Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Кимура Аяакогийн бичсэнтэй санал нийлэх хийгээд нийлэхгүй зүйлс

МОНСУДАР
2016 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Кимура Аяакогийн Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс  гэж бичсэнийг нэгэн хүн надад уншаач гэж санал болгохоор нь нийтлэгдсэн сайт руу нь орж уншлаа. Доор нь хоёрхон сэтгэгдэл байсныг олж харвал хоёулаа л Аяаког шууд хараасан байх юм, бусад уншигчид юу бодсоноо харин бичсэнгүй. 

Бид өөрийн гэсэн үзэл бодолтой байж л хүн гэгддэг, харамсалтай нь манайхны ихэнхийн хувьд тэр үзэл бодол нь чухам ямар болох нь мэдэгддэггүй. Нэг бол хараана эсвэл ерөөнө. Уг нь, монголчуудын тухай, ялангуяа гаднын хүний бичсэн үгийг сонирхож сонжихгүй байж боломгүй. Ойрд үзэгдээгүй, бидэнд ч санууштай олон зүйл энэ бичлэгт байсны дэргэдүүр чимээгүй өнгөрч, эсвэл ямар нь мэдэгдэхгүй ийм харалган байж (ер нь л тэгж ажиглагддаг) болмооргүй санагдана. Хараал, ерөөл хоёроос өөр үзэл бодол гэж бидэнд байж л таарна, түүнийгээ хүмүүс ярьж бичмээр юм. 

Миний хувьд, юуны түрүүнд монгол хүний эдүгээ цагийн дүр төрхийг хөндөж бичсэн ийм сэдвийг хүмүүс цааш үргэлжлүүлээсэй гэж хүснэ, тиймээс аргагүй байдал юм чинь гэж ямагт өөрсдийгөө тайвшруулж суух, ерөөсөө бидний итгэл үнэмшил, ядуу дорой байдалтайгаа эвлэрчхээд байгаа энэ цаг үеийн байдалд болон харийн хүн асуулт тавьсан энэ өгүүлэлд хандан би өөрийн үзэл бодлоо нэмэрлэхийг бодлоо.

Аяако, … Монголын сайд дарга нарыг малчдаас дор гэж бичсэнийг би, улс орноо зохистой, зөв чиг баримжаатай жолоодож явах ёстой сайд, дарга нар жирийн монгол хүнээс доогуур орсон, малчин ахуй амьдралаас боловсронгуй нийгэм журамд дэвшихэд тэд Монголоо Монголоор нь авч явахын оронд Монголоо алдаж золбирч зэрлэгшээд байгааг хэлсэн гэж зөвөөр ойлгосон байх. Тэдний энэ байдалтай бид бүхэн хэдий болтол эвлэрээд, зохицоод, тэднийг бүр дахин дахин сонгоод явах гэж, эсвэл хар амиа бодоод хэнд ч хал балгүй, чимээгүйхэн шиг байж байгаад үхээд өгцгөөе гэж үү? Арай ч үгүй л баймаар.

Хэзээний ижил дасал болж, бүр залхаж орхисон, тэртэй тэргүй хүн бүрийн мэдэж байгаа, дасал болсон асуудлууд гэж бидэнд харагдаж байгаа ч, ингэж л хэрэг болгож бид цааш дахин дахин хэлж, бичихгүй л юм бол өдөр тутмын дөнгө болсон бор хоногийн амь тээх арга ядарсан асуудлуудынхаа  хүрээнээс хальж чадахгүй явсаар хорвоог орхих болно гэсэн үг. 

Бодитой шүүмжлэл гадна дотно аль ч талаасаа бидэнд хэрэгтэй байгаа ч тэр нь нийгмийг  сайжруулахад дэм болж, олон нийтэд хүрч сонсогдохгүй байна, хүрлээ ч олон нийтийн зүгээс дэмжлэг авдаггүй, тэр байтугай манай нийгэм тэр чигтээ ийм ярианд бүр дөжирч, залхаж гүйцсэнийг дахин давтаж хэлмээр байна. Чухам ийм л үед эрх баригчдын зүгээс нийгэм, олон түмэнд өөдрөг сайхан зүйл ярьж, хуурч мэхлээд ард түмнийг муу муухай руу урвуулахад тун амархан болсон байдаг гэнэ. 

Тиймээс бид язгуур эрх ашгийнхаа төлөө үнэн үг хэлсэн хүнд аль ч талаараа муу юм санах хэрэггүй байх.  

Би, “Япон улстай харьцуулаад хэрэггүй байх аа” гэж Аяакогийн бичсэнтэй санал нийлж байгаа хэдий ч, түүний монгол хүнийг япон хүнтэй шууд харьцуулсан жишээнүүдтэй яагаад ч санал нийлэхгүй байна. Ийм өрөөсгөл харьцуулалт түүний өгүүлэл дотор хаа сайгүй байгаа учраас энд жаахан дэлгэрүүлье гэж бодлоо. Энэ дэлхийн бүх хүн бие бялдар, тархи толгойн өгөгдөхүүнээрээ бага сага ялгаатай ч, ерөнхийдөө  ойролцоо болох нь шинжлэх ухаанаар ч батлагдчихсан, наад зах нь тив дэлхийн хэмжээнд болдог спортын уралдаан тэмцээнүүдээс ч харагдаж л байдаг. Усанд сэлэлтийн хувьд одоо биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт байгалийн өгөгдлөөрөө бол монгол хүн дэлхийн аварга болохыг үгүйсгэх аргагүй. Япон хүнийг монгол үндэсний бөхөөр барилдуулаад байвал хэзээ нэгэн цагт даяар дурсагдах аварга болж ч мэднэ. Бололцоо нөхцөл нь бүрдвэл монгол хүн оюун ухаанаараа ямар ч шинжлэх ухааны шинэ нээлт, бүтээл хийх бүрэн боломжтой. 

Гэвч бид, бие биеэсээ хэл яриа, өнгөрсөн түүх соёлоор, хүмүүжил боловсролоороо яах аргагүй ялгагдаж байна. Тиймээс, япончууд энэ нутаг дэвсгэр дээр амьдарч ирсэн бол бидэн шиг л байх байсан, бид нар ч тэдний нутаг дэвсгэр дээр амьдарч байсан бол загас, цагаан будаа голдуу идээд бас л тэдэн шиг аж төрөх хэв маягтай хүмүүс байх байсан биз гэж надад бодогддог. Тиймээс ч газар нутаг, цаг агаар, уламжлал соёл, нийгмийн эрс тэс өөр нөхцөлтэй улс орнуудыг болон хүмүүсийг өөр хооронд нь шууд харьцуулж бичээд байх нь тийм зохистой биш гэж хэлэх гээд байна. Өнөөдөр ч гэсэн монгол, япон хүмүүс анх төрсөн цагаасаа л харьцуулшгүй ялгаа зөрүүтэй орчин нөхцөлд өсч бойжиж, боловсорч хүмүүжиж байгаа нь тухайн улс нийгмүүдийн эдийн засгийн болон бусад бололцоо нөхцлөөс, ялангуяа төр, улсынх нь явуулж буй төрийн бодлогоос хамааралтай болохоос, хувь хүний хүчин зүйлээс хамааралтай зүйл тун бага.
Монголчууд бид өөрсдийгөө ерөөж магтахаас өөрийг мэддэггүй, дэндүү бүдүүлэг зан араншинтай болсон гэх мэт олон зүйл дээр Аяакогийн бичсэнтэй санал нийлэхээс өөр яахав.  

Миний хувьд, Аяакотой санал нийлэхгүй бас нэг гол зүйл бол түүний “… олон жил би ийм хөгийн юмны төлөө зүтгэж явсан би ч …” гэсэнтэй нь. 

Аяако шиг монголчуудын танил болсон гаднын хүн ховор. Ямар ч хүнд олны танил болно гэдэг сайхан хэрэг, сайхан ч боломж.  Аяако нутаг нэгтнүүддээ хэр үнэлэгдэж танигдсаныг, ер нь Японд олны дунд нэр хүндтэй болох боломж ямаршуу байдгийг би сайн мэдэхгүй. Харин манайд бол, түүний бичсэнийг уншаад гашуун үнэн гэж бодох хүн цөөнгүй байгааг би сайн мэдэх учраас ингэж бичиж байна. Тиймээс монголч эрдэмтэн энэ эмэгтэйг цаашид ч шантралгүй улам хурц, улам сайн бичээсэй гэж хүсэж  байна. Тэгэхдээ жирийн монгол, япон хүмүүсийг биш, харин төр улсаа жолоодож яваа япон, монгол хүмүүсийг хооронд нь харьцуулж бичвэл жинхэнэ үр өгөөжтэй байх сан. 

Ямар ч л байсан Аяако бидэнд бодож санахаар олон зүйл бичсэн байсан. Түүнээс жишээ татаж, би бас энд өөрийн үзэл бодлоо нэмэрлэхэд: 

Хүнээс юм гуйна гэдэг ичмээр …

Нээрээ л тийм!  Тийм ч учраас улс орныхоо нэрийг барьсан эрх баригчид хийе бүтээе гэхийн оронд гаднаас мөнгө төгрөг гуйгаад явдаггүй, бэлэн мөнгө тарааж ард түмнээ гар харсан бэртэгчин амьдралд сургамааргүй байгаа юм. Бас нөгөө талаар, монголд тусламж дэмжлэг үзүүлэх нэрээр бизнес хийдэг гадаадын банк санхүүгийн байгууллагуудад улс орноо цөлмүүлж алдмааргүй байна. Энэ бүхний сүүдэр жирийн иргэд дээр  тусаж, бусдаас хараат байдал хүмүүсийг үргэлж гуйлга гуйхад хүргэдэг. 

Монголчуудтай харьцахаар л сэтгэл сэвтдэг …

Үүнийг уншаад би, Аяако энд лав малчин  хүнийг бичээгүй, сайныг биш мууг илүү хурдан сурч эзэмшдэг хүмүүсийг бодож бичсэн байх гэж бодлоо. 

Хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэхдээ …

Манай хуулинд шударга ёс шингэхээ байгаад 25 жил болж байна. Хууль гэхээр л үстэй толгой арзайх шиг. Шударга ёс алдагдсан хууль хэрэгжихээр, мэдээж хэрэг шударга ёс улам үгүйрч, хууль тогтоогчид л хагартлаа баяжаад байдгийг л бид харж байна. Эсвэл ийм хууль тогтоогчдоос , гаргаж буй хуулиндаа шударга ёс шингээж өгөөч гэж гуйх гэж үү?   

Монголчууд ном уншихгүй, унших ном ч байдаггүй …

Манай төр ард түмэндээ ном уншуулах сонирхолгүй. Яагаад гэвэл номын сангууд нь мөнгөөр гачигдаж, зохиолч, орчуулагчид нь орлогоороо амьдарч чаддаггүй. Ном уншихыг дэмждэггүй төрийн бодлоготой,  хамгийн өндөр номын татвартай улс болсон. 

Тус биш ус …

Японы төр, ирээдүйн япон хүнийг бэлтгэхдээ багаас нь хүн бүрт тусалж байхаар хүмүүжүүлэх бодлогыг чухалчилдаг байхад манай төрийнхөнд  нийгмийг хар амиа бодсон хүмүүсээр дүүргэж болохгүй гэсэн болгоомжлол ер байдаггүй. Тэгээд ч бид ”Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн ёс суртахуунаар хүмүүжсээр байна.

Бузар мөнгө …

Манайд мөнгийг бузар ариунаар нь ялгахаа больсон. Мөнгө л бол мөнгө,  ямар аргаар олсон нь падлийгүй. Жишээ нь, манайх улсаасаа баян банктай болсон тухай би өчигдөрхөн тв-ийн нэвтрүүлгээс олж харлаа. Энэ ариун явдал мөн үү? 

… эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй.

Монгол хүн сайхан сэтгэлтэй. Тэр сайхан сэтгэлийг элдвээр ашигладаг, хуурдаг явдлаас л хамаг юм болоод монгол хүн эвдрээд байгаа болохоос энд хувьсгалын чанартай зүйлийн хэрэг үгүй. Өдөр тутам хүмүүс хулхидуулчихгүй явах юм сан гэсээр байгаад бүр хачин болчихсон нь үнэн.  

Энэ мэтээр өдөр тутмын амьдралаа яаж аргалах тухай бодож байгаа хүмүүст иргэний өндөр ухамсар, хариуцлага чухал байж чадах уу? Энэ бүхнийг ойлгож байгаа сэхээтнүүд, жирийн иргэд манайд олон байгаа, гэхдээ тэднийг хөгжүүлэх биш, харин хөдөлгөхгүй байх, бэртэгчний амьдрал руу түлхэх арга зам л нээлттэй байгаа учраас өнөөдөр нийтээрээ ийм болчхоод байна. Гадны байтугай өөрийн иргэн би ч гэсэн уур хүрч бухимдах тохиолдол зөндөө гардаг. Яагаад ийм хүлцэнгүй бүдүүлэг байдаг юм бол, яагаад өөрсдийнх нь амьдарч байгаа нутаг усыг бохирдуулаад байгаа хүнийг зэмлэхийн оронд өөрсдөө хүртэл архиныхаа шилийг хаа сайгүй хаяад байдаг юм бэ гэж хөдөөгийн хүмүүст би хэлдэг. Гэхдээ би хэзээ ч тэр хүмүүсийг жигшдэггүй, яагаад гэвэл угтаа тэр хүмүүсийн буруу биш гэдгийг би ойлгодог …

Р.Энхбат