АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мексикийн хар тамхины картелуудыг “террорист байгууллага” ангилалд албан ёсоор оруулах гэж байгаа тухай мэдээ саяхан хэвлэлд нийтлэгдсэн юм.
Трамп улс оронд нь хууль бус хар тамхи нэвтрүүлдэг картелуудын үйл ажиллагааг хязгаарлаж чадахгүй байгаа өмнөд хөршөө байнга шүүмжилдэг.
Харин Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өчигдөр болсон ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр буцаагаад АНУ-ыг тус улсад галт зэвсэг хууль бус арга замаар нэвтрүүлдэг хэмээн буруутгажээ.
“Хэрвээ эдгээр гэмт хэргийн бүлэглэлүүдийг террорист гэж зарлавал бид АНУ-ын эсрэг заргаа өргөжүүлэн сэргээх болно” гэж Шэйнбаум мэдэгдсэн юм.
Ингэхдээ террорист бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй хэд хэдэн галт зэвсэг үйлдвэрлэгчийг шүүгдэгчээр нэмж татах төлөвлөгөөтэй байгааг тэр анхааруулжээ.
Мексикийн гэмт хэрэгтнүүдийн хэрэглэж буй зэвсгийн 74 хувь хойд хилээр нь орж ирдгийг АНУ-ын хууль зүйн яам өөрөө хүлээн зөвшөөрснийг Шэйнбаум энэ үеэр хэлсэн байна.
Пүрэв гарагт Нью-Йорк Таймс сонин АНУ-ын төрийн департамент Мексик, Колумб, Сальвадор, Венесуэлийн гэмт хэргийн бүлэглэлүүдийг “террорист байгууллага” ангилалд оруулахаар төлөвлөж буй тухай мэдээлсэн юм.
Эдгээрт Мексикийн хоёр том бүлэглэл болох Халискогийн Шинэ Үеийнхэн болон Синалоа картел батгах талаар мэдээнд дурджээ.
Ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа дээрх үйл явцыг эхлүүлэх захирамж гаргасан бөгөөд энэ үеэрээ картелууд “уламжлалт зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэхээс илүүтэй үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсон” гэж хэлж байв.
Мексикийн эрх баригчдын баталж байгаагаар жил бүр АНУ-д үйлдвэрлэсэн 200,000-750,000 галт зэвсэг хууль бус арга замаар тус улсад нэвтэрдэг гэнэ.
Мексикийн засгийн газар тус улсад үйлдэгдэж буй аллагуудад Америкийн зургаан галт зэвсэг үйлдвэрлэгчдийг буруутгаж, $10 тэрбумыг нэхэмжилснийг АНУ-ын шүүх өнгөрсөн оны наймдугаар сард хэрэгсэхгүй болгож байжээ. Шэйнбаум сая мэдэгдэхдээ энэхүү заргийг дахин үүсгэхдээ хамрах хүрээг өргөжүүлэх тухай ярьсан юм.
Мексик улс дотооддоо галт зэвсгийн худалдааг хатуу хориглодог боловч аллага хүчирхийлэл тасралтгүй гардаг.
2006 онд тус улсын засгийн газар картелуудын эсрэг зэвсэгт хүчнийг ашиглаж эхэлснээс хойш 480,000 орчим хүний амь үрэгдээд байгаа.
Энэ сарын эхээр Трампын засаг захиргаа Мексикийн засгийн газрыг картелуудтай хамтран ажилладаг хэмээн шүүмжилж байв.
Тухайн үед Шэйнбаум “Мексикийн засгийн газрыг гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтарч ажилладаг гэсэн Цагаан ордны гүтгэлгийг бид эрс няцааж байна. Хэрвээ ийм төрлийн хэлхээ холбоо хаа нэгтээ байдаг бол тэр нь гэмт хэрэгтнүүдэд хүчтэй буу зардаг АНУ-ын галт зэвсгийн дэлгүүрүүдэд л байгаа байх” гэж мэдэгдэж байжээ.
Трамп өөрийн хоёр хөршийн бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар оноох шийдвэр гаргасан нь АНУ, Мексик, Канад улсуудын харилцааг муутгаад байна.
Одоогоор Цагаан ордон дээрх татварын хэрэгжилтийг 30 хоногоор хойшлуулаад байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!