УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт 56.6 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар эхлээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өмнө нь Баасан гарагт хэлэлцэж байсан юм.
Уг хуулийн төсөлд соёлын биет өвийг сэргээн засварлах улсын төсөвт байгууллага байгуулах эрх зүйн үндсийг бий болгох, соёлын хосгүй үнэт өвийн эх хувий хилээр гаргахыг хориглож зөвхөн хуулбарыг гаргах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эл зүйлс үйлдвэрлэж борлуулах, үнэт эдлэлийн нээлттэй худалдаа зохион байгуулах, хувийн музей байгуулах эрх олгодог болох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Ингээд гишүүд санал бодлоо хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн 43 гишүүний 38 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУБХ-нд шилжүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!