Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөрөнгө оруулагчдын чуулган эл хуль болж өнгөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Хонг Конгод зохион байгуулагддаг Монголын Хөрөнгө Оруулагчдын чуулган энэ сарын 1-2-ны хооронд сонирхолгүй, оролцогч цөөн, шүүмжлэл дүүрэн болж өнгөрсөн талаар Никкей сайтад бичжээ.

Саяхан томилогдсон Монгол банкны ерөнхийлөгч ОУВС-тай хэлэлцээр хийж байгаа тул энэ чуулганд оролцоогүй бөгөөд оронд нь Монголын Хөрөнгийн Биржийн тэргүүн Х. Алтай гол илтгэгчээр оролцсон байна.

 

Тэрээр Монгол улсад яг одоо мөнгө хэрэгтэй байгаа тул гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалтын чухлыг онцолжээ.

Гэвч Монголын Хөрөнгийн Биржэд арилжаа хийх эрхээ хаалгуулж, бизнесийн боломжоо алдаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид энэ үеэр гомдлоо илэрхийлцгээсэн гэнэ.

Тухайлбал Asia Frontier Capital сангийн арилжаа хийх эрхийг эрх баригчид хоёр сар орчим хугацаанд хаагаад байгаа бөгөөд гомдлыг нь хүлээж авахгүй, хариу өгөхгүй байгаа талаар тус сангийн төлөөлөгч мэдээлжээ.

Томилогдоод удаагүй байгаа Х. Алтай дарга өмнөх даргын үед үүссэн уг асуудлыг нягтлан шалгахаа амласан байна.

Уг чуулганд байнга оролцдог Rimu Resources-ийн захирал Крис Брэдли гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах гол хүчин зүйл бол “засгийн газрын тогтвортой бодлого” хэвээр байгааг онцолжээ. Түүний хэлснээр энэ удаагийн чуулган урьд нь болж байсан чуулганы хэмжээнээс 10 дахин бага хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл алдарсантай холбоотой гэсэн байна.

ING банкны Монгол дахь төлөөлөгч Эрик Версавел “олон улсын санхүүгийн байгууллагууд Монголоос энэ удаа итгэж болохуйц бодлого, санхүүгийн сахилга батыг хүсэн хүлээж байгааг” онцолжээ.

Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь төлөөлөгч Туен Нгуен Монголын эрх баригчид зөвхөн Оюу Толгой төсөлд найдах нь хангалттай бус, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнүүд, бусад уул уурхайн том төслүүдийг эхлүүлэх нь хямралаас гарах гарц гэдгийг хэлсэн байна.

Харин Монголын засгийн газрыг төлөөлж байгаа Х.Алтай “Монгол бол алдаанаасаа суралцаж байгаа орон. Тиймээс зөв шийдвэр гаргана гэж найдаж байна” хэмээн хөрөнгө оруулагчдад өөрийн бодлоо хуваалцжээ.

 

Эх сурвалж: Nikkei