Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж байна. Энэ үед галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Тус өдөрлөг өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулагдсан юм.
Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын албан хаагчид, УБЦТС компанийн ажилтнууд мэдээлэл өгч байна.
БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч, Онцгой байдлын дэд хурандаа Б.Сүхбаатар "Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуурын хэрэглээ нэмэгдэж, цахилгааны үүдэлтэй гал түймрийн гаралт нэмэгдэж болзошгүй байна. Тиймээс УБЦТС болон Нийслэлийн онцгой байдлын газар хамран гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Яг одоогийн нөхцөлд бол манай иргэдийн хэрэглэж байгаа цахилгаан дамжуулах утас, монтаж төдийлөн шаардлага хангахгүй байгаа. Энэ нь иргэдийн амьдралын боломжтой холбоотой байдаг учраас шаардлага хангах шахалт үзүүлэхэд түвэгтэй байдаг" хэмээн ярилаа.
Цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгөх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд буюу хоёрдугаар сарын 10 хүртэл томоохон зах худалдааны төвүүд болон гэр хороолол бүхий хороод дээр зохион байгуулах юм байна.
УБЦТС ТӨХК-ийн зүгээс эхний ээлжинд халаах орчин буюу гэр байшингийнхаа талбайд тохирсон цахилгаан халаагуурыг сонгоод дараа нь тухайн халаагуурынхаа хүчин чадалд тааруулан цахилгааны утсаа сонгохыг зөвлөж байлаа.
Мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс болон 70047004 утсаар авах боломжтой аж.
Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэснээс хойш эрчим хүчний хэрэглээний ачаалал 0.5 хувиар өссөн бөгөөд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс айл өрхүүд халаагуур хэрэглэх нь нэмэгдэж, эрчим хүчний ачаалал өсөх хандлагатай байгааг албаныхан хэлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!