Эсгий шаахайн эрэлд
Үндэсний үйлдвэрлэл гэхээр өнөөх л хэдэн эсгий шаахай л санаанд буудаг. Тэгвэл бид энэ удаа үндэсний үйлдвэрлэлийн тоонд зүй ёсоор багтдаг эсгий шаахайн эргэн тойрныг хөндлөө.
Өнгөц харахад төр засгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээд хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд загвар, өнгөө шинэчилж, эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан юм уу гэхэд бас ч тийм биш бололтой. Эсгий шаахай урлаачид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр зүтгэсний хүчинд бүтээгдэхүүнээ Монголдоо төдийгүй гадаадад ч танигдсан брэнд болгож чаджээ.
Эсгий урлал нь Монголын уламжлалт ардын гар урлал. Гар урлалын энэ төрөл нь 1990-ээд оноос сэргэж, орчин үетэй холбогдон шинэ түвшинд гарч иржээ. Энэ салбарт 4,000 гаруй хоршоо байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 2,600 гаруй байгаа тухай “Ноосон зангилаа” дундын хоршоо дарга Ц.Цэнд-Аюуш хэлсэн юм. Дэлгүүр хоршоо, зах дээр элбэг зарагддаг үндэсний гол үйлдвэрлэлийн нэг болох эсгий шаахай дунджаар 20 мянган төгрөгийн ханштай байна.
Америк, Герман, Япон улсад хэдийнэ танигджээ
Бид эсгий шаахай үйлдвэрлэн амьдралаа залгуулж, цаашлаад эх орныхоо өв соёлыг гадныханд сурталчилж байгаа жирийн нэг гэр бүлийн өрхийн бизнесийг сурвалжиллаа. “Ноосон урлал” хоршоо сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд захиалга ихтэй, завгүй байна. Хоршооны дарга Л.Төгсбуян биднийг очиход Германаас захиалсан шаахайнуудаа дөнгөж дуусгалаа гээд сууж байсан юм.
Цагаан сар дөхсөн учир дотоод захиалгууд ч их гэнэ.
"Захиалгаа дуусгаж амжихгүй л байна. Уг нь өөрсдөө цагаан сараар ахмадууддаа бэлэглэх хэдэн шаахай хиймээр л байна. Амжих нь уу” гээд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй байгаагаа ярилаа.
Тус хоршоо эсгий шаахай урлаад 15 жил болжээ. Энэ хугацаанд сайн чанарын эсгий шаахайгаараа Монголдоо төдийгүй АНУ, Герман, Япон улсад танигдаж, экспортолдог болжээ. Эднийх эсгий шаахайнаас гадна бэлэг дурсгалын зүйл хийж байна.
Мэдээж олон жил үйл ажиллагаа явуулахдаа бишгүй саад бэрхшээлийг даван туулжээ. Санхүү, эдийн засгийн хүндрэлээс ноос худалдан авах гээд асуудал дор дороосоо л ундарч байсан аж. Бүтээгдэхүүн хийх аргаа сураад, үйлдвэрлэж эхлэх нь амархан.
Харин зах зээл олох хэцүү. Бизнесээ анх эхлүүлж байхдаа шөнө нь сууж оёод л өглөө нь торонд хийгээд УКНЭГ, ГССҮТ-ээр явж зарна. Хүн үзээд сайхан хийсэн байна гэж хэлэхэд нь урамшина, зарим нь Хятадаас авчирсан юмаа Монгол гэлээ гэж зэмлэнэ. Энд тэнд, дэлгүүр, жуулчны баазад тавиад алдах тохиолдол ч байжээ.
Д.Тунгалаг, Л.Төгсбуян хоёр уг нь багш мэргэжилтэй. Тэтгэвэртээ гараад гараа хумхиад зүгээр суухыг хүссэнгүй, хүүхдүүдтэйгээ нийлэн эсгий урлалаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байна. Гэхдээ тэдний гол бүтээгдэхүүн бол эсгий шаахай. Яагаад гэвэл шаахай бол хүмүүсийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Бас малгай, цүнхний захиалга ч үе үе ирнэ.
Өөрөө л өөртөө хөрөнгө оруулалт хийж, өдий зэрэгтэй яваа тэдний бизнесийн анхны гарааг Норвегийн тусламжийн байгууллагаас дэмжиж, тухайн үедээ 500 мянган төгрөг өгчээ. Л.Төгсбуян 2002 онд Норвегийн зээл тусламжийн байгууллагын “Ноосны өрхийн үйлдвэрлэл маркетингийн төсөл”-д хамрагдаж гар урлал сурснаар дараа нь гэр бүлийнхэндээ зааж бизнесээ эхлүүлсэн гэнэ. Тэгээд сайн дурын ажилтан япон эмэгтэй Японы оёдлын машиныг тусламж болгон өгснөөр ажлаа эхлүүлжээ.
