Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдрэл хордуулагч ХАЧИГТ ХАЛДВАР

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 14
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Нэгэн геологич залуу хачигт хазуулаад, өрөөсөн гар нь мэдээгүй болсон тухайгаа ярилаа. Ийн хачигт халдвараас болж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.

Манай улсад хачигт халдварын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.

Монголд одоогоор ойн болон бэлчээрийн, говь цөлд оршдог хачиг зэрэг гурван төрөл бүртгэгдээд байна. 

Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Монголд одоогоор ойн болон бэлчээрийн, говь цөлд оршдог хачиг зэрэг гурван төрөл бүртгэгдээд байна. Мал амьтан хачигт хазуулсан тохиолдолд элдэв төрлийн халдварт өвчний нянгаар өвчлөх эрсдэлтэй байдаг талаар малын эмч нар ярьж байлаа.

Хачигт халдварын оргил үе нь дөрөв, тав, зургаадугаар cap байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж эрхтэн системийг гэмтээхээс гадна үхэлд хүргэж болзошгүй байдаг аж. Иймд хачигт хазуулсан бол сум, өрх дүүргийнхээ эмчид хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөдөг.

Сүүлийн үед хачигт халдвараас сэргийлэх вакциныг эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хийж эхлээд байна. Хачигт халдварын вакциныг гурав, долоо, есдүгээр саруудад хийлгэж байж халдвараас бүрэн хамгаалагдана. Харин вакцин дутуу хийлгэсэн тохиолдолд хачигт халдвараар өвчилдөг.

Хачигт халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга вакцин гэдгийг эмч нар хэлж байна. Гэхдээ олон нийтэд хандсан зөвлөгөө, зөвлөмж төдийлөн хангалттай биш байгаа. Олон нийт хачигт халдварын талаар хангалттай мэдлэг, мэдээлэл алга. Үүнээс болоод хачигт халдварт өртөх тохиолдол элбэг байна. 

Малчид л гэхэд ямар ч мэдээлэлгүй сууна. Малаа хачигт бариулсан тохиолдолд өөрсдөө гараараа түүгээд хаячхаж байгаа юм. Иймд хачигт халдвараас сэргийлэх нийгмийн сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Нөгөөтэйгөөр хачигт халдвараас сэргийлэх вакцины талаар иргэд мэддэггүй. 

Энэ нь урьдчилан сэргийлэх талын мэдээлэл дутмаг байгааг харуулж буй. Манай орны Сэлэнгэ, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Архангай зэрэг аймагт хачигт халдварын тохиол хамгийн их илэрсэн байдаг.

Мөн говийн бүс, баруун аймгууд болон нуур ус, гол мөрөнтэй газрууд байгалийн дамжуулагчийн идэвхжилттэй газар нутаг гэсэн ангилалд багтжээ.

Иргэд хачигт хазуулсныхаа дараа вакцин хийлгэх санал гаргадаг нь хамгийн буруу юм байна. 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс гаргасан мэдээллээр хачигт халдварын тохиолдол буурахгүй байгаа аж.

Тухайлбал, 2016 он гарсаар Архангай, Баянхонгор, Булган зэрэг 17 аймгийн 84 сум, Улаанбаатар хотын найман дүүрэгт хачигт халдварын 400 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иргэд хачигт хазуулсныхаа дараа вакцин хийлгэх санал гаргадаг нь хамгийн буруу юм байна. Өвчлөхөөсөө өмнө эхлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойг мартаж болохгүй.

Манай улсад хачигт халдварын тохиолдол нэмэгдсэн хэдий ч үүний улмаас хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирч саажилттай болсныг хараахан тогтоогоогүй байна.

Хойд хөрш ОХУ-д ч хачигт халдварын тохиолдол өндөр байгаа аж. Сүүлийн жилүүдэд хот суурин газрын иргэд өвчилдөг болсон талаар судлаач эрдэмтэд нь хэлж байлаа. Иймээс тус улсын эрдэмтэд хачигт халдвараас сэргийлэх хоёр төрлийн шинэ вакцин гаргажээ. Оросын эрүүл мэндийн байгууллага хачигт халдварын вакциныг заавал хийлгэхийг иргэддээ санал болгодог байна.

Мөн урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход ихээхэн анхаарал хандуулдаг аж. Ингэж анхаарал хандуулж, вакцинжуулсны ачаар хачигт халдвараас болж төв мэдрэлийн саажилттай болох үзэгдэл сүүлийн үед гараагүй гэж судлаач Г.А.Данчинова ярьж байв. Тэрбээр “Хачигт халдвар Монгол Улсад тулгамдсан асуудал болсон” гэдгийг ч онцолж байсан.

Зураг