Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ.
“Entreprenuer 2016” арга хэмжээний талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш “Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг “Entreprenuer 2016” арга хэмжээ маань 20 дахь жилдээ болох гэж байна. Гран при нэг, 10 шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулна.
Мөн энэ жил 22 салбарын номинациар энтрепренерүүдийг шалгаруулна. Тав дахь жилдээ “Green entreprenuer”-ийг шалгаруулна. Эдгээр шалгаруулалтыг манай танхимаас гаргасан комисс 1-10 онооны системээр дүгнэх юм. Харин эцсийн шийдийг 25 хүний бүрэлдэхүүнтэй МҮХАҮТ-ын тэргүүлэгчид гаргана” гэлээ.
Тус ёслолын ажиллагаа нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах зорилготой юм.
Хурлын дараагийн асуудал нь валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор МҮХАҮТ-аас гаргаж буй уриалга байлаа. Учир нь төгрөгийн ханшны огцом уналтаас шалтгаалан бизнес эрхлэгчид, ялангуяа валютын зээлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн зардал огцом өсч, валютын ханшны эрсдэлийг удирдах боломжгүй болсноос хүнд байдалд ороод байгаа юм.
Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Валютын ханш өсч байна. Гэтэл ихэнх аж ахуйн нэгж арилжааны банкуудад ам.долларын зээл, зээлийн гэрээтэй байдаг. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж, гэрээ хэлцлээ уян зөөлөн болгохыг арилжааны банкуудад хандан уриалж гаргаж байгаа. Гэвч бид энэхүү хурлаар гэрээ хэлцлийн чөлөөт байдалд хандах гэсэн оролдлого хийгээгүй гэдгийг тодотгох нь зүйтэй” гэв.
Түүнчлэн тэрбээр эдийн засаг таатай байх үед заасан гэрээний хатуу нөхцлүүд үргэлжлээд явбал тухайн компани болон арилжааны банкууд аль аль нь хүнд байдалд орно. Тиймээс хүнд байдлаас гарах гарцаа хамтран хайх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд Иргэний хуулийн 218.1 заалт дээр ажиллаж байгаа юм.
Иргэний хуулийн тус заалтыг ашиглан гэрээ хэлцэлд оруулах тал дээр “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар МҮХАҮТ-ын өмнөөс албан ёсны итгэмжлэл хүлээн ажиллаж байгаа гэлээ. Тэрбээр “Иргэний хуулийн 218.1 нь шүүхийн практикт хэрхэн хэрэгжүүлэх нь маргаан дагуулж байна.
Монгол төгрөгийн өөрийн ханш гэж юу вэ, юугаар илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлж өгөөгүй. Түүнээс гадна үүрэг үүсэх үеийн ханшаар гэж заалт бий. Үүнийг гэрээ байгуулсан ханш гэж үзэж болно. Гэвч мөнгө, төлбөрийн гүйцэтгэлтэй холбогдсон үед мөнгө зээлдэгчийн дансанд мөнгө шилжиж орсноор үүрэг үүсдэг. Үүрэг үүсэх үеийн ханшийг мөн нэг мөр ойлгох ёстой. Тиймээс эдгээр эргэлзээтэй асуудлыг нэг мөр болгомоор байна” хэмээсэн юм.
Харин бизнесийн байгууллагуудыг төлөөлөн “Наран трейд” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт “Арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл олгохдоо доллараар ав гэдэг. Гэтэл энэ нь аж ахуйн нэгжүүдийг ихээхэн хүнд байдалд оруулж байна. Баялаг бүтээдэг гол хэсэг нь зээл, татвараа төлөөд сөхөрч унах нь. Тиймээс зээл авсан тухайн үеийн ханшаар зээлээ эргэн төлүүлэх талаар УИХ-аас тусгай тогтоол гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол байдал маш хүнд болох нь” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!