Сүүлийн үед иргэдээс Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаар холбогдохгүй, ebarimt.mn сайт ажиллахгүй байгаа болон иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол ирүүлэх болсон билээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын харьяа Татварын үйлчилгээний төвийн Татварын улсын ахлах байцаагч В.Цэнд- Аюушаас тодрууллаа.
- Сүүлийн үед Татварын үйлчилгээний төвийн 1800- 1288 дугаар холбогдохгүй, иргэд мэдээлэл авч чадахгүй байна хэмээн гомдол гаргах боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
- Манай төвийн 1800-1288 дугаар ачаалал ихтэй ажиллаж байгаа нь үнэн. Энэ утсанд өдөрт дунджаар 1500-2100 гаруй иргэн, татвар төлөгчид хандаж байгаа. Үүнээс 700-800 гаруй иргэн нь л нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, урамшууллын талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг.
Уг дугаарын утсанд холбогдсон иргэдэд нэмэгдсэн өртгийн албан татвар болон Е-баримтын талаар дунджаар нэг хүнтэй 4-6 минут ярьж заавар, зөвлөгөө өгч байгаа болохоор дараагийн иргэн холбогдтол түр хүлээнэ үү гэсэн горимд шилжиж холбогдож чадахгүй байх тохиолдол гардаг.
- 1800-1288 дугаарын төлбөр хэд вэ?
- 1800-1288 дугаарт холбогдоход иргэдийн ашигладаг үүрэн телефоны нэг минутын яриа энгийн тарифаар тооцогддог.
- Иргэд ямар шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүйд хүрч байна вэ?
- Иргэд sugalaa.ebarimt.mn, butsaalt.ebarimt.mn, ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны mta.mn сайтын “Татварын боловсрол” цэсний Асуулт хариултын сангаас татварын хууль тогтоомж болон Е баримттай холбоотой мэдээллийг авах боломжтой. 2016 оны НӨАТ-ын буцаан олголтыг олгох үеэр ebarimt.mn сайтад нэг иргэн олон хэрэглэгч үүсгэсэн, хэрэглэгчийн мэдээлэл буруу, дутуу бөглөсөн тохиолдлууд их гарсан. Үүнийг засаж залруулах ажил хийгдэж байгаа.
Энэ асуудалтай холбоотой ebarimt.mn системд хэрэглэгчийн нэг бүртгэл үүсгэх зорилгоор 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг оруулсан. Тодруулбал, гар утаснаас 131313 тусгай дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр ebarimt.mn-д шинээр хэрэглэгч болж байсан бол одоо боломжгүй болсон. Заавал ebarimt.mn сайтад и-мэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон гэсэн үг.
Мөн хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313 дугаарт баримт бүртгэгдэхгүй. Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй болсон бөгөөд “Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа.
Үүнээс гадна хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаараа мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай. Иргэд 131313 тусгай дугаарыг ebarimt.mn системд хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь бүрэн хийгдсэн иргэд баримтаа бүртгүүлэх боломжтой, хэрэглэгчийн эрх авсан хувь хүн нууц үгээ мартсан тохиолдолд 131313 дугаарт ?(асуултын) тэмдэг илгээж сэргээж авах боломжтой.
Бусад тохиолдолд 131313 дугаарын тусгай дугаарын утсыг ашиглахгүй. Мөн хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ мартсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэлд бүртгэлтэй и-мэйл хаягаа ашиглан сэргээх боломжтой.
- Хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ сэргээхийн тулд яах ёстой вэ?
- Хамгийн түрүүнд системд бүртгүүлсэн цахим шуудангаа оруулна. Уг цахим шуудан нь таны хүсэлтээр нэгдсэн системд бүртгүүлсэн и-мэйл хаяг байх ёстой. Дараа нь зурган код оруулах хэсэгт системээс санамсаргүйгээр харуулах үсэг болон тоон утгуудыг бөглөж оруулна. Хэрэв та уг зурган кодыг тайлж бичихэд хүндрэлтэй бол зурган кодын ар талд байрлах товчлуур дээр дарж зурган кодыг өөрчлөх боломжтой. Дээрх утгуудыг үнэн зөв оруулсан бол сэргээх товчийг дарах хэрэгтэй.
Харин шинээр бүртгүүлэхдээ Е баримт цахим системд хувь хүн бүртгүүлэх хэсэгт орж, и-мэйл хаягаа бичиж зурган кодыг оруулна. Таны цахим шуудан руу системээс нууц үг сэргээх холбоос бүхий и-мэйл илгээх болно. Хэрэв зурган кодыг та буруу оруулсан бол системээс танд зурган кодыг буруу оруулсан тухай мэдэгдэл өгнө.
- Сугалаанд мөнгө хожсон иргэдийн дансанд шууд орох уу. Эсвэл заавал бүртгүүлэх ёстой юу?
- Сугалааны тохирлоор азтан болсон иргэд дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой. Нэгдүгээрт, 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Хоёрдугаарт, 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт дараах материалыг авчирч өгөх ёстой.
Ингэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хамт, сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт/ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэснээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!