Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Энхболд: Нийтийн тээврийн автобусан дотор суурилуулсан камер жолооч, зорчигчдын үйл явцыг бичдэг

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан камер нь жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж буйг хянах, халаасны хулгай болон бусад гэмт хэргийг илрүүлэхэд чухал нөлөөтэй байна.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд "Нийтийн тээврийн автобусны дотор болон гадна талд хяналтын камеруудтай. Дотор талын хяналтын камер нь жолоочийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж халаасны хулгай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан юм.

Харин гадна талын камераар авто замын нэгдүгээр эгнээгээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох, автобусны буудал руу ороход саад болж зогссон автомашинуудыг илрүүлэх зорилготой.

Эдгээр хяналтын камеруудыг олон улсад хэрэглэдэг бөгөөд автобусан доторх үйл явцыг бичих, нотлох баримтын хэмжээнд бэхжүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар бүлэгт зааснаар жолооч гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж хэрэглэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуу дохиог сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, хэт чанга ярих нь хориотой байдаг. Гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж гэдэгт таб, ном сонин, сэтгүүл, бусад өөрийгөө сатааруулах зүйлүүд багтдаг гэж ойлгож болно.

Нийтийн тээврийн автобусны жолооч нар хөгжмөө хэт чанга асаах, хөдөлгөөний үед гар утсаар ярих, тамхи татах нь нийтлэг байдаг. Эдгээр үйлдлүүдийг хориглосон байдаг тул өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж тэдэнд соёлтой үйлчлэх хэрэгтэй" гэж мэдээллээ.

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 1,100 автобусанд теле камер суурилуулжээ.