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэгт зарцуулах нь цахилгааны 10 хувийг хэмнэх боломжтой

3. Хөргөгч - Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж хөргөгчинд хийх, мөн дотор талыг цэвэр байлгахад анхаараарай. Хөргөгчийг 30 градусын хэмтэй халуун өрөөнд байлгавал эрчим хүч их зарцуулагддаг байна.Тиймээс сэрүүн орчныг сонгох хэрэгтэй аж. Харин хөлдөөгчний температур -18, хөргөгчнийх 5-2 градусын хооронд тохируулсан үед хамгийн сайж ажиллаж, эрчим хүч хэмнэдэг байна.

4. Компьютер - Шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж хэвших нь компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувиар бууруулдаг.

5. Тоос сорогч - Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй байга чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчийн ашиглах хугацааг нэмэгдүүлэхээс гадна эрчим хүчээ хэмнэж чадна.

6. Богино долгионы зуух - Богино долгионы зуухыг бага хэмжээгээр бэлтгэх хүнсийг боловсруулахад ашиглах бөгөөд уламжлалт зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг.

7. Индүү - Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Хамгийн сүүлд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.

8. Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Мөн хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаар хоол болгоход шаардагдах эрчим хүчийг хэмнэх боломжтой болно.

9. Гар утас - Танайх гар утсаа цэнэглээгүй хэр нь цэнэглэгчээ разетканд залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг гэдгийг анхаараарай.

10. Залгуур - Ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслийн залгуурыг салгаж байхыг айл өрх бүр гэрийнхээ дүрэм болго. Ашиглахгүй байгаа ч залгууранд залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна.

11. Угаалгын машин - Угаалгын машинаа дүүргэж угааж бай, хэрэв дүүргэж угаагаагүй бол угааж буй хувцасны хэмжээнд тааруулж угаалгын циклийг нь богино болго. Хувцас хатаагч дүүрэн үедээ сайн ажилладаг.