Д аминдэмийн дутагдлаас ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сульдаа гэнэ.
Д аминдэм нь кальци фосфорын солилцоонд чухал үүрэгтэй. Д аминдэмийн урьдал бодис нь арьсан дор байршдаг.
Нарны гэрлийн хэт ягаан туяаны дэмжлэгтэйгээр идэвхитэй хэлбэрт шилжинэ.
Бага насны хүүхэд Д аминдэмийн хэрэгцээнийхээ бараг 90 орчим хувийг арьснаасаа авч бусдыг нь хөхний сүү болон хоол хүнсээрээ хангадаг.
Илрэх шинж
Эхэн үед:
Хүүхэд хөхөө хөхөх болон хооллох үед хөлрөнө. Хөлс нь зуурамтгай, сайн ажиглавал бага зэрэг эхүүн үнэртэй.
Дагзны үс халцарна. Хүүхэд хөхөө хөхөх үед хөлрөлт нь толгойг загатнуулж хүүхэд толгойг ээжийн хувцас болон орны даавуунд үрснээс үс халцарч унана.
Хүүхэд цочромтгой болно. Бага хугацаанд унтаад сэрвэлзэж,ойр ойр сэрнэ.
Дунд үед:
Хүүхдийн ясанд өөрчлөлт орно. Хүүхдийн толгой том, цээж хавчиг, сайн зөөлөн тэмтэрч үзвэл бугалга болон хавирганы ясан дээгүүр жижиг ясан товруу гарч болно.
Хөл “х” эсвэл “о” хэлбэрт орж өөрчлөгдөнө.
Хүнд үед:
Хүүхдийн насандаа зохицсон хөгжил удааширч саарна.Толгойгоо даахгүй, суух, явах хугацаа үеийнхнээс хоцорно.
Асаргаа, сувилгаа
Хүүхдийг агаарт наранд гаргах нь чухал. Ялангуяа манай орны нөхцөлд зуны 3 сарыг маш сайн ашиглах хэрэгтэй.
Бага насны хүүхдийг наранд биеийг нь ил гаргадаггүй. Нимгэн цайвар өнгийн хувцас өмсгөж наршуулахаас болгоомжил.
Бараан өнгөтэй хувцас нь нарны хэт ягаан туяаг нэвтрүүлдэггүй. Сэрүүний улиралд хүүхдийг жиндэж даарахаас сэргийлж, агаарт бага хугацаагаар ч болов гаргах нь чухал.
Эмчилгээ:
Хүүхдийг 2 сар хүрмэгц урьдчилан сэргийлэх тунгаар сард нэг удаа 3 жилийн турш тасралтгүй /Зуны улиралд ч тасалж болохгүйг анхаар/ авч уулгана.
Эмийг Өрхийн Эрүүл мэндийн төвүүд үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй. Иймд та санаа зоволтгүйгээр өрхийн эмчдээ хандаарай.
Д аминдэм нь цагаан өнгийн шахмал хэлбэртэй, 50000 нэгж тунгаар савлагдсан байдаг.
Энэ нь хүүхдийн нэг сарын хэрэгцээ юм.
Аминдэмийг өгөх заавар:
Хүүхдийг бөөлжихөөс сэргийлж хооллосноос 1,5 цагийн дараа уулгана.
Өрхийн эмнэлгээс 5, 10 дугаар сард А, Д аминдэмийг хамт авсан бол эхлээд А аминдэмийг өгөөд үүнээс 15 хоногийн дараа Д аминдэмийг өг.
Учир нь уг аминдэмүүд нь бие биеийнхээ эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул эмчилгээ үр дүнгүй болох сөрөг талтай.
Рахитын шинж илэрмэгц эмчид хандан үнэлүүлж, хэрэгтэй бол эмч 7 ширхэг эм өгнө.
Зөвхөн даваа, пүрэв гарагуудад 1ширхэгээр, нийт 7 удаа уулгана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!