Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн зах зээлийн "барометр" эерэг байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 8 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголын хөрөнгийн биржийн индекс сэргэж эхлэв. Энэ cap гарсаар уг үзүүлэлт тогтвортой өссөн хэвээр. Сүүлийн хоёр cap дараалан биржийн индекс хэлбэлзсэн ч уг зах зээлд чамааргүй өсөлт ажиглагдах болсон.

Тэр тусмаа эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд индекс тогтвортой байх нь хамгийн чухал гэж үздэг. Оны эхний хагаст огцом уруудаад байсан индекс хоёрдугаар хагаст ялимгүй өсөлттэй гарсан. Энэ нь эерэг үзэгдэл болж байгааг зах зээлийн оролцогчид онцолж байна.

Дээрх өөрчлөлт нь зах зээлийн төлөвт таатай нөлөө үзүүлэхэд чухал ач холбогдолтойг зарим эдийн засагч тэмдэглэж байгаа юм. Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын бондын арилжааг зохион байгуулах болсон нь урьдын өндөр өсөлтийн голлох хөшүүрэг байв. Гэхдээ уг арилжааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас зогсоосон.

Ингэснээр биржийн арилжааны үзүүлэлт эргээд саарахад хүргэсэн гэдгийг Хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор үнэт цааны зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын идэвх ч саарсан талтай.

Монголын хөрөнгийн биржид 1.3 орчим их наяд төгрөгийн хувьцаа бүртгэлтэй байдаг.

Нөгөө талаас эдийн засаг агших болсон нь дээрх байдалд нөлөөлсөн нь дамжиггүй. Индекс өндөр гарсан саруудад үнэт цаасны арилжааны 86.6 хувийг Засгийн газрын бондын арилжаа эзэлж байлаа. Засгийн газрын бондын арилжаа зогссон ч Хөрөнгийн биржид бүртгэлтэй дотоодын зарим хувьцаат компаниуд нэмэлт хувьцаа гаргаж, хувьцаагаа задалсан нь индекс сэргэж, улмаар зах зээлийн нөхцөл байдалд бодитой дэмжлэг болжээ.

АПУ, “Сүү” хувьцаат компани хувьцаагаа хувааж, хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд өртсөн хэвээр. Тухайлбал, АПУ компани 742 сая ширхэг хувьцаатай бөгөөд нэг ширхэг нь ойролцоогоор Монголын хөрөнгийн биржээр 420 төгрөгөөр арилжигдаж байгаа юм.

Зах зээлийн үнэлгээгээ нь 300 хүргэхээр зорьж буй тус компанийн үнэлгээ одоогоор 140-150 сая ам.доллар. Үнэт цаасны зах зээлд өнгөрсөн сард 6700 иргэн шинээр данс нээлгэсэн гэх статистик бий. Энэ нь зах зээл сонирхол татсан хэвээр байгааг тодотгоно.

Хөрөнгийн биржийн индекс уналтаас өсөлт рүү шилжиж байгаа нь уг зах зээлийг сонирхох хөрөнгө оруулагчдад хамгийн таатай мэдээ. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчдад ашиг тустай байгаад зогсохгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч багагүй өгөөжтэй байх нь мэдээж.

Монголын хөрөнгийн биржид 1.3 орчим их наяд төгрөгийн хувьцаа бүртгэлтэй байдаг. Эдгээр нь үнэт цаасны биржийн индекс өдөр тутам харилцан адилгүй хэлбэлзэх ч өмнөх саруудтай харьцуулахад энэ сард хэвийн өсөлттэй түвшинд хадгалагдаж байгаа юм. Хэдийгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрс буурсан ч өсөлтийн “буухиа” үргэлжилсээр.

Биржийн индекс энэ оны долоодугаар сарын 24-нд 894.94 нэгж болж өссөн. Энэ нь он гарсаар хамгийн өндөр үзүүлэлт юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагийн байдлаар 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Уг үнэлгээнд хоёрдугаар хагаст томоохон өөрчлөлт ороогүй ч ялимгүй өсөлттэйг арилжааны график илтгэжээ.

Үнэт цаасны зах зээл, хувьцааны тухай сонирхон судалж байгаа хүн бүр индекс, топ индекс гэсэн нэр томъёотой тааралддаг. Индекс нь зах зээлийн өсөлт бууралт, ерөнхий чиг хандлагыг харуулдаг чухал үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, зах зээлийн “барометр” юм. Индекс гэдэг нь тухайн бирж дээр арилжиж байгаа үнэт цааснаас багц бүрдүүлж, сагсаа тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлснийг хэлдэг.

Мөн зах зээлийн үнэлгээ гэсэн ойлголт бий. Энэ нь тухайн улсын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг харуулдаг. Монголын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани тус бүрийн зах зээлийн үнэлгээний нийлбэртэй тэнцүү. Харин компани тус бүрийн зах зээлийн үнэлгээг тооцохдоо тухайн компанийн гаргасан хувьцааны тоо ширхгийг тухайн өдрийн хаалтын ханшаар үржүүлэн гаргадаг.

Монголын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани тус бүрийн зах зээлийн үнэлгээний нийлбэртэй тэнцүү. 

Сүүлийн гурван жилийн арилжааны дүнгээр хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа өссөн үзүүлэлттэй байгааг дуулгая. “Багануур” компанийн хувьд нэмэлт хувьцаа гаргаж, улмаар 26.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр үнэт цаасаа олон нийтэд санал болгосон. Тус компанийн хувцааг худалдан авах хөрөнгө оруулагчдын захиалга дууссан.

Төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах болсон. Энэ нь үнэт цаасны зах зээлд шинэ хүлээлт үүсгэжээ. Биржийн арилжаа мөнгөн дүнгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч мөн чанарын хувьд томоохон эргэлт гаргаад байна. Хөрөнгийн биржийн индекс Пүрэв гарагт 854.94 нэгж болж 0.16 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1.43 тэрбум төгрөгт хэвээр хадгалагджээ. Энэ өдөр биржийн индекс ялимгүй буурсан ч урьдын түвшинд байв. 

 

 

 

 

 

Зураг