Нийтдээ 10 удаа бизнесийн зээл авч үзсэн. Хамгийн сүүлд 10 сая төгрөгийн зээл аваад төлж дуусч байгаа аж. Харин энэ хугацаанд Жижиг дунд үйлдвэрээ дэмжих төслийн зээлд хамрагдаж чадаагүй гэнэ.
Санхүүгийн асуудлаас илүү борлуулах зах зээлээ олох гэж тэд нэлээд хүнд замыг туулжээ. Лангуу түрээсэлж ажилласан ч түрээс өндөр тул зардал өндөр гардаг. Дээрээс нь бүх шат дамжлагаа гараараа хийж, жинхэнэ нарийн, нарийвтар ноосоор сайн чанарын шаахай хийдэг учир зах зээлд үнэтэй гардаг аж. Гэтэл Хятадаас орж ирсэн бэлэн эсгийнцэр, нарийвтар ноосны хаягдлаар хийсэн шаахай хамаагүй хямд үнэтэй байдаг учир манайхан хямдыг нь авч хэрэглэдэг гэнэ.
Тиймээс эдний эсгий шаахайг хэрэглэж үзсэн байнгын худалдан авагчид л ялгаж таньж илүү сайн чанарынх болохыг нь мэддэг. Уг нь сайн ноосоор хийсэн эсгий, хятад эсгийнцэр хоёрыг ялгах амархан. Хоршооны дарга Л.Төгсбуян “Манай шаахай ямар шат дамжлагаар хийгдэж байгааг болдог бол бичлэг хийгээд хүн бүрт үзүүлэхсэн. Эсгийний бэлдцээс эхлээд шаахай бэлэн болтлоо 15-22 шат дамжлага туулдаг.
Бид зуны улиралд зургаадугаар сард малчны хотноос ноосоо худалдаж авдаг. Нарийн, нарийвтар ноос нэг кг нь 2,000-2,500 төгрөгийн үнэтэй. Тэгээд ноос цэвэрлэх үйлдвэрээр ноосоо цэвэрлүүлнэ. 100 кг ноос цэвэрлүүлэхэд 60 кг нь хаягдал болж байх жишээтэй. Бид 40 кг цэвэр ноосоо зориулалтын үйлдвэрт өгч, хүний биед сөрөг нөлөөгүй, арилдаггүй, янз бүрийн химийн бодисгүй ноосны будгаар будаж, эсгийгээ хийхэд бэлэн болгодог. Энэ мэт бүтээгдэхүүн бэлэн болгоход маш их цаг хугацаа, хөдөлмөр ордог” хэмээлээ.
Заримдаа захиалгаа дийлэхгүй цуцлах тохиолдол гардаг. Учир нь хоршооныхон мөнгөндөө тааруулаад ноосоо бэлдээд авдаг. Гэтэл 10 мянган шаахайн захиалга орж ирэхэд эсгий, хүн хүч дутагдах явдал ч гардаг байна. Ерөнхийдөө үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бий. Гэхдээ санхүүгийн асуудал тушаа болдог гэлээ. Мөн зуны улиралд том үйлдвэрүүд ноосоо цэвэрлээд гадагшаа гаргачихдаг болохоор өрхийн аж ахуй эрхлэгчдэд ноос олдох нь бага болдог талтай.
Хятадаас орж ирсэн эсгийнцрийг гараар хийсэн эсгийнээс ялгахад амархан. Гэхдээ заавал зэрэгцүүлж харж байж чанар нь танигдана. Мөн бүтээгдэхүүнийг хэрэглэж байж хүмүүс мэддэг. Хятадын эсгийнцэр чийг их татдаг, ноосыг самнаж цэвэрлэхэд гарсан хаягдлаар хийсэн байдаг. Түүнчлэн улны арьсанд анхаарах хэрэгтэй. Зарим нь жинхэнэ арьсаар хийсэн байхад ихэнх нь лидринээр улласан байдаг гэх мэт чанарын хувьд олон ялгаа бий гэнэ.
