Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хөнгөлнө

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр болсноо зарласан. Тэгвэл Засгийн газрын хуралдааны энэхүү шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргажээ. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсны мэдээлэл хийлээ. 

Гэр хороололд нийт 146 мянган өрх амьдарч байгаа. Үүнээс 110 мянган өрх хоёр тарифт тоолууртай бөгөөд цахилгааны хөнгөлөлтөд зөвхөн хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах боломжтой. Эдгээр өрх энэ оны нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд оройны 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд цахилгааныг үнэ төлбөргүй хэрэглэх юм. Ингэснээр 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо гарсан байна.  

Ийнхүү шөнийн цагаар цахилгааны төлбөрийг тэглэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах, иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө хэмээн албаныхан үзэж байгаа аж. 

Түүнчлэн энэ хугацаанд хэрэглээний огцом өсөлт үүсэх эрсдэлтэй байгаа тул аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд авч ажиллах юм. Мөн цахилгаан түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан цахилгаан эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1,500 кВт.ц байхаар тогтоожээ.

Албаныхан сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Шөнийн цагаар цахилгааны төлбөрийг тэглэснээр олон айл цахилгаан халаагуур ашиглаж эхэлнэ. Ингэснээр цахилгаан түгээх сүлжээ ачааллаа дийлэхгүйд хүрэх эрсдэл бий юу?

-Оройн 21:00 цагаас эхлэн өглөөний 6:00 цаг хүртэл хөнгөлж байгаа нь учиртай. Энэ бол шөнийн бага ачааллын үе тул бусад хэрэглэгчид хүндрэл, нөлөө үзүүлэхгүй. 

-Энэ хөнгөлөлтөд гэр хороололд аж ахуйн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж хамрагдах уу?

-Хөнгөлөлт нь ахуйн зориулалтаар хэрэглэж буй цахилгаан эрчим хүчийг тэглэхэд л зориулагдаж байгаа. Түүнээс биш дэлгүүр, үйлчилгээ зэрэг аж ахуйн үйлчилгээ явуулж буй бол хамрагдахгүй. Эдгээр нь цахилгаан түгээх компанитайгаа аж ахуйн зориулалтын гэрээтэй байдаг. 

-Хоёр тарифт тоолуурыг иргэд хэдэн төгрөгөөр худалдан авах боломжтой вэ?

-146 мянган хэрэглэгч байгаагийн 110 мянган хэрэглэгч нь хоёр тарифт тоолууртай байгаа. Хоёр тарифт тоолуургүй иргэд 80 болон 85 мянгын төгрөгийн үнэтэй тоолуураас сонгон авч хэрэглэх боломжтой. Мөн халаалтын зориулалтаар хэрэглэж буй 380В-ын тоолуур нь өөр өртөгтэйгөөр холбогдох газруудад борлуулагдаж байгаа.

-Цахилгааныхаа хүчин чадлыг нэмэх хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээнд өргөдлөө гарган, холбогдох техникийн нөхцөлийн дагуу цахилгааныхаа хүчин чадлыг нэмэх боломжтой. 

-Цахилгаан тэглэхэд 4.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий гэлээ. Мөн цахилгааныг тэглэж байгаатай холбоотой бусад зардалд нийт хэчнээн төгрөг шаардагдах вэ?

-Зөвхөн цахилгааны төлбөрт гэхэд 4.8 тэрбумын зардал гарна гэсэн тооцоо бий. Мөн шөнийн цагаар цахилгааны хэрэглээ нэмэгдэх учир үйлдвэрлэл, импортын зардал нэмэгдэх магадлалтай гэж тооцоход 21 тэрбумын нэмэлт зардал гарахаар байгаа. Нийтдээ 25.8 тэрбум орчмын зардал гарна байх.

-Зардлын эх үүсвэрийг талаар тодруулахгүй юу?

-Нэн шаардлагатай 4.8 тэрбум төгрөгийн зардлыг Байгаль орчны сайдын багцад байгаа Байгаль орчны бохирдлоос хамгаалах сангаас гаргана. Харин бусад зардлыг энэ оны төсвийн тодотголоор шийднэ. Ер нь энэ асуудалтай холбоотойгоор хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй.

Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай журам: