Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн шинэ кино “Харбин” ирэх долоо хоногт нээгдэх гэж байгаа.
Японы колоничлолын эсрэг тэмцэгч бодит хүний түүхийг үзүүлсэн уг киноны зургийг Өмнөд Солонгос, Монгол, Латви улсуудад авчээ.
Өчигдөр буюу Пүрэв гарагт киноны баг уран бүтээлээ танилцуулах арга хэмжээг Сөүл хотод зохион байгуулсан байна.
Киноны гол дүр Ан Жун Гюний (1879-1910) дүрийг жүжигчин Хюн Бин бүтээсэн юм.
Ан Жун Гюн 1909 онд Харбиний төмөр замын өртөөнд Японы анхны ерөнхий сайд асан, тухайн үед Солонгост томилогдон ажиллаж байсан Ито Хиробүмийн амийг хөнөөх ажиллагааг зохион байгуулж байжээ.
Найруулагч У Мин Хо киноны зураг авалт ямар хүнд хэцүү байсан талаар дурссан байна.
Тухайлбал бүх журмын нөхдөө алдсан Ан ганцаараа Хятад, Умард Солонгосын хилийг заагладаг Түмэн голыг гаталсан үйл явдлын зургийг Монголын нутагт хөлдсөн нууран дээр Цельсийн -40 хэмийн хүйтэнд авчээ.
“Энэ бол миний сонсож, төсөөлж байснаас хол давсан бэрхшээл байлаа. Тэнд ганцаараа зураг авч, даарч зогсоход надад энэ бүхэн хаа хүрээд дуусах бол гэсэн айдас төрж байсан” гэж найруулагч ярьсан юм.
Тухайн үед хэт хүйтний улмаас дрон нисэж чадахгүй байсан тул хэдэн цаг хүлээсний дараа хэдхэн минутын зураг авах зэргээр нэг үйлдлээ олон удаа давтаж байсан гэнэ.
Жүжигчин Хюн Биний хувьд энэ зураг авалт бие махбодын төдийгүй сэтгэл санааны том сорилт байсныг ярьжээ.
Сүүлчийн зураг авалтын дараа “Мөрөн дээрээ үүрч байсан ачааг эцэст нь буулгах шиг санагдсан” гэж тэр хэлсэн юм.
Хюн Бин өмнө нь 2019-2020 онд гарсан “Crash Landing on You” цувралын дүрээрээ олон улсад алдаршиж байв. Тэрбээр уг цувралд хамтран тоглосон жүжигчин Сон Еэ Жинтэй 2022 онд гэрлэж, хүүтэй болсон юм.
Тэд цувралынхаа зураг авалтад оролцохоор бас Монгол улсад ирж байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!