Эднийх борлуулалт, зах зээлийн асуудлаа “Цагаан алт” дэлгүүртэй холбогдсоноор шийдэгдэж, гадны орнууд руу борлуулах ч боломж гарчээ. Түүнээс өдгөө бизнес явуулахад үүсч буй хүндрэл бэрхшээл бий эсэхийг асуухад “Бид 15 жил подвалд ажиллаж байна. Үнэндээ манайд үйлдвэрлэсэн эсгий бүтээгдэхүүн, эсгий шаахайн худалдан авалтын 70 хувь нь гадны жуулчид байдаг. Ерөнхийдөө дотоодын захиалга есдүгээр сараас эхлээд цагаан сарын дараа дуусдаг бол гадаадын захиалга харин эсрэгээрээ гуравдугаар сараас эхэлнэ. Хамгийн гол гадныхан чанарыг маш сайн ялгадаг.
Жилийн дөрвөн улирал захиалгаа дийлэхгүй ажиллаж байгаа ч зөвхөн өөрсдийнхөө л амьжиргааг залгуулдаг гэнэ. Төр засгаас ч онцгой анхаарсан зүйлгүй байдагт сэтгэл дундуур явдгаа ч дурдаж байв. Хоршоо гэсэн ойлголт манайд тийм ч танил биш. Уг нь төр маань хоршоодыг санхүүжүүлээд явбал жижиг үйлдвэр эрхлэгчдэд хэрэгтэй. Цаашлаад улсад маань ч хэрэгтэй. Төрөөс жижиг дунд үйлдвэрүүддээ анхаарсан юм алга.
4-5 жилийн өмнө Голомт банкин дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтад очиход хэдэн тэрбумаар зээл авдаг том компаниудаас л ирсэн байсан. Гэтэл бид дээд тал нь 10 сая төгрөгийн зээл авдаг. Өдөр, шөнө шиг ийм ялгаатай байхад жижиг дунд үйлдвэрлэл гээд нэг багц болгочихсон нь асуудалтай” гэж байлаа.
Эсгий гар урлалын бүтээгдэхүүнүүдээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна
Бид үүний дараа “Ноосон зангилаа” дундын хоршоо дарга Ц.Цэнд-Аюуштай уулзлаа.
Эдний хоршоо Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газраас гурван жилийн өмнө 100 сая төгрөгийн зээл аваад төлж дуусч байгаа гэнэ. Норвегийн тусламжийн байгууллагын төслийн үр дүнд 1996-2006 онд амьжиргааны түвшин доогуур хүмүүст хонины ноосоор гэрийн нөхцөлд гар аргаар эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалт явуулжээ. Энэ 10 жилийн хугацаанд олон хүн сургалтад хамрагдаж, төсөл дуусах үед өөрсдөө зохион байгуулалтад орж хоршоо гэдэг статусыг сонгож үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Хоршооны зорилго нь үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг авч зуучлан борлуулах үүрэг гүйцэтгэдэг. Тус хоршооны “Цагаан алт” дэлгүүр жилдээ 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг. Маркетингийн хувьд гадаад, дотоод гэсэн хоёр янзаар явуулдаг. Дотоодод нь нэрийн дэлгүүрээр болон жуулчдын улирлын үеэр музей, жуулчны бааз, гадна дотны харилцагчтай хамтран борлуулдаг. Гадны зах зээлд албан ёсоор 3-4 улсад бараа бүтээгдэхүүнээ экспортолдог. Эсгий гар урлалын дөрвөн бүтээгдэхүүн ЮНЕСКО-д бүртгүүлсэн.
Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсантай холбоотой уг бизнесийг Японы зах зээл дээр гаргах нөхцөл бүрдсэн. Гэхдээ төрөөс бодлого явуулж, дэмжвэл илүү ашигтай аж. Олон жилийн туршлагаас үзэхэд Японы зах зээлд манай бараа эрэлт хэрэгцээтэй байдаг гэнэ. Худалдан авагчдынхаа дунд судалгаа хийхээр манай эсгий бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг гэдэг нь тогтоогдсон. Эсгий урлал дотроо хамгийн эрэлт хэрэгцээтэй нь шаахай аж. Харин Монголын зах зээл хумигдмал.
“Ноосон зангилаа” дундын хоршоо Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төслөөс 100 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Уг нь 150 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан ч арилжааны банкууд 100 сая төгрөгийн зээлийг олгож байгаа нь үйл ажиллагаа өргөжүүлэх биш харин амь тариа төдий болоод өнгөрдөг нь асуудал болоод байгаа тал бий. Үүнийг өөрчилж, хүссэн хэмжээгээр нь зээл олговол цаашдын үйл ажиллагаа өргөсгөж, зах зээлээ ч тэлэх боломжтой юм.
Жижиг дунд үйлдвэрүүд “Итгэлийн зээл”-д хамрагдах боломжтой
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаатай уулзлаа. Ноос ноолуурын нөөц жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн онд 25,000 тонн хонины ноос, 1,000 тонн тэмээний ноос, 2,900 тонн ноолуур гэх мэт ширхэгт материалыг нөөцөлжээ. Эдгээр материалаар олон улсад гэр ахуйн материал, бүтээгдэхүүнийг хийдэг бол манайд өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийхийг зорьж байгаа юм.
Монгол хонины ноосыг хялгасыг нь ялгаад ноолуурлаг хэсгээр нь сурагчдын дүрэмт хувцас хийж байна. Мөн барилгын дулаалгын материалыг хийж туршиж байгаа. Нарийн нарийвтар хонины ноос маш бага байдаг учир голцуу бэлэг дурсгалын зүйл, эсгий шаахай, цүнх, хувцас гэх мэт зүйлсийг үйлдвэрлэж үүнийг жуулчид ихээр худалдан авах болсон.
Жишээ нь Ноосон зангилаа хоршооны “Цагаан алт” дэлгүүрээр өрхийн үйлдвэрээр хийсэн бэлэг дурсгал, эсгий шаахайг борлуулдаг. Энэ бол дагнаад эсгий урлалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулж байгаагаараа онцлогтой. Эсгий нь маш олон давуу талтай. Сэрүүн, чийглэг уур амьсгалтай орнуудад үнэхээр зохицсон бүтээгдэхүүн учир олон улсад эрэлттэй байгаа. Гар аргаар, үйлдвэрээр янз бүрийн аргаар эсгийг шаахайг хийж байгаа.
Гадаад гэлтгүй дотоодын зах зээлд ч эрэлт ихтэй. Төрөөс гар урлал, эсгий бүтээгдэхүүнийг тасралтгүй дэмжиж, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, Олон улсын зээлд хамруулж байгаа. Цаашид ч гэсэн энэ салбарыг дэмжих болно. Мөн Япон улстай хийсэн Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу татварын тааламжтай нөхцөлөөр экспортолж байгаа. Тиймээс эсгий гар урлалын үйлдвэрүүд маань загвар, технологио илүү сайжруулаад, ялангуяа хаяг шошго нь үйлдвэр, гарал үүсэлтэйгээ бичигдсэн байх юм бол гадаад зах зээл улам өргөжих боломжтой.
Жижиг дунд үйлдвэрт өгч байгаа зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог учир хамгийн ихдээ 100 сая төгрөгийн зээлийг олгодог. Харин үйлдвэрүүдэд энэ нь үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хангалттай санхүүгийн эх үүсвэр болж чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд Зээлийн батлан даалтын санг байгуулсан. Энэ сангаар дамжуулан авах боломжтой. Энэ жил Засгийн газрын хөтөлбөрт “Итгэлийн зээл”-ийг бий болгосон. Жижиг үйлдвэрүүд Итгэлийн зээлд хамруулах төсөл, эдийн засгийн тооцоо судалгаа, тайлангаа манай яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар саналаа ирүүлэх боломжтой.
Нийслэлд эсгий шаахай урладаг 50 гаруй өрхийн үйлдвэр бий
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ерөнхий менежер Д.Хандбадам: Нийслэлд эсгий шаахайны чиглэлээр голдуу өрхийн үйлдвэрүүд ажилладаг. Үйлдвэрлэлийн шугамаар юм уу, үйлдвэрлэл эрхэлж эсгий таавчиг хийж байгаа газар байхгүй. Манай байгууллагаас өнгөрсөн нэгдүгээр сард Жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрүүдээр биечлэн судалгаа хийсэн. Судалгаанд цөөхөн тооны үйлдвэрлэл эрхэлж байгаа цех, тасгаас гадна хороодоор явж өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газруудыг хамруулсан. Зөвхөн эсгий шаахай урладаг хувь хүн, иргэд ихэвчлэн аж ахуй нэгжийн тамга тэмдэггүй нийлээд 50 гаруй газар байна.
Гэхдээ энэ хүмүүс маань тогтмол үйлдвэрлээд байдаггүй. Эсгий таавчиг, дээл, гутал гэх мэт ахуйн зүйлсийг бас давхар хийдэг. Яг тогтмол хийж байгаа газар бага байна. Энэ жижиг өрхийн үйлдвэрүүд эсгий таавчигаа хийхдээ хятадын эсгийг авч хийдэг. Цөөхөн тооны газар дотоодод үйлдвэрлэсэн эсгийгээр хийдэг. Учир нь монгол эсгийний шахалт, нягтаршил нь муу учраас сунадаг. Тиймээс ихэвчлэн хятад эсгийгээр дагнаж хийдэг газрууд их бий. Зах зээлийн хувьд огт байхгүй биш. Гол нь аливаа зах зээлийн хүндрэлүүд, мөн гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд цохигдоод байгаа талтай.
Одоогийн байдлаар 2016 онд ямар нэгэн зээл гаргаагүй. Энэ онд зээл олгох төлөвлөгөөтэй байгаа. Хүмүүс зээл авах сонирхол ихтэй байдаг. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв бол зээл олгодог газар биш. Манай дээр зөвхөн мөнгөний санхүүгийн төсөв, мөнгөн дүн нь харагддаг. Мөнгө нь байршихдаа банкинд байршдаг. Банкны шалгуурт нийцсэн төсөл, үйлдвэрт л зээл олгодог. Учир нь эрсдэлээ банк үүрдэг.
2015 онд нийслэлд Жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл олгосон гэхдээ эсгий урлалын чиглэлд биш харин сүүний фермер, хөдөө аж ахуйн чиглэлээр олгосон. Гэтэл нийслэлийн алслагдсан хороонд мал байх эрхтэй. Тухайн үед, өнөөдөр шаардлагатай байгаа эсгий таавчиг, хоол хүнс, хувцас, гутал гэх мэт ахуйн хэрэглээний үйлдвэрлэлд зээл олгоогүй. Их хэмжээний зээл нь сүүний фермерт чиглэсэн нь одоо эргээд зах зээлийн хүндрэлээс бүтээгдэхүүн борлоогүй гээд эргэн төлөлт байхгүй, зээлээ сунгая гэсэн хүсэлт их ирж байна.
Эсгий шаахай зуны улиралд илүү борлогддог
“Цагаан алт” бол эсгий урлал хийдэг хоршоодын нэрийн дэлгүүр. Энд эсгий шаахайн хамгийн борлуулалт сайтай улирал нь өвөл биш зун гэнэ. Учир нь гадны жуулчид тасардаггүй энэ улиралд гадаадын иргэд натурал түүхий эдээр, гараар урласан бүтээгдэхүүн болохоор худалдаж авах нь их байдаг. Харин манайхан бол гар урлалаар дагнаад хийсэн бүтээгдэхүүнийг үнэлэх үнэлэмж бага.
Эсгий шаахай нь хөлд эвтэйхэн, чийг татдаггүй, дээд зэргийн дулаахан байдаг учир тав тухтай байдлыг мэдрүүлээд зогсохгүй эрүүл мэндэд нэн тустай.
Бөөр нурууны өвчин, эмэгтэйчүүдийн болон давсагны үрэвсэлт өвчнүүд, ханиад томуу хүрэх, хоолойн өвчин зэрэг олон төрлийн өвчлөл доороосоо даарснаас үүдэлтэй байдаг. Мөн доороосоо их даарах нь хүний дархлааг сулруулж, аливаа өвчинд өртөмтгий болгодог сөрөг нөлөөтэй юм. Хүний хөлийн уланд бүх эрхтний мэдрэлийн цэгүүд байрладаг. Үүнтэй холбоотойгоор хөлөнд массаж хийлгэснээр хүн тайвширч, амардаг.
Бид тэр болгон гоо сайханд орж, хөлөндөө массаж хийлгээд байж чаддаггүй шүү дээ. Тэгвэл эсгий шаахай нь энэхүү иллэгийн үүргийг гүйцэтгэдэг давуу талтай юм. Эсгий шаахайг өмссөнөөр хөлийн мэдрэлийн цэгүүд цочирч, сэргэдэг. Тиймээс өнөөг хүртэл улам боловсронгуй болгон урласаар ирсэн, өнө эртний түүхтэй Монгол эсгий шаахайгаа өмсөж эрүүл мэндээ хамгаалаарай.
Монгол өв соёлын томоохон бүтээл болох эсгий шаахайн уламжлалыг залгамжлан, орчин цагийн өнгө төрхийг шигтгэн урлаж, монголчуудын эрүүл энхийн төлөө бүтээгдсэн “Эрдэнэт хивс” компанийн “Угалз” брэнд.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
