Богд хааны ордон музейн 90-н жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” дурсамж уулзалтыг зохион байгуулж байна. Дурсамж уулзалтын үеэр Богд хааны өргөмөл хүү Т.Эрэнжав, Л.Мөрдорж, Лувсанжанцан нарын хүүхдүүд, ач зээ нар хүрэлцэн ирж өмнө бидний сонсож байгаагүй сайхан дурсамжийг дэлгэх болно.
Богд хааны хүү Эрэнжав нь МАХН-ы Төв Хорооны тусгай тасагт бичиг хэрэг нууц ба тогтоол, анги, жижүүрийн нарийн бичгийн дарга, шуудангийн эрхлэгч, боловсон хүчний тасагт зааварлагч, Намын хянан шалгах хороонд архивын эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 1981 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Уулзалтанд түүний охин Э.Шүрэнцэцэг, зээ хүү Э.Батзул нар хүрэлцэн ирэх юм.
Богд хааны өргөмөл хүү Төрийн хошой шагналт Л.Мөрдорж нь Симфони бүтээлийг эх орондоо анх түрүүн бүтээж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцэж, Монгол үндэсний найрал хөгжмийн сонгомол дэг сургуулийг бий болгож, манай шинэ үеийн хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд асар их гавьяа байгуулсан томоохон сэтгэгчийн нэг байжээ.
Түүний зохиосон дуугаар манай эх орон ургах нарыг угтаж, жаргах нарыг үдэж байдаг билээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Мөрдорж гуайн тухай илүү дэлгэрэнгүй дурсамжийг түүний ач хүү алдарт тогооч Г.Тэнгис бид бүхэнтэй хуваалцах болно.
Богд хааны өргөмөл хүүхдүүдийн нэг болох Дамбажанцан /хожим нэрээ сольж Лувсанжанцан болсон/ нь сонирхолтой хувь тавилантай нэгэн билээ. Зураг дээр ах дүү хоёрын том нь Дамбажанцан ба дүүг нь Дамбаринчен гэдэг байжээ.
Энэ хоёр хүүг Богд хааныд хамгийн анх өргөгдсөн хүүхдүүд гэдэг ба энэ нь ч үнэний ортой. Одоогийн Дундговь хавиас ирсэн өвгөн хөгшин хоёр өөрсдийн хоёр хүүхдээ Богд хааныхыг Туул голын хөвөөнд байхад нь үрчлүүлсэн гэдэг.
Хожим Богд хаан Эх дагина нар хоёр хүүгээ Богдын долоон цоржын нэг Эх дагины нутгийн Жамба цоржид өргүүлсэн байна. Жамба цорж хоёр хүүхдээ аван төрсөн нутаг болох одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нутаглаж байгаад хожим хэлмэгдсэн гэдэг. Бага хүү Дамбаринчен цэргийн хүн болсон бөгөөд 1939 он 1945 оны дайнуудад оролцож явсан байна. Тэрээр дайны дараа хатгалгаа өвчний улмаас нас барсан бөгөөд ах Дамбажанцан нь эгэл малчны амьдралаар замнаж нэгдэлжих хөдөлгөөний үеэр Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийг анхлан байгуулалцсан 7 гишүүний нэг болсон аж.
Цэнхэрмандал суманд насаараа мал дагасан тэрээр 1981 онд бурхан болсон байна. Богдын өргөмөл хүүгийн ийм нэгэн сонирхолтой хувь тавилангийн талаар охин Даваа нь анх удаа сонирхолтой хууч яриа өрнүүлэх болно.
Түүнчлэн уулзалтанд музейн анхны захиралуудын болох партизан Дамбаравжаа, Чулуунбаатар, Гүржав нарын үр хүүхдүүд, музейн захирлаар ажиллаж байсан МУУГЗ, зураач Г.Дунбүрээ, барималч доктор С.Бадрал нар оролцохоос гадна музейн үе үеийн ажиллагсад тэдний үр хүүхдүүд цуглаж музейн тухай олон сонирхолтой яриа өрнүүлэх юм. Дашрамд сонирхуулахад Богд хааны ордон музейн нь байгуулагдаад даруй 90 жилийн түүхийг туулжээ.
Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй.
Музейг шинэтгэн байгуулах ажил 1926 оны сүүлчээр дууссан бөгөөд тухайн цаг үеийн түвшинд музей байгуулалтын хувьд дэвшилттэй үйл явдал болжээ. Улмаар 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 464/46-р тогтоолоор Улсын төв музей байгуулагдах шийдвэр гарсны дагуу тус музей нь Улсын төв музейн харьяа музей болж байгаад 1961 оноос Богд хааны ордон музей болжээ.
Тус музей нь 1926 онд Үндэсний музей, 1940-1941 онд Орон нутаг судлах музей, 1954 оноос Улсын төв музейн харьяа музей, 1961-1990 онд Богд хааны ордон музей, 1991-1992 онд Шашны урлагийн музей, 1993-2000 онд Шашны түүхийн музей, 2000 оноос өнөөг хүртэл Богд хааны ордон музей гэсэн нэртэй ажиллаж байна.
Энэхүү дурсамж уулзалт 2016 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагаас Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд эхлэх бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй юм.
Эх сурвалж: Богд Хааны Ордон Музей
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!