НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан азтануудын батламжийг өнөөдөр гардууллаа.
17 дахь удаагийн тохирлоор 100 сая төгрөгийн азтан хоёр тодорсон гэдгээрээ онцлог юм. Азтануудад батламжийг нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өгсөн юм.
Тэрбээр "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Татварын алба улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 34 хувь буюу 475.5 тэрбум төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлого байна.
Мөн хууль хэрэгжсэнээр 38,825 бизнес эрхлэгч, хувь хүн хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин хэрэглэж, мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд илгээж хэвшсэн бөгөөд энэ онд борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан 2,020 татвар төлөгч шинээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн.
Урамшууллын тогтолцоо буюу татвар төлөгч иргэн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтаар сугалаанд оролцох, төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах болсноор хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжтой болсон юм" гэлээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Б.Батдаваа "Төмөр замд байдаг KFC-ийн салбараар үйлчлүүлсэн баримтаа бүртгүүлээд 100 сая төгрөгийн азтан болсон. Худалдаа, үйлчилгээний газруудаас баримтаа үргэлж авдаг ч заримыг нь бүртгүүлж амждаггүй. Өнгөрсөн сард гурван л баримт бүртгүүлсэн байсан. Тэр гурвынхаа нэгээр нь азтан болсон. Тулгамдаад мөнгөөрөө юу хийхээ төлөвлөж амжаагүй байна. Залуу хүн учраас ямар ч байсан цаашдаа хэрэг болох зөв зүйлд зарцуулна гэж бодож байна".
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа "Хаа нэгтээгээс баримт авах л юм бол заавал бүртгүүлдэг. Энэ удаад Монос эмийн сангаас худалдан авалт хийсэн баримтаар 100 сая төгрөг хожлоо. Мөнгөө юунд зарцуулахаа бодчихсон байгаа".
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Э.Мөнхбат "Манайх "Дорнод-Ус" гээд компаниас цэвэр ус гэртээ захиалж хэрэглэдэг. Байнга захиалдаг усаа захиалаад 4 сая төгрөгийн азтан болсон. Баримтаа байнга бүртгүүлдэг ч өмнө нь азтан болж байгаагүй. НӨАТ-ын урамшууллын талаар бараг мэддэггүй. Баримтаа бүртгүүлбэл сугалаанд оролцдог гэж сонсоод л бүртгүүлж эхэлсэн.
Азтан болсноо сонсоод батламжаа авахаар гэр бүлээрээ өчигдөр хотод ирсэн. Маш их баяртай байна" гэв.
Гэрэл зургийг mpa.mn