Томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр дархлаагаа дэмжих болон бага насны хүүхдийг үнсэхгүй байх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ "Улирал хоорондын завсар хүний дархлаа сулардаг. Ялангуяа хаврын улиралд дархлаагаа дэмжих алхам чухал.
Мөн ханиад томуугийн энэ үед бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөе. Амьсгалын замын халдвараас гадна хомхой долоох зэргээс эхлээд олон эрсдэл бий.
Дээр үеэс ахмадууд айлын хүүхдийн хөл дээр нь л үнсэж бай гэж захидаг байсан. Энэ нь цаанаа утга учиртай. Энгийн мэт боловч олон өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аргуудыг амьдрал ахуйдаа хэвшил болгоорой" гэлээ.
Түүнчлэн дэлхий нийтэд сармагчны цэцэг өвчний дэгдэлт эрчимтэй байгаа тул гадаад орныг зорьж буй иргэд анхаарахыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!