Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: Хөрөнгийн Биржийг зарах талаар биш яагаад авах ёстой тухай ярья

Ч.Болортуяа
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын Хөрөнгийн Биржийн  (МХБ) Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Х.Алтайтай VISITOR буланд цөөн хором ярилцлаа. 

Түүнээс МХБ-ийн  хувьчлал, долларын ханш, Хонг Конгт болсон энэ жилийн Монголд хөрөнгө оруулагчдын чуулган, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаарх асуултуудад хариулт авсан юм. 

- МХБ төдийгүй хэд хэдэн газрыг хувьчлах тухай шийдвэрийг танилцууллаа.  ХБ өөрөө өөр дээрээ IPO хийгээд их сайн жишээ үзүүлэх боломж бүрдлээ. Тийм үү?
- Тийм ээ, МХБ нээлттэй хувьчлалын сайн жишээ болж чадна, бирж хувьчлагдах ёстой.

Саяхан Засгийн газар, Сангийн яамнаас МХБ болон бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Юуны өмнө Х.Алтай хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр болон хувьчлалыг зохион байгуулж явуулдаг субьект биш гэдгийг хэлье.

Харин МХБ хувьчлалд бэлэн үү. Хувьчлахаар бол ямар бизнес вэ гэдэгт хариу өгье. Би хувьчлалын талаар хэд хэдэн өнцгийг онцолмоор байна.

Хөрөнгийн Бирж нь Улаанбаатар хотын төв цэгт байрлалтай түүхэн барилгын нэг.

Энэ обьект нь 1946 онд баригдсан Элдэв-Очирын нэрэмжит Монгол Улсын хамгийн анхны кино театр юм. Өөрөөр хэлбэл үнэ цэнэ талаасаа энэ обьект нэг төрлийн эртний дурсгалт байгууламж юм. Хоёрт, 2011 оноос хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн хүрээнд төрийн хөрөнгө оруулалтаар Лондонгийн Хөрөнгийн Биржийн Миллениум АйТи гэдэг хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг суурилуулсан. Гуравдугаарт, бирж гэдэг өөрөө хөрөнгийн зах зээлийн гол тоглогч дэд бүтэц нь байдаг, хөрөнгийн зах зээлээр дамжуулж гадна дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бизнесүүдэд санхүүгийн эх үүсвэр олгодог чухал суваг юм.

- МХБ-ийг хувьчлахын төлөө байна гэж ойлголоо. Одоо цаг нь мөн үү?
- Төсөв мөнгө гэхээсээ илүүтэйгээр одоо хувьчлах цаг нь болсон байж болох юм. Магадгүй манай бирж л дэлхийн хамгийн сүүлийн төрийн өмчит бирж болж үлдсэн байх аа. Би танд яагаад МХБ-г зарах ёстой вэ гэдэг өнцгөөс биш яагаад авах ёстой талаар тайлбарлаад байгаа юм.

Маш энгийнээс эхэлмээр байна. Өнөөдөр бизнесийн хувьд МХБ тогтвортой ажиллаж байгаа. Нөгөө талаас, хөрөнгө босгож үйл ажиллагааг нь явуулах шаардлагатай бүх дэд бүтцүүд нь байгуулагдсан ба эрх зүйн зохицуулалт, хууль дүрэм нь олон улсын түвшинд дүйцэхүйцээр батлагдсан, бэлэн болсон төсөл юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн өндөр хөгжилтэй орны хөрөнгийн зах зээлийн оролцогчдод байдаг Үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны байгууллагууд, зуучлагч байгууллагууд зэрэг байвал зохих оролцогчид бүгд өөр өөрийн функцээ гүйцэтгээд ажиллаж байна.

- Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр. Монголын санхүүгийн зах зээл зөвхөн нэг хөлтэй яваа нь маш их эрсдэлтэй талаар хэн хүнгүй ярьж байна.  Тэгвэл энэ үед хөрөнгийн зах зээл хөгжих алтан боломжит үе гэж харж болно. Тийм үү?
- Өөртэй чинь 100 хувь санал нийлж байна. Зээлийн хүү өнөөдөр үнэхээр өндөр байна. Хөрөнгө татах хэрэгсэл өнөөдрийг хүртэл банкны зээл байсаар ирлээ. 

Хэдийгээр Хөрөнгийн Бирж 90-ээд оны эхээр 500 орчим хувьчлал амжилттай хийсэн ч 25 жилийн түүхэнд 20 хүрэхгүй IPO хийгдсэн нь үнэхээр чамлалттай үзүүлэлт. 

Таны асуултанд хариулахад банкны зээлээс гадна өөр сонголт бүхий санхүүгийн эх үүсвэр бий болж байж буюу хөрөнгийн зах маань хөгжиж байж банкны зээлийн хүү буурна.

График 1, Шинээр болон нэмж үнэт цаас гаргагчдын тоо

- Та энэ сарын эхээр Хонг Конг дахь Монголд  хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад төр засгийг төлөөлж оролцоод ирсэн. Уулзалтын уур амьсгал тун тааруу болсон тухай бичиж байсан.  Чуулга уулзалтын тухай мэдээлэл өгөхгүй юу?
- 2010, 2011 онуудад энэхүү хөрөнгө оруулалтын чуулган маш өргөн оролцоотой болдог байсан. 2012 онд ч бас муугүй байсан л даа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийнх тийм өргөн хүрээнд болсонгүй. Миний хувьд засаг төрийг төлөөлж гэхээсээ байгууллагаа л төлөөлж очсон. Уур амьсгалын хувьд ч амаргүй болж өнгөрлөө. Монгол Улсын нэр хүнд уначихсан байна. Яагаад унасан талаар хангалттай яригдаж, бичигдэж байгаа учир би энд дахин нурших нь илүүц биз. 

- “Хөрөнгө оруулагчдын чуулган 2016”-н гол үр дүнг та тоймлоод хэлэхгүй юу?
- Энэ удаагийн чуулганд шинэ хөрөнгө оруулагчид гэхээсээ Монголд аль хэдийнээ хөрөнгө оруулалт хийчихсэн, тодорхой хэмжээний хувьцаа, бонд авчихсан компаниуд, сангууд мөн сонирхол татсан зүйл гэвэл хуулийн фирмүүд нэлээн оролцсон. Миний бодлоор тэд Монгол хаачих нь вэ, яах нь вэ гэдгийг харсан, сонжсон уулзалт болсон. 

 

 

- Гадны хөрөнгө оруулалт ийм муу байгаа үед жишээ нь МХБ үүн дээр хэрхэн ажиллаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж болох вэ?
- Бирж гэхээсээ илүү хөрөнгийн зах зээл гэж ярих нь зөв байх. Хамгийн хялбар, үр дүнтэй, тодорхой, тунгалаг байдлаар хөрөнгө оруулалт татах, гадны валютын урсгалыг нэмэх хэрэгсэл бол хөрөнгийн зах зээл. 

Яагаад хөгжихгүй байгаа талаар өмнө нь МХБ-д хэдэн жил ажилласан, одоо бас ажиллаж байгаа хүний хувьд өөрийн бодлоо товчхон ярья. 

Нэгд, манай зах зээлийн хөрвөх чадвар муу байна. Учир нь мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоо нь хөрөнгө оруулагч татахад таатай биш. Хөрвөх чадвар байхгүй болохоор шинэ бүтээгдэхүүн гардаггүй. Хэдийгээр төлбөр тооцоог МХБ-с тусдаа байгууллага хийдэг ч гэсэн бирж манлайлж оролцож сайжруулах шаардлагатай. 

Хоёрт, бидэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекст хамрагдах мөн нутагшуулах шаардлагатай. Ингэснээр бид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг манай зах руу татна. Бид энэ санаачлагыг хэрэгжүүлэхээр 2012 оноос Их Британий FTSE компанитай ажиллаж эхэлсэн боловч мөнөөх л мөнгөн төлбөр тооцооны механизм нь тэдний шаардлагад нийцэхгүй байна гээд одоо дөрөв дэх жилдээ хэрэгжээгүй л явж байна.

Эдгээрийг хэрэгжүүлж байж л зах зээл хөгжинө.

Хүмүүс хөрөнгийн зах зээл гэхээр зөвхөн биржийг хараад байдаг. Манай байгууллага зах зээлийн гол нүүр нь боловч бидний ард төлбөр тооцооны байгууллага байна, үнэт цаасны хадагламжийн байгууллага байна, зохицуулагч байгууллага, зуучлагч байгууллага гээд маш олон газраас бүрддэг гэдгийг хэлэх хэрэгтэй. 

- МХБ-ийн захирал байх хугацаандаа хамгийн түрүүнд хийнэ гэсэн тодорхой ажлаа дурдахгүй юу?
- Хөрөнгийн Бирж гэдэг өөрөө зах зээлийн нэг сегмент нь гэж би түрүүн хэлсэн. Зах зээлийн дэд бүтцийн байгууллага гэж ойлгож болно. Зах зээлд бенчмарк индекс нэвтрүүлэх түүнчлэн төлбөр тооцооны механизмыг боловсронгуй болгох тал дээр бид ажиллаад явж байна.

Өмнө нь МХБ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа зах зээлийн шинэ дэд бүтэц нэвтрүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлуудыг хийсэн.

- Нэг зүйл нэмж асууя. Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт маш их савлагаатай байлаа. Та хүмүүсийг битгий паникт ор гэж бичсэн байсан. Үүнийг тодруулахгүй юу?
- Хариулт маш энгийн. Энэ бол бодит үндэслэлтэй өсөлт байгаагүй, паникийн хүчин зүйл нэлээд орсон харагдсан. Гэтэл урт хугацаандаа нааштай зах зээлийн хандлага анзаарагдаж байна.

Хамгийн сүүлийн үеийн бодит жишээ хэлэхэд манай экспортын голлох түүхий эд болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт Лондонгийн ЛМЕ-д 6,000 доллар давж өссөн. Нүүрсний үнийн өсөлт маш сайн байна, экспорт ч нэмэгдэж байна. Монгол Банкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн, дээрээс нь алтны үнэ олон улсын зах зээл дээр сайн байна. Цаашлаад төмрийн хүдэр, цайр, хар тугалаг гээд манайхаас их, бага хэмжээгээр гардаг экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ бүгд эерэг хандлагатай болж эхэлж байна. Мөн манай түүхийн эдийн үнийн өсөлттэй зэрэгцээд хөрөнгө оруулалтын гол үзүүлэлтүүд болох TRQ, MMC хувьцааны ханш дагаад өсч байна. 

- Та их өөдрөгөөр хараад байх шиг байна гэтэл бодит байдал арай өөр байх шиг байна?
- Таны зөв. Монгол Улс хямралтай байгаатай санал нэгдэлгүй яахав. Гэхдээ бид энэ паникаасаа салж эхлэх цаг нь болсон гэдэг санаа юм. 

Мэдээж ирэх жил бид бондын хэд хэдэн төлбөр төлж эхэлнэ. Энэ нь ч валютын хомсдол бий болно гэсэн хүлээлт үүсгэсэн бололтой. Миний харж байгаагаар ММС бондын төлөлтийн асуудлаар амжилттай хэлэлцээр хийж нааштай шийдвэрлэж чадсан. Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр дээр хэлсэн манай эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөхийн хирээр бид бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх, хугацааг сунгах өөр бусад байдлаар хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудад урт хугацаандаа эрсдэлгүй гэж харагдах дохионууд дээр үндэслэн нааштайгаар шийдвэрлэх боломжууд нэмэгдэж байна.
 
Би ирээдүйг эерэгээр харж байж магадгүй. Гэхдээ бүх тоо баримт фактууд дээр эрүүлээр дүгнэлт хийж болох байлгүй дээ.

Танд 2017 оны манай орны эдийн засаг төсөв санхүү төсөөлсөнөөс эерэгээр гарч магадгүй өөр нэг сонирхолтой факт хэлье. Хүмүүс тэр болгон анзаарахгүй байх шиг байна. Өнгөрсөн жил УИХ-аар баталсан эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар бараг манай эдийн засагтай дүйцэхүйц хөрөнгө мөнгө ил болж тайлагнасан байсныг та анзаарсан уу.  Миний сонссоноор бараг манай эдийн засагтай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө ил болсон нь ирэх жилийн төсөв бүрдүүлэлтэд маш эерэг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй шүү дээ.