Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад үрчлэгдсэн хүүхэд 16 нас хүрээд аль улсын иргэн байхаа ӨӨРӨӨ ШИЙДДЭГ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
 

Монгол Улсын хэмжээнд жилдээ 2,700 орчим хүүхэд дотоодын хэмжээнд үрчлэгддэг гэсэн тоон мэдээлэл байна. Эдгээрийн ихэнх нь хамаатан садан хоорондын үрчлэл байдаг ажээ.

Дотоодын үрчлэлийн асуудал дээр хяналт тавих талаар гэр бүлийн тухай хуульд одоогоор тусгагдаагүй байгаа бөгөөд шинэчилсэн найруулгын төсөлд дотоод үрчлэлийг олон улсын зарчим, стандартад нийцүүлэх асуудлыг тусгаж байгаа юм байна.

Харин "хилийн чанадад хүүхэд үрчлэх" асуудалд Монгол Улс ямар байр суурьнаас ханддаг, гадаадад хүүхэд үрчлэхэд ямар үйл явц өрнөдөг талаар тусгайлан бэлдсэн сурвалжлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.


1999 оноос хойш манай улсаас 264 хүүхэд гадаадад үрчлэгджээ

Монгол улс "Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн Конвенцид 1998 онд нэгдэн оржээ. Үүнээс хойш хилийн чанадад  Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүэх асуудлыг 1999 оны Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль” болон 2001 онд батлагдсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх жухам”-аар зохицуулж байна. 

 

Үрчлүүлэх үйл ажиллагааг холбогдох журмын дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Гадаадын Иргэн, Харьяатын Газар хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлаар бусад орнуудын үрчлэлийн асуудал хариуцсан, төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран ажилладаг.

Гадаадын Иргэн, Харьяатын Газраас Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журмын хүрээнд 1999 оноос хойш 264 хүүхэд гадаад улсад буюу,

  • АНУ
  • Герман
  • БНСУ
  • Франц
  • Недерланд
  • Канад
  • Итали
  • Авсртали
  • Англи
  • Бельги
  • Япон
  • Дани
  • Испани
  • Финлянд
  • Швед
  • Шинэ Зеланд
  • ОХУ гэсэн 17 улсад үрчлэгдсэн гэх мэдээг бидэнд өглөө.

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2015 онд таван хүүхэд, 2016 онд таван хүүхэд үрчлэгдсэн бөгөөд жилд дунджаар 4-5 хүүхэд гадаадад үрчлэгддэг ажээ. 

Үрчлэгдсэн хүүхэд 16 нас хүртэлээ Монгол Улсын Иргэн байдаг бол 16 нас хүрээд аль улсын иргэн байхаа өөрөө шийддэг байна.

1999 оноос хойш нийт 264 хүүхэд үрчлэгдсэнийг хүйсийн харьцаагаар авч үзвэл 147 нь эрэгтэй, 117 эмэгтэй байна. Үүнийг бид доорх тоон үзүүлэлтээр харууллаа...

Хүүхэд үрчилж авахаар хүсэлт гаргасан эцэг эхчүүдэд тухайн хүүхдийн эрхийн үүднээс,

  • Гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээд таваас доошгүй жил хамтран амьдарсан байх
  • Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчин, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэггүй талаарх баталгаа
  • Эцэг эх байх эрхээ хасуулж хязгаарлуулаагүй, хязгаарлуулж байгаагүй байх
  • Гэмт хэрэгт холбогдож яллагдан, шийтгүүлж байгаагүй
  • Үрчлэх тухай өргөдөл гаргагчдын санхүүгийн боломжийн тухай мэдээлэл
  • Гэр бүлийн судалгаа буюу өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, хүсэлт гаргачдын боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, зан суртахуун, үрчлэгч эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар ярилцсан байх
  • Үрчлэгчдийн болон, тэдний орон сууцны байдлыг харуулах
  • Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахыг зөвшөөрсөн тухайн улсынх нь эрх бүхий байгуулгын зөвшөөрөл
  • Өөрийн орны үрчлэлийн асуудал хариуцсан төрийн байгууллага эсвэл эрх бүхий төлөөлөгчийн газраар дамжин албан ёсоор хүсэлтээ ирүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьдаг байна. 

Мэдээж хилийн чанадад үрчлэгдэж байгаа хүүхдүүдийн эрхийн асуудал хамгийн чухал бөгөөд тухайн хүүхдийн эрх, хамгаалалд журмын дагуу Гадаадын Иргэн, Харьяатын Газраас хяналт тавьдаг ажээ.

Тухайлбал, үрчлэн авсан хүүхдийн талаар гурван нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам мэргэжлийн нийгмийн ажилтан хянаж, хөгжлийн тайланг ирүүлдэг байна.
Хөгжлийн тайланд, хүүхдийн биеийн, сэтгэхүйн, нийгэмшихүйн, эрүүл мэндийн хөгжил, хүүхдийн дасан зохицох чадвар зэргийг тусгасан мэдээллүүд болон зураг багтах аж. 

Мөн үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, консулын газарт мэдэгдэн хамтран хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас хүүхдийн аж байдалтай танилцдаг байна.

Гадаадад хүүхэд үрчлэхэд ямар үйл явц өрнөдөг вэ?

Юун түрүүнд гадаад гэр бүл манай улсад хүүхэд үрчилж авах хүсэлт ирүүлэхээсээ өмнө өөрийн улсын хүүхэд үрчлэл хариуцсан, төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй, улс хооронд хүүхэд үрчлэх процессийг зуучилдаг, эрх бүхий итгэмжлэгдсэн, мэргэжлийн байгууллагад хүсэлт тавьдаг.

Ингэснээр тухайн эрх бүхий байгууллага хүсэлт тавьсан гэр бүлийг нийгмийн байр суурь, сэтгэл зүй, эдийн засаг зэрэг бүхий л талаар нь судалж хүүхэд үрчилж авах боломжтой эсэх дээр шийдвэр гаргадаг ажээ.

Хамгийн олон хүүхэд үрчлэгдсэн тоогоор нь авч үзвэл АНУ-д 156, ХБНГУ-д 33, Франц улсад 20 хүүхэд үрчлэгдсэн байх бөгөөд бусад Испани, ОХУ, Шинэ Зеланд зэрэг улсад 55 хүүхэд үрчлэгджээ...

"Мэргэжлийн байгууллага" нь хүүхэд үрчилж авах хүсэлтэй эцэг эх болон манай Монгол улс хоёрын хооронд үрчлэлийн асуудлыг зуучилж, зохицуулалт хийдэг байгууллага бөгөөд энэ нь тусгай гэр бүлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тухайн гэр бүлийг судлах тусгай шинжээчидтэй, маш өндөр шаардлагыг хангасан мэргэжлийн байгууллага юм.

Манай улсын хувьд Франц, Герман, АНУ, Итали, ОХУ-ын Буриад улсын мэргэжлийн байгууллагатай хүүхэд үрчлэлийн асуудлаар хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллага хүсэлт гаргасан гэр бүлд бүх талын судалгаа хийн хүүхэд үрчлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд манай улсад хүсэлт тавьдаг ажээ.

Манай улсад хилийн чанадаас хүүхэд үрчлэх хүсэлт ирсэн тохиолдолд энэхүү хүсэлтийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Гадаадын Иргэн Харьяатын газар хүлээн авч, дахин судалгаа хийн, үрчлэх боломжтой хүүхдийг санал болгох замаар гадаадад хүүхэд үрчлэх үйл явц өрнөдөг байна.

Үрчлэх шийдвэр гарсны дараа Гадаадын Иргэн Харьяатын Газар, хүүхдийг үрчлэн авч байгаа эцэг эх, эрх бүхий мэргэжлийн байгууллага хооронд гурван тал гэрээ байгуулдаг бөгөөд тус гэрээнд хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх бүхий л нөхцлийг тусгасан байдаг ажээ.


 

Бид үрчлэлийн асуудлын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Шийлэгпүрэвтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

- Манай улсын хувьд хүүхэд үрчлэх асуудал дээр ямар бодлого баримталж байгаа вэ. Гадаадад хүүхэд үрчлэх үйл явц хэр нээлттэй байдаг бол?

- Монгол Улс үрчлэлийн тал дээр дотоод үрчлэлийг идэвхтэй явуулах, дотоодын үрчлэлийг олон улсын гэрээ конвенцид заасны дагуу явуулах бодлого баримталж байгаа.

Учир нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхэд үрчилж авах хүсэлтэй иргэд, гэр бүлийн тоо нэмэгдэж байна.

Энэ нь манай улсын хүн ам дотор үргүйдлийн асуудал элбэг тохиолдох, төрөлт багассантай холбоотой байх талтай. Нөгөө талаар хүүхэд өргөж авч өсгөх, буян үйлдэх хүсэлтэй хүмүүс ч бас нэмэгдэж байна. 

Харин гадаад үрчлэл нь тухайн хүүхдэд төрөлх улсад нь тохиромжтой гэр бүл олдоогүй тохиолдолд явагддаг. Мөн тухайн гэр бүлийг хүүхэдтэй болгох биш, хүүхдийг эцэг, эх, гэр бүлтэй болгох үндсэн зарчимд тулгуурладаг. Монгол Улс хүүхдийг нэн тэргүүнд дотооддоо үрчлэх, эх оронд нь гэр бүл, эцэг, эхтэй болгох бодлого баримталдаг.

Хүүхдийн дээд эрх ашиг бол гэр бүлийн орчинд эцэг, эхийн хайр халамжинд өсч, хүмүүжих юм. Гэтэл асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа мөртөө тухайн хүүхдийг үрчлүүлэхийг зөвшөөрдөггүй.

Эцэг, эх хамаатан садан нь зөвшөөрөөгүй тохиолдолд гадны гэр бүлд ч бай, дотооддоо ч бай үрчлэх боломжгүй. Энэ тохиолдолд хүүхэд хохирч байгаа юм.

Мөн Иргэний бүртгэлийн лавлагаагаар эцэг, эхтэй гэж гарч ирдэг боловч сураггүй, ямар нэгэн харилцаа холбоогүй хүүхдүүд үрчлэгдэх боломж нь хязгаарлагдмал байна.

- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гадаадад хүүхэд үрчлэх асуудал тусгагдсан байгаа юу?

-   Шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлэх асуудлыг бүлэг болгон тусгаж, журмаар зохицуулдаг байсныг хуульчилан тогтоож байна.

Мөн хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд эцэг, эх, хамаатан садны зөвшөөрөлгүй хүүхдийг үрчлэх асуудлыг тусгаад байгаа. 

Ерөнхийдөө төвлөрсөн асрамжийн үйлчилгээ нь хүүхдийн хөгжил, төлөвшилд үр өгөөж муутай, зардал өндөртэй байдаг​ учраас дэлхийн ихэнх орон татгалзаж байна.

Манай улс ч мөн дэлхийн чиг хандлага, хүүхдийн эрх, ашгийн үүднээс төвлөрсөн асрамжийн үйлчилгээнээс гэр бүлд түшиглэсэн хувилбарт үйлчилгээнд үе шаттайгаар шилжих бодлого баримтлаж байна.

2016 онд шинээр батлагдсан хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээний эрх зүйн орчинг бий болгож, стандарт журмыг боловсруулах ажлууд хийгдэж байгаа.

Гэр бүлийн тухай хуулийн төсөл дээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гадаадад хүүхэд үрчлэх асуудал дээр ямар зохицуулалт хийж, ажилладаг вэ?

- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам гадаад үрчлэлийн хувьд Монгол Улсаас хүүхэд үрчилж авах гадаадын иргэдийн хүсэлтийг хүлээн авч, судалж, хүүхэд үрчлэн авах боломжтой эсэхэд дүгнэлт гаргадаг. 

Гадаадад үрчлүүлсэн хүүхдэд тогтмол хяналт тавьдаг.

Жагсаалтын дагуу манай улсын үрчлэгдэх боломж бүхий хүүхдийг санал болгоод, үрчлэх процесс үргэлжилдэг. 

Хүүхэд үрчлэлийн хамгийн эцсийн шийдвэр Гадаадын Иргэн, Харьяатын Газар эцэг, эхтэй ярилцлага хийсний дараа гардаг.

Манай яамны үүрэг хүүхэд үрчлэх гэр бүл, үрчлэгдэх хүүхдийн талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах юм. Энэ тал дээр тусгай Хүүхэд үрчлэлийн зөвлөл ажилладаг. Тус зөвлөл долоон хүний бүрэлдэхүүнтэй, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажилладаг байгаа.

- Үрчлэгдэх боломжтой хүүхэд гэдгийг тайлбарлаж өгнө үү?

- Үрчлэгдэх боломжтой хүүхэд гэдэг нь тухайн хүүхдийг үрчлэхэд ямар нэгэн эрх зүйн маргаан байхгүй, эх оронд нь үрчлэх боломжийг судалсан хүүхдийг хэлж байгаа юм.

- Үрчлүүлсэн хүүхдэд хяналт тавьж, харилцаа холбоотой байдаг болов уу. Ямар харилцаатай байдаг вэ?

- Үрчлэгдсэн хүүхдийн эрхийн байдалд журмын дагуу хяналт тавьдаг. Хүүхэд үрчлэгдсэний дараа Гадаадын Иргэн, Харьяат, Хүүхэд үрчлэх асуудлыг зуучилсан мэргэжлийн эрх бүхий байгууллага, эцэг эх гэсэн гурван талт гэрээг байгуулдаг.

 

Уг гэрээнд хүүхдийн хөгжил хэвийн явагдах, ямар нэгэн байдлаар хүүхдийн эрх хөндөгдөхгүй байх тухай тусгасан байдаг. Үрчлэгдсэн хүүхдэд Гадаадын Иргэн, Харьяатын Газраас журмын дагуу хяналт тавьдаг. 

- Хэрэв ямар нэг асуудал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ. Ийм тохиолдолд бэлтгэлтэй байдаг уу?

- 1998 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улс Гаагийн Конвенци, Гэр бүлийн тухай хууль, бусад холбогдох журмын хүрээнд 260 гаруй хүүхэд үрчлүүлсэн байдаг. 

Энэ журмын дагуу гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн тухайд ямар нэг эрх нь зөрчигдсөн асуудал бүртгэгдээгүй байна. Одоогоор хугацаандаа тайлангаа ирүүлээд явж байна.

Хүүхдийн дээд эрх ашиг бол гэр бүлийн орчинд эцэг, эхийн хайр халамжид өсч, хүмүүжих юм.

Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд Элчин Сайдын Яамд хооронд бичиг илгээж, тайлангаа ирүүлэх шаардлага тавьдаг.

Энэ асуудлыг Гадаадын Иргэн, Харьяатын Газар хариуцдаг. Иргэдийн дунд энэ тал дээр янз бүрийн хардлага сэрдлэг байдаг.

Гэвч энэ нь маш нарийн эрх бүхий байгууллага харилцан зөвшилцөж, олон улсын эрх зүйн хүрээнд хэд хэдэн бичиг солилцсоны үндсэн дээр шийдэгддэг учраас асуудал гардаггүй. Тухайлбал, нэг үрчлэлийн үйл явц гэхэд дээд тал нь гурван жил үргэлжилж байж шийдвэрлэгддэг.

- Үрчлэлийн санхүүгийн зохицуулалтын тухайд?

- Үрчлэлийн олон улсын гэрээ болох Гаагийн Конвенцийн зарчимд хүүхэд үрчлэлийн асуудлаас хэн нэгэн нь ямар нэг ашиг хүртэх ёсгүй гэж заасан байдаг.

Энэ зарчмын хүрээнд ямар нэгэн төлбөр авагддаггүй. Монгол Улсаас ч тэр, тухайн улсаасаа ч тэр төлбөр авах ёсгүй.

Харин зуучлагч мэргэжлийн байгууллага гэр бүлийг судалсан бусад зардлууддаа тодорхой хэмжээний үйлчилгээний төлбөр авдаг. Монгол Улсаас ямар нэг төлбөр авахгүй, материалыг хүлээн аваад, албан журмын дагуу шийддэг.

- Манай улсын хувьд гадны улсаас хүүхэд үрчилж авсан тохиолдол байдаг уу?

- Монгол Улсын хувьд гадаадын улсаас хүүхэд үрчилж авах хүсэлт тавьсан тохиолдол гараагүй байна.