Хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн есөн дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ.
НМХГ-ын Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Одоогийн байдлаар хяналт шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байгаа.
Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1,565,710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан.
Ингэснээр чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, хордлого халдвараас сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.
Энэ жилийн хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн ч урд оны мөн үетэй харьцуулахад бага байна. Энэ нь иргэд хүнсний бүтээгдэхүүнийг соёлтэй хэрэглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүнийг зөв хадгалж худалдаалдаг болсонтой холбоотой” гэв.
Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнүүдээс 69 нэр төрлийн, 1,444,910 төгрөгийн бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байжээ. /Үүнд: Ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кисель, чоко пай, резинэн чихэр, модтой чихэр, тоглоомтой чихэр/
НМХГ-ын хүнсний чанар стандартыг хариуцлсан улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг "Эцэг эхчүүдэд бэлгийг задалж, доторх бүтээгдэхүүний он сар, орц найрлагыг нэг бүрчлэн шалгаж авах эрх бий.
Хүүдэдээ бэлэг сонгохдоо ямар ямар бүтээгдэхүүнүүд орсон, түргэн гэмтэх бүтээгдэхүүнүүд орсон эсэхийг шалгаж үзэх бүрэн эрхтэй.
Тиймээс нэг бүрчлэн орц найрлага, хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн он сар өдөр зэргийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна" гэв.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!