Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

MMC-ийн (975 HK) өрийн бүтцээ шинэчлэх төлөвлөгөөг зээлдэгчид нь дэмжжээ

ikon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN

Mongolian Mining Corp (MMC) компани өрийн дахин бүтэцжүүлэлтийн талаар зээлдэгчидтэй үндсэн тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдлээ. 

Түүнчлэн ММС корпорацийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өнөөдөр өглөө Bloomberg TV Mongolia телевизэд өгсөн ярилцлагадаа үүнийг мөн баталгаажууллаа. 

Түүнчлэн Энержи Ресурс-Сумитомо-Шенхуа гэсэн консорциум нэгдсэн байр суурьтай хэвээр бөгөөд Монгол улсын Засгийн газартай хэлэлцээрт ороход бэлэн гэжээ.

Өнөөдөр үдээс өмнөх Хонг Конгийн Хөрөнгийн Биржийн арилжаагаар MMC (975 HK) хувьцаа 6.89%-ийн өсөлт үзүүлж 0.310 хонконг доллараар хаагдаад байна.

Өрийн дахин бүтэцжүүлэлтийн талаар:

Г.Батцэнгэл: “Өчигдөр MMC Хонконгийн хөрөнгийн бирж дээр мэдэгдэл гаргасан. Сүүлийн хэдэн сар үргэлжилсэн гэрээ хэлцлүүдээ амжилттай дуусгаж чадлаа. 7-р сард ерөнхийдөө 600 сая долларын бонд эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч нартайгаа үндсэн тохиролцоонд хүрсэн бол энэ удаадаа зээл олгосон байсан BNP  болон ICBC банкуудыг хамруулсан тохиролцоонд хүрч чадлаа. Ингэснээр бол зээлийн бүтцийн шинэчлэлийн асуудлыг бүрэн хамруулж шийдэж чадлаа гэж харж болно.”

 

​Г.Батцэнгэл: “Гол үндсэн тохиролцоо нь бол 830 сая орчим ам. доллар байсан компанийн хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр 425 орчим сая ам.долларын шинэ зээл болж хэмжээг нь бууруулж байгаа. Дээр нь хүүг нүүрсний үнэтэй уялдуулсан 5-8% болгож бууруулж байгаа. Хугацааг нь 6 жилээр хойшлуулсан. Ингэснээр компанийн хөрөнгийн бүтцэд маш эерэг өөрчлөлтүүд орно. Үйл ажиллагаа цаашид тогтвортой явуулах боломж бүрдэж байгаа юм.”
Г.Батцэнгэл: “2-р сараас гэрээ хэлэлцээр эхлээд, 11 сард буюу ондоо багтааж дуусгаж чадаж байна.”

Компанийн мэдэгдэлд дурдсан гол асуудлууд:

Компанийн мэдэгдэлд http://www.mmc.mn/upload/2016-11-03_e_00975ann-20161103.pdf дурдсанаар өрийн дахин бүтэцжүүлэлтийн шинэчилсэн хувилбарыг зээлдэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулсан ба талууд санал болгож буй хувилбарыг ерөнхийд нь дэмжсэн гэсэн байна.

Өрийн дахин бүтэцжүүлэлтийн хүрээнд 2019 онд дуусах 30 сая ам.долларын өрийн бичиг, 2022 онд дуусах 395 сая ам.долларын өрийн бичиг, 195 сая ам.долларын хугацаагүй өрийн бичиг болон өрийг хувьцаанд шилжүүлэх зорилгоор 1,029,176,778 ширхэг гаргах юм байна.

Нэмж гаргаж буй хувьцааны хувьд олон нийтэд санал болгохгүй. Зээлдэгчдийн өрийн зарим хэсгийг хувьцаанд хөрвүүлж олгоно гэсэн үг. Тодруулбал нэмж гаргаж буй хувьцааны 9%-ийг нь бонд эзэмшигчдэд, 1%-ийг нь банкны зээлдэгчдэд хуваарилж байгаа юм байна.

Таван Толгойн бүлэг ордыг хөгжүүлэх консорциумын талаар:

Г.Батцэнгэл: “MMC, Sumitomo, Shenhua-тай хамтарсан консорциум хэвээр байгаа. Нэгдсэн байр сууриа хадгалж байгаа... Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр энэ консорциумтой яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэвэл бид оролцоод явах боломжтой байгаа.”

 

Г.Батцэнгэл: “Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгааг ашиглаад манай компани Сумитомо корпорацтай хамтраад Монголын баяжуулсан нүүрсийг Японы зах зээлд гаргах ажлаа эхлүүлээд явж байна. Энэ ондоо багтаагаад эхний ачилтуудаа Хятадын боомтоор дамжуулж хийхээр ажиллаж байна.”

 

​Г.Батцэнгэл: “Эрдэнэс Таван Толгой ХК-тай хамтарч үйл ажиллагаа явуулах саналыг тавьсан”

 

Нүүрсний ханшийн талаар:

Г.Батцэнгэл: “Бидний таамаглаж байгаагаар цагаан сар хүртэл энэ үнийн өсөлт хэвээр хадгалагдах байх. Цагаан сарын  дараа Хятадын гангийн үйлдвэрлэлийн төлөв, ерөнхий эдийн засгийн төлөв, нөгөө талаас (Хятадын) дотоодын улс төрийн шийдвэрүүд нь ямар байх нь вэ.  Нүүрсний олборлолтыг хүчээр бууруулж байсан бол, үнийн өсөлтийг саармагжуулах үүднээс олборлолтыг нэмэхийг зөвшөөрөх гэх мэт арга хэмжээг авч магадгүй. Гэхдээ цагаан сар хүртэл энэ боломж онгорхой байгаад байгаа.”

 

Эх сурвалж: http://golomtsecurities.com/