Өмнөд Солонгосын алдартай хөл бөмбөгчдийн нэг Хван Үй Жо эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж байхдаа нууцаар дүрс бичлэг үйлдсэн хэрэгтээ өчигдөр шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял сонссон байна.
Одоо 32 настай тэрбээр Премьер лигийн Норвич Сити, Ноттинхэм Форест клубүүдэд тоглож байсан бөгөөд одоо Туркийн Аланяспор клубт тоглодог. Тэр бас Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн гишүүн байснаа 2024 онд энэ хэргийн улмаас хасагдаж байжээ.
Сөүлийн шүүхийн дүгнэлтэд “Хууль бус дүрс бичлэг үйлдэхийн нийгэмд үзүүлэх хор уршгийг харгалзан үзээд түүнийг хатуу шийтгэх ёстой байсан” ч Хван гэм буруугаа хүлээсэн, дүрс бичлэгийг гуравдагч этгээд олон нийтийн сүлжээнд тараасан зэрэг үндэслэлээр ялыг хөнгөрүүлсэн тухай тайлбарласан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүх хурал эхлэхэд Хван олон нийтийн сэтгэлийг гонсойлгосон зүйл хийсэндээ гүн харамсал илэрхийлж байжээ.
Анх зургаадугаар сард түүний бэр эгч сүрдүүлэх зорилгоор дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тараасан юм.
Үүний хариуд Хван бэр эгчийнхээ эсрэг шүүхэд гомдол гаргаж байжээ.
Есдүгээр сард уг гомдлын дагуу шүүх хурал болж, бичлэгийг тараасан эмэгтэй гурван жилийн хорих ял сонссон юм.
Гэвч энэ хэргийн улмаас Хван 2022 онд хоёр өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохдоо нийт дөрвөн удаа нууцаар бичлэг үйлдсэн нь ил болж, прокурорууд шинээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эцэст нь түүний нэг эмэгтэйтэй холбоотой бичлэгийг хэрэгсэхгүй болгож, нөгөө эмэгтэйтэй холбоотой бичлэгт нь ял оноосон байна.
Эмэгтэйчүүдийн дүрс бичлэгийг нууц камераар зөвшөөрөлгүй үйлдэх гэмт хэрэг өнөөдөр Өмнөд Солонгосын нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд олон мянган хүн ийм гэмт хэрэг үйлдээд баригдаж байсан бөгөөд эмэгтэйчүүд ийм гэмт хэргийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг эрх баригчдадаа уриалж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!