Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” алтан медаль гардууллаа.
П.Цагаан монгол хэл бичиг, соёл, түүх, үндэсний урлагийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах чиглэлд санаачилга, үр бүтээлтэй ажиллажээ. Тухайлбал, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын бүтээлийг дэмжин “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн их тайлбар толь”, “Монгол эх түүх” 7 боть, “Монгол-Ил хаадын судалгаа” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хадны зургийг сонирхон судалж, энэ чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан юм.
Шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулан өглөө.
Тэрбээр “П.Цагаан түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хойч үедээ таниулах зэргээр Монгол Улсын шинжлэх ухаанд маш их хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гүйцэтгэж амжаагүй ажлыг П.Цагаан гэдэг хувь гүйцэтгэсэн түүхэн гавьяатай. Энэ нь түүний үүсгэн байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Энэ судалгааны төвийг байгуулсанаар Монгол Улсыг цаашлаад аймаг, дүүргийн хөгжлийн хэмжүүртэй болгож өгсөн юм. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлын үрийг тарих эхлэлийг тавьсан гавьяатай. Тиймээс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ын дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнаж